Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой. Учир нь гэвэл…

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан. Үүнийг та эрс эcэгүүцэж байсан шүү дээ?

Өр зээлийг цаашид хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуудлаар Хөгжлийн банкнаас саналаа хэлсэн. Тэгээд нэг их наяд төгрөгийг нь хуулийн байгууллагад шилжүүлчихсэн. 762 тэрбум төгрөг хэцүү байна. Төрийн өмчит компаниуд аваад зарцуулаад дуусчихсан байна.

Тиймээс энэ мөнгийг улсын төсвөөр санхүүжүүлье гэсэн хүсэлт, санал орж ирсэн. Энэ хэрхэвч болохгүй. Тэр дотор тухайлбал, “Эрдэнэс монгол” компанийн зардлууд байна. Төрийн байгууллага биш өөрийн орлого, зарлагатай компани биз дээ. Түүнчлэн Шинэ яармаг гээд бүтээн байгуулалт. Манай өмнөх Ерөнхийлөгчийн зөвлөх Ууганбаяр гээд залуу авсан зээл шүү дээ.

Гэтэл түүнийг төсвөөс санхүүжүүлнэ гэж байгаа юм. Ингэж болохгүй. Түүнээс гадна 6-7 төсөл байсан. Үүнээс нэг асуулт гарч ирж байна. Төр бизнес хийнэ, төр баялгаа мэддэг юм аа гээд ТӨҮГ байгуулаад байдаг. Тэгснээ тэр компаниуд нь маш их хэмжээний зардал гаргаад, орлого байдаггүй. Тэгээд Хөгжлийн банкнаас зээл авчихдаг. Аваад ашигладаг.

Тэгэнгүүтээ татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн халааснаас гаргачихъя гэдэг байдлаар оруулж ирж байгаа нь байж болохгүй. Зарчмын асуудал. Маш олон жил төр энэ бизнесийг хийнэ, авна, оролцоно гэдэг байдлаар хандаж ирлээ.

Гэтэл төрийн компаниудын байж байгаа царай нь энэ. Өөрсдөө орлого олдоггүй юм аа гэхэд үйл ажиллагааныхаа зардлыг нөхөөд явж чадахгүй байна. Зээл аваад, хулгай хийгээд, авсан зээлээ иргэдээр төлүүлнэ гээд ичих ч үгүй оруулж ирж байна.

-Хөгжлийн банк энэ асуудлаа хурдхан шийдэж, өр зээлээ дарах л сонирхол байна уу?

Хөгжлийн банк яаж ийж байгаад активаа цэвэрлэхийн тулд зээлийн асуудлаа гаргаж ирсэн юм шиг харагдаад байгаа юм. Яагаад гэвэл ирэх жил Хөгжлийн банк их хэмжээний өр төлбөрөө төгрөгөөр биш доллароор төлөх ёстой.

Мөнгө нь байхгүй болчихсон. Тэгээд хулгайч нар нь энэ байна шүү гэж хэлэнгүүтээ цаашаа явахын тулд төсвөөс санхүүжүүлчихье гэж байх юм. Монголын банкуудад муухай соёл тогтчихоод байна. Эздүүд нь баахан төрийн мөнгө авчихдаг. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сан, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн мөнгө.

Тэгээд өөрсдөө завшаад ашиглачихаад банк татан буугдахаар алдагдлыг нь төсвөөс санхүүжүүлдэг. Хуульчлагдсан ху.л.гай нь бүр өргөжөөд байна.

-Хөгжлийн банкны захирал нь таныг эcэргүүцэхэд нэлээд уурлаж, цаашид үйл ажиллагаа явуулахын тулд ийм санал тавьж, ажиллаж байна. Ажил хийж байгаа хүмүүсээ битгий үгүйсгэ хэмээн их л бухимдангуй хариулж байсан?

Өөрсдөө цаашид үйл ажиллагаа явуулахын тулд ийм санал гаргаж байна гэдэг тайлбар тавьж бүр болохгүй. Энэ мөнгийг зайлшгүй төлүүлэх учиртай.

Төрийн өмчит компанид хэн ажилладаг, захирлыг нь хэн томилдог билээ. Эрх барьж байгаа нам шүү дээ. Намын ажил хийж байгаа хүмүүс л очдог биз дээ. Нэр нөлөө бүхий нөхдүүд төрийн өмчийн компанийн их мөнгөнд гарын үсэг зурдаг хүмүүс байгаа шүү дээ.

Мэргэжлийн хүмүүс ажиллахгүй байгаа учраас алдагдал үүсээд байгаа юм. Алдагдлаа дандаа төсөв рүү чихээд байвал ядарсан төсөв чинь дийлэхгүй шүү дээ. Эдийн засаг чинь ямар байгаа билээ дээ. Хулгайчдаа тэжээж дийлэхгүй байна энэ ард түмэн.

-Улсаар төлүүлэх гээд байгаа Хөгжлийн банкны зээлдэгчид дотор Эгийн голын УЦС төсөлд зарцуулсан 43 мянган ам.доллар байна. Тэр төсөл хэрэгжээгүй, төслийн багийг нь татан буулгаад удаж байгаа.

Тэгэхээр энэ мөнгийг яах аргагүй төр төлж таарах юм биш үү?

Үүнийг эрс эсэргүүцнэ. Улсын төсвөөр ийм санхүүжилт хийж огт болохгүй. Зээлээ авсан. Хувийн байна уу, ТӨҮГ байна уу хамаагүй төлөг. Удирдаж байсан захирлууд нь төлөх ёстой.

-Эрчим хүчний сайд байсан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ярьсан. Тухайлбал, Эгийн гол, ТЭЦ-4-ийн Хөгжлийн банкнаас авсан өрийг улс төлөхгүй бол иргэдийн нуруунд ачаа болж очно. Тог, цахилгааны мөнгийг нэмж, нөхөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ гээд сүрдүүлэг маягийн зүйл яриад байсан шүү дээ?

Зарчмын асуудал. Хyлгай хийгээд аваад идчихсэн нөхдүүдээр өөрсдөөр нь төлүүлэхгүй ингээд яваад байвал Монгол Улс хулгайгаа дийлэхгүй. Улс төрчид нь, хамаарал бүхий нөхдүүд нь өөрсдөө тоноод д.э.эрэмдчихдэг. ТӨҮГ-ууддаа сонгуульд ажиллаж байсан намынхаа нөхдүүдийг аваачиж тавиад тонож дэ.э.рэмдчихээд “Нөхцөл байдал ийм хэцүү байна.

Нэг бол та нар төл. Үгүй бол иргэд дээр ирэх тарифыг өсгөх байдлаар шийднэ шүү” гэдэг. Дандаа иргэд рүү ачаалал өгөх байдлаар ярьж байгаа нь буруу.

-Тантай адил ийм байр суурьтай гишүүн байна уу?

Маш олон байна. Олуулаа байгаа шүү.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хаврын чуулганаар оруулж ирэх гэж байгаа. ХҮН-ыг МАН-ын гар хөл болчихоод, ҮХНӨ-ийг дэмжээд ҮХЦ-д бичиг өгөөд яваа гэдэг асуудал яригддаг. Үүнд байр сууриа илэрхийлээч?

Товч тодорхой хэлье. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой. ХҮН-ыг МАН-тай нааж ярьдаг нөхдүүд их байдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан нөхдийн багаас авахуулаад. АН-ын нөхдүүд тэгдэг.

Би тийм зүйлд эмзэглэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоог шударга, зөв болгоё гэдэг асуудлыг би гишүүн болсноосоо хойш ярьсан. Намрын чуулган эхэлж, энэ асуудлыг ярьж байхад маш олон гишүүн бүтэхгүй гэж байсан.

Би ярьсаар л байгаа. Одоо ч гэсэн бариад явна. Ингэж байж бид парламентын ардчиллаа хамгаалж чадна. Ингэхгүй бол бид нэг дapангуйлагчийн нийгэм рүү явна шүү дээ.

ХҮН-ыг яаж ч харлуулж болно. Манай иргэд нэг их хүлээж авахгүй дээ. Хэнтэй нь байсан ч үл хамаараад хамтраад үр дүн гаргах ёстой. Өнөөдөр МАН 60 гаруй суудалтай, Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой. 2019 онд маш чухал заалтуудыг дутуу орхисон.

Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын дарга нь чуулганы нээлт дээр хэлсэн. Ерөнхийлөгч нь мөн адилхан дэмжинэ гэдгээ УИХ дахь бүх намуудын өмнө хэлсэн. Тиймээс Энэ бол ганцхан ХҮН-ын хүсээд байгаа юм биш. Улс төрийн бүх хүчин, монголчуудын хүсэж байгаа зүйл.

Дөнгөж хоёрхон сарын өмнө болсон Казахстаны асуудал том сургамж болсон. Нэг хүний засагтай улс яаж баларч, газар нутаг, тусгаар тогтнолоо алдах шахсаныг.

Одоо үүсээд байгаа ОХУ, Украины асуудал мөн адил нэг хүний засаглалтай үед шийдвэр гаргаад явж байна. Нийтээрээ хохирч байна. Монгол Улс цаашид ийм байх юм уу. Эсвэл нийтээрээ засагладаг ардчилсан орон байх юм уу гэдэгт монголчууд нэгдэх учиртай. ХҮН-ын даргыг хэчнээн ч харлуулж болно.

-Энэ төслийг эрх баригч нам өөрсдөө өргөн барих гэж байна уу. Ямар байдлаар чуулганд орж ирэх гэж байна вэ?

Миний хувьд төслийн бэлтгэлийг нь хангаад, ҮХЦ-д cонгуулийн тухай хуулиар асуудлаа тавьсан. А.Үүрцайх хуульч бид хоёртой зэрэгцээд АН-ын хоёр хүн бас асуудал тавсан учраас бид нарыг нэг гэж ойлгоод байх шиг байна. Тусдаа асуудлаар ҮХЦ-д хандсан.

МАНАН-ын өмнөөс явж байгаа зүйл огт байхгүй. МАН-ынхан нэлээд хойшлуулсан байдалтай байсан. Харин монголчуудад аз байдаг юм байна. Муу зүйлийн хажуугаар сайн зүйл байна.

Он гарснаас хойш Казахстаны, Орос, Украины асуулын үр дүнд маш олон гишүүд санаагаа эргүүлж байна. Т.Доржханд гишүүн ээ таны яриад байсан зүйл үнэн байсан байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх нь зөв юм байна гэж. Тэгэхээр хэн манлайлж яваад хийсэн нь сонин биш. Үр дүн нь чухал. Тиймээс үүний төлөө би ажиллана. Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцүүлэх тал дээр шахаж ажиллана.

-Та УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа юу?

Дэмжилгүй яах вэ. Нэмж байж нэг хүний кноп дахь эрх мэдлийг бууруулна. Тэгж байж жинхэнэ ардчилсан парламент үүснэ. Өнөөдөр 76-хан гишүүнтэй, тэдний 40 нь ирц бүрдүүлээд чуулган хуралдаж, ажиллаж эхэлдэг. Түүний 39-өөс 20 нь л гараа өргөчихсөн тохиолдолд хууль батлаад байна шүү дээ. Энэ чинь нэг хүний кноп маш их эрх мэдэлтэй байна гэсэн үг.

Зарим хүмүүс 76 xyдалч, xyлгайч, aвлигач гэсэн тархи угаалтаар олон жил угаалгаж ирсэн. Тухайлбал, миний бие лав xyлгайч биш.

Шинэ хүмүүсийг улс төрд оруулж ирэх гүүр нь байя гэж ХҮН-ыг төлөөлж, залуучуудыг төлөөлж УИХ-д сууж байгаа. Хийх хэрэгтэй. Ганц нэг хүн, ганц намаас хамаарахгүйгээр олуулаа ярьж шийддэг парламенттай байснаар бидний эрх, эрх чөлөө, ардчилал хангагдана.

-Долларын ханш 3000 давчихлаа. Цаашдаа энэ байдлаараа ямар нөхцөл үүсэх бол. Төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх болов уу?

Тодотгол хийх шаардлагатай гэж бодож байна. Өчигдөр чуулганаар таван жилийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулъя, нөхцөл байдал хүндэрлээ гээд Сангийн сайд ярьж байна. Тодорхой түвшинд нэлээд асууж, байр суурийг нь асуулаа. Санал зөрөлдлөө.

Төсөв батлах үед би маш тодорхой асуусан. Маш их өөдрөгөөр төсвийн орлогоо тавьчхаад түүнийгээ дагуулаад маш их хэмжээний зардал тавьчихсан. Түүхэнд байгаагүй 18 наядын төсөв. Орлогоо та нар бодитоор төлөвлөж байна уу. Энэ орлого орж ирэх боломжгүй, эрсдэлтэй гэж.

Хэн хариуцлага хүлээх вэ гэхэд Сангийн сайд нь би өөрөө хариуцна гээд маш их итгэл үнэмшилтэй ярьсан. Эдийн засаг өөдрөг байна гэсэн. Одоо хар л даа.

Эдийн засгийн байдал нь ямар байна. Ханшаа 3200 хүртэл алдчихлаа. Төв банк нь ханш тогтоохоо больчихсон. Хоёр өөр ханштай яваад байдаг. Найман шарга дээр 3200 болчихсон.

Банкнаас доллар өгөхгүй, хязгаарлачихсан. Гадагшаа төлбөр хийх боломжгүй болчихсон байна. 1990 онд бид хар захын ханш, албан ханш гээд хоёр ханштай. Энэ ханшинд наймаачид бужигнадаг, зохицуулалтгүй байсан. Яг тэр үе рүүгээ буцаад орчихлоо.

Тиймээс хариуцлага хүлээнэ гэсэн Сангийн сайдын асуудлаар Ерөнхий сайдад хандана гэж бодож байна. Энэ улсад хариуцлага хэн тооцох, хүлээх юм бэ.

Бодит эдийн засаг нь хүндрээд, хойд, урд хил нээгддэггүй. Сая Сангийн сайд нь хил нээчихсэн, бүх зүйл хэвийн ажиллаж байгаа гэж яриад байна. Та нар асуух хэрэгтэй. Үнэхээр иргэдийн амьдрал буцаад хэвийн байдалдаа орчхоод байгаа юм уу.

-Долларыг гадагшаа зөөх асуудал үүсээд байна гэж байна. Үүнд хязгаар тогтоох боломж байгаа юу?

Зах зээлийн зарчмаараа хаана эрэлт хэрэгцээ байна, тийшээгээ тодорхой мөнгө урсдаг. Монголбанк маш богино хугацаанд долларын нөөцөө алдчихсан байна. Монголбанк монгол төгрөгийг тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Төгрөг тогтвортой байхын тулд Монголбанк ажиллах ёстой.

Гэтэл Монголбанк зайлсхийгээд яваад байгаа. Засгийн газар нь ч тэр. Хэн хариуцлага хүлээх юм бэ. Үүнийг зохион байгуулалтаар хангаж ажиллах ёстой функц бол Монголбанк. Эрх хэмжээнийх нь хүрээнд хангалттай зохицуулах боломж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч нь ямар асуудлууд байгаагаа УИХ дээр оруулж ирээд ярь л даа. Огт ирэхгүй, ажлаа ярихгүй байна. Хариуцлага үүрч ажилла. Чадахгүй бол ажлаа чаддаг хүнд нь өгөх хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *