Жүжигчин Ж.Оюундарь: Залуучууд гаднын улсыг олноор зорьж байгаа нь ядyyгийн зoвлoн байхгүй юу.

Тайз, дэлгэцийн урлагт удам залгасан авьяаслаг, уран бүтээлч гэр бүл олон байдаг билээ. Тэдний нэгэн гэр бүл болох Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийг урьж, ярилцлаа.

Түүнийг Монголын ард түмэн Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин, урлагийн аль ч тайзнаа хувьсан өөрчлөгдөх авьяас чадвартай, өөрийн өнгө донжийг тайз, дэлгэцийн уран бүтээлд мөнхөлж яваа чадварлаг уран бүтээлч гэдгээр нь хүндэтгэн хайрладаг.

Урлагийн үе, үеийн ноён оргилууд УДЭТ-т “өдөлсөн” байдаг. Театр бол ариун сүм гэгддэг. Ийм л ариун сүмийн үүдэнд, тэнд “өдөлсөн” уран бүтээлчтэйгээ уулзлаа. Ингээд би гавьяат жүжигчин Ж.Оюундарийн гэгээн ертөнц рүү таныг хөтлөхөөр ярилцлагаа эхлүүллээ.

-Сайхан хаваржиж байна уу. Таны сүүлийн үеийн уран бүтээлийн тухай сонин сайхнаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Монголчууд бид хоёр жил дамнасан цар тахлыг зарим талаар тун давгүй даван тууллаа.

Манай хамт олон энэ хугацаанд үзэгчдэдээ Л.Толстойн зохиол “Анна каренина” жүжгээ чадан ядан толилууллаа. Миний хувьд одоо хүүхдийн жүжгийн дүр дээр ажиллаж байна. Үүнээс гадна орон нутгаар аялах тоглолтын бэлтгэлээ базааж байна даа. Мөн дэлгэцийн дөрвөн уран бүтээлийн дүр дээр тоглосон доо.

-“Анна каренина” жүжгийн тухайд бас бүтээсэн дүрээрээ юу илэрхийлэхийг зорьсон тухайгаа ярьж өгөөч?

Л.Толстойн “Анна каренина” үнэхээр гайхалтай роман, гайхалтай зохиол. Уншсан хүн бүр гайхамшгийг нь мэднэ. Би энэхүү жүжигт Щербацкая хатагтайн дүрд тоглосон. Щербацкая бол бодит хүн. Энэ дүр зохиол дээр хоёр охин, ганц хүүтэй эхээр гардаг.

Нийгмийн төлөөлөл болсон язгууртан эмэгтэйчүүдийн амьдралыг үзүүлсэн дүр л дээ. Ер нь бол нийгэм нь өөрчлөгдсөн ч амьдралын явц өөрчлөгддөггүйг илэрхийлэхийг зорьсон.

Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүний мөн чанарыг харуулсан хатагтайн дүрд би тоглосон. Эмэгтэй хүн гэж хэн юм бэ, юу хүсэж мөрөөддөг юм, зорьсон зүйлдээ хүрэхийн тулд яадаг вэ гэдэг талаас нь дүрээ харуулахыг, таниулахыг хичээсэн.

Щербацкая хатагтайн нөхөр Щербацкий Ванд Ардын жүжигчин П.Цэрэндагва ах гайхалтай сайхан тоглосон. Энэхүү жүжгийг найруулагч Н.Наранбаатар үнэхээр сайн найруулсан гэж уран бүтээлч хүнийхээ хувьд ам бардам хэлнэ.

-Та бол тайз, дэлгэцийн уран бүтээлийн алинд ч түүртэх юмгүй дүр бүтээж чаддаг хүн шүү дээ. Тэгэхээр тайз, дэлгэцийн уран бүтээлд тоглоход гардаг ялгааны тухайд?

Орон зайн хувьд тайзны жүжиг бол 22 дугаар эгнээнд сууж байгаа үзэгчид үгээ, үйлдлээ хүргэх, дэлгэц бол нэг метрийн зайд байгаа хүнд хүрдгээрээ ялгаатай. Харин тоглолтын хувьд онцын ялгаа байдаггүй. Тайзан дээр хөдөлгөөн нэмэгддэг ч дотоод сэтгэхүйн мөн чанарууд яг л адилхан.

Тайзан дээр нэг өөр, дэлгэцийн бүтээлд өөрөөр жүжиглэнэ, дүр бүтээнэ, сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ, дүрийнхээ мөн чанарыг гаргана гэж байхгүй. Үзэх хэлбэр нь өөр ч ур чадвар, халуун амь нь нэг л гэж хэлнэ.

-Тайзны урлагаар дамжуулж нийгэмд юу хүргэж болох вэ гэж асуух гээд байгаа юм л даа?

Тайзаар дамжуулж, урлагийн хүн юу хэлж, илэрхийлэх вэ гэдэг чухал л даа. Ер нь бол нийгмийн болох, болохгүй зүйлсийн нэг хэсгийг “таслан” авч тайзан дээр жүжиг болгон тавьдаг. Тиймээс өөрийгөө тайзан дээрээс харж болдог гэж болно. Мөн тайзан дээр амьд харилцаа бий болдог.

Яагаад гэхээр инээж, уйлах, баярлах, гомдоход хамтдаа байдаг учраас үзэгч, жүжигчид нэг нэгнээ мэдэрдэг. Энэ нь тайзны урлагийн гол онцлог шүү дээ.

-Тайзан дээрээс үзэгчдээ харах танд ямар мэдрэмж өгдөг вэ?

Уран бүтээлч хүний хувьд танхим дүүрэн үзэгчтэй байхыг харах сайхан байдаг. Үзэгчдэдээ л үзүүлэх гэж хөдөлмөрлөж байгаа учраас танхим дүүрэн үзэгчээ харах хамгийн сайхан мэдрэмж байдаг. 200 гаруй хүн хамтарч хийсэн уран бүтээлийг 20-30-хан хүн үзэх гээд ирсэн байвал харамсалтай шүү дээ. Уран бүтээлээрээ хэлэх гэсэн санаагаа танхим дүүрэн үзэгчид илэрхийлбэл илүү үр дүнтэй.

Мөн үзэгчдийн алга ташилт үнэхээр гайхалтай, сайхан мэдрэмж. Уран бүтээлчдийн бүтээлд урам, талархал өгч байгаа гол зүйл бол нирхийсэн алга ташилт шүү дээ. Мөн алга ташилтаар өөрийнх нь үг, дүр бусдад хүрч чадав уу, үгүй юү гэдгийг мэдэж болно.

Алга ташилтаас гадна өөр нэг сайхан зүйл нь үзэгчид тоглолтын дараа жүжигчид, уран бүтээлчидтэй уулзахыг хүсдэг, ярилцах дуртай болсон байна. Энэ нь үнэхээр сайхан соёл бас урам юм даа.

-Жүжигчин болсон түүхээсээ бидэнд сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?

Миний цусанд уран бүтээлч хүний эд эс байгаа болохоор ч тэр юм уу, бага байхаасаа уран бүтээлчдийн дунд өссөн болохоор тэгдэг юм уу жүжигчин болоход орчин их нөлөөлсөн л дөө. Багадаа хүн их дууриадаг, шүлэг уншдаг, шог байдлаар зарим зүйлийг үзүүлдэг, ярьдаг хүүхэд байсан. Манай гэрийнхэн миний тэ бүрийг инээгээд л үздэг байлаа.

Энэ бүхэн нөлөөлснөөс гадна театрт ойр өссөн болохоор ч тэр үү жүжигчин болно гэж л боддог болчихсон байсан. Би бүжигчин болно гээд дугуйланд хүртэл явж байлаа. Гэхдээ жүжигчин болсон. Мэдээж зүтгэж, хөдөлмөрлөж байж жүжигчин болсон доо.

Алга ташилтаас гадна өөр нэг сайхан зүйл нь үзэгчид тоглолтын дараа жүжигчид, уран бүтээлчидтэй уулзахыг хүсдэг, ярилцах дуртай болсон байна. Энэ нь үнэхээр сайхан соёл бас урам юм даа.

Үүнээс гадна дүр бүтээх, дүрд тоглох нь хоорондоо ялгаатай. Би бүтээж байгаа дүрээ мэдрэхийг хичээдэг. Мэдэрч байж сайн дүр бүтээнэ гэж итгэдэг. Ахмад уран бүтээлчид “200 гаруй уран бүтээлд оролцлоо. Үүнээс гарын таван хуруунд багтах дүр бүтээсэн” гэж ярьдаг л даа.

Тийм ч байх магадлалтай юм. Тиймээс дүрээ мэдэрч гаргах, тоглох гэдэг хамгийн чухал санагддаг. Өөрөөр хэлбэл, би сайн дүр бүтээхийн эрэлд бүх амьдралаа зориуллаа. Хэчнээн нь дүр болсныг одоогоор хэлж мэдэхгүй байна” гэв.

-Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхэд авьяас чухал гэж ярьдаг. Гэтэл зарим нь хөдөлмөрөөр сайн уран бүтээл төрж болно гэж ярих юм. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Миний бодлоор тодорхой хэмжээний өгөгдөлтэй байж л уран бүтээл туурвина гэж боддог. Өгөгдлөө сайн арчилж, ургуулж, тордож байж нэлээд сайн бүтээл хийнэ. Тэгснээрээ сайн уран бүтээлч болно. Төрөлхийн мундаг авьяастай хүмүүс байдаг л даа. Харин арчилдаггүй авьяас зэвэрч, үxдэг. Нэг үгээр бол тордоогүй авьяас үxдэг.

Ихэнх хувь нь хөдөлмөр гэж яриад байдгийн учир үүнтэй холбоотой. Ямар ч ажил, мэргэжил хүнээс хөдөлмөр шаарддаг шүү дээ. Тиймээс хөдөлмөрлөж байж л үр дүн гарна. Тэгэхээр зөвхөн жүжигчин ч гэлтгүй бүгд хөдөлмөрлөх л хэрэгтэй.

-Тайзны уран бүтээлийн сайхан болон хүндрэлтэй талуудаас хуваалцаж болох уу?

Бололгүй яах вэ. Хүндрэл, бэрхшээлтэй зүйл олон л гарна. Гэхдээ сайн сайхан нь бүүр олон байдаг. Сайн уран бүтээл хийж чадах юм бол хайр, хүндэтгэл алхам тутамд л ирнэ. Тэр Хайрыг хүн ухаанаараа л мэдэрч, эдлэх ёстой гэж боддог.

-Тайзны уран бүтээлч болохоор бэлтгэгдэж байгаа залууст юу зөвлөмөөр байдаг вэ?

Мэдээж мэргэжлийн багш нар хичээл орж байгаа учраас аргачлалыг нь заачихсан байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх вэ гэвэл “Хөдөлмөрлө, бидний мэргэжил бол ямар нэгэн хүний дүрд “орж” байдаг хариуцлагатай ажил учраас дахин, дахин хөдөлмөрлө, хайрла, зүтгэ” гэж хэлмээр байна.

Үүнээс гадна хөнгөхөн зүйл хийгээд од болох хүсэлтэй залуус байдаг л даа. Тийм хүмүүс унахдаа амархан. Тэгэхээр энэ урлагийнхаа ид шидийг мэдрэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Ялангуяа жүжигчин хүн үгэндээ их анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр бид нийгмийн үлгэр дууриалал нь байдаг.

Тийм ч болохоор бидний үг, үйлдлийг хүүхдүүд их дууриадаг шүү дээ. Тиймээс юу ярих вэ гэдгээ сайн бодох ёстой. Хувь хүн нь хэн байх нь хамаагүй. Жүжигчин хэмээх эрхэм нэрийг зүүсэн л бол заавал хэрэгжүүлэх, үүрэх хариуцлагын нэг нь энэ.

Тэр дундаа гудамжны хэллэгүүдээс зайлсхийх, бүр огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Улсын хөгжилтэй холбоотой учраас жүжигчид үүнийг анхаарах цаг нь болсон. Бас нэг юм нь хүн болгон ажилдаа эзэн болох хэрэгтэй байна. Нийгэмд хариуцлага гэдэг зүйл нэгэнт алдагджээ.

-Ярианаас тань сонсоход та өнөөгийн нийгэмд нэлээд эмзэглэж, шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой?

Бүхий л нэр төрлийн барааны үнэ өндөр, цалин бага байна. Тиймээс амьдрал нь хэцүү байгаа хүн олон байна шүү дээ. Гэхдээ “Бүх юм сайхан болох байх” гэж итгэж, найдаж байна. Эх орноо, газар шороогоо бүрэн бүтэн авч үлдээд үр хүүхдүүддээ өвлүүлэх юм сан гэж эрхгүй бодогддог боллоо. Ер нь манай урлагийнхан их эх оронч үзэлтэй.

Тийм ч учраас энэ тал руу бүтээл туурвиж, зүрх сэтгэл нь илүүтэй шаналж явдаг. Эх оронд минь хайрламаар зүйл олон байна. Гэтэл үүнийг халширмаар болгочихсон байгаа нь харамсалтай юм. Залуучууд гаднын улсыг олноор зорьж байгаа нь ядyyгийн зoвлoн байхгүй юу.

Эх орон нь баян, ажил орлоготой байсан бол залуучууд харь газар, хүний нутагт яалаа гэж бooл болох юм бэ. Хөөрхий минь, хэдэн төгрөг цуглуулж ар гэрээ тэжээхийн тулд л явж байна шүү дээ. Залуу насныхаа хамаг эрч хүчийг хүний нутагт алдаж байна. Ажиллаж, ажиллаж ирээд олсон, хураасан мөнгөө биеэ эмчлүүлэхэд зарцуулаад дуусч байгааг нь сонсох, мэдэх үнэхээр харамсмаар. Энэ бол эх орон ядуу байгаагийн шинж л дээ.

-Уран бүтээлч хүний хувьд танд магтаал, шүүмжлэл аль, аль нь л ирдэг байх. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Ямар ч хүн шүүмжлэлийг буруугаар хүлээж авч болохгүй. Шүүмж санаатай, санаандгүй гээд янз бүр л дээ. Толгой илсэн болгон найз биш, хатуу үг хэлсэн хүн болгон дайсан байдаггүй. Шүүмжээр хурцлагдаж, дараа дараагийн уран бүтээлээ чангаруулдаг, өмнөхөөсөө сайжирдаг хүн л хождог, ахидаг, чадвартай болдог юм даа.

Ялангуяа жүжигчин хүн үгэндээ их анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр бид нийгмийн үлгэр дууриалал нь байдаг. Тийм ч болохоор бидний үг, үйлдлийг хүүхдүүд их дууриадаг шүү дээ. Тиймээс юу ярих вэ гэдгээ сайн бодох ёстой.

-Таны аав яг энэ театрын тайзан дээр дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн шүү дээ. Аав тань уран бүтээлч болоход нь юу хэлж, захиж байсан бэ?

Ээж миний энэ театрт олон жил нүүр будагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Уг нь бол циркийн хүн л дээ. Театрт оёдолчноор анх ажилд ороод нүүр хувиргагч болсон хүн л дээ, ээж минь. Ер бол ээж минь аавыг уран бүтээлдээ өөрийгөө бүрэн зориулахад нь өөрийнхөө бүхий л зүйлийг золиоcoлж амьдарсан гэхэд хилсдэхгүй.

Тэгж явсан хоёр уран бүтээлч хүний дунд ажиллаж амьдарсан болохоор би энэ мэргэжлийг сонгосон ч байх. Аав минь намайг уран бүтээлч болж байхад “Уран бүтээлч хүн цагийг ягштал баримталж, дүрийн судалгаагаа чинээнд нь тултал хийдэг байх хэрэгтэй” гэж хэлдэг байв. Аав маань өөрөө ч ийм л зарчмаар ажилладаг байсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *