M.Энхжаргал: “Ийм зүйл хийхээсээ ичдэггүй юм уу” гэсэн тэр хүмүүст хэлэхэд…

-Сайн байна уу өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Намайг Мөнхзулын Энхжаргал гэдэг. Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний хоёрдугаар курсийн оюутан. Одоо 20 настай. Дорноговь аймгийн харьяат. Дорноговь аймагт ер нь арван жилээ дүүргэсэн.

-Саяхан болсон жагсаалын үеэр өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр талбай дээр очсон байсан шүү дээ. Жагсаалд оролцох болсон зорилго юу байсан бэ?

Зорилго бол юмны үнэ маш их нэмэгдэж байгаатай холбоотой. Иймд төр засгаас ажлаа хий гэх шаардлагыг хүргэж, өөрийн дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэн. Би хүүхдийн жүжигт есөн хоног тоглосон юм.

Жүжгээ дуусгаад байж байтал манай эгч талбай дээр очиж жагсах уу гэхээр нь зөвшөөрөөд очсон. Тухайн үед нүүр нь дээрээ “Ажлаа хий” гээд биччихсэн байсан ч хүмүүс аймар аймар хараад. Нэг эгч бүр “ийм зүйл хийхээсээ ичдэггүй юм уу” гэж байсан. Надад ичээд байх зүйл байхгүй. Инээгээд л зөрсөн.

-Чиний өхөөрдөм үйлдэл гаргасан бичлэг цахим сүлжээнд хандалтаа аваад байна. Бичлэг анх цацагдахад юу бодогдож байв?

Тэр бичлэгийн хувьд би ганц өдөр л жагсаалд очсон. Тэгээд зөндөө орилсон л доо. “Ажлаа хий”, “Гараад ир” гээд. Гэтэл яг “Оюутнууд бид өлсөж байна” гэдэг хэсэг нь камерт бичигдчихсэн байсан.

Яг тэрийг орилоод харсан чинь өөдөөс утсаа барьсан хүн байхаар нь ичээд гаргасан үйлдэл юм л даа. Талбайгаас яг гэрийн гадаа ирж байсан чинь манай найз надад “чиний бичлэг цацагдчихсан байна шд” гэж хэлэхээр нь өөрөө орж харсан. Би яг дүрээрээ мөн байна лээ.

Жагсаалд оролцсон болон дэмжсэн хүмүүстээ зориулаад үг хэлэхгүй юу?

Би хүмүүсийг инээлгэх дуртай байхгүй юу Хүмүүсийг аз жаргалтай байлгах аймар дуртай. Намайг дэмжиж өхөөрдөөд аймар эерэгээр хүлээж авч байгаа хүмүүстээ маш их баярлалаа.

Та нар гоё шүү гэж хэлмээр байна. Мөн жагсаалд оролцсон залуучуудаараа маш их бахархаж байна. Зөв зүйлийн төлөө хийсэн үйлдлээсээ хэзээ ч битгий ичээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *