НYБ: Монгол Улс гол төлөв байгалийн баялгийн орлогоо барьцаалан $8.7 тэрбумын зээл авсан.

Уул уурхайгаас тогтвортойгоор орлого олж эхэлсэн 2004 оноос хойш Монгол Улс 28 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг НҮБ-аас гаргасан тайланд дурдсан.

“Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ 2021” тайланд мэдээлснээр Монгол Улс сүүлийн 15 жилд татвар, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого хэлбэрээр 9 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс гадна Монгол Улсын Засгийн газар гол төлөв байгалийн баялгийн орлогоо барьцаалан 8.7 тэрбум ам.долларын зээл авчээ.

2011 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд орлогынхоо тодорхой хэсгийг хуримтлуулж эхэлсэн аж. Хэдий тийм боловч 2019 оны байдлаар дөнгөж 0.2 тэрбум ам.долларын цэвэр үлдэгдэлтэй байна.

Үүнээс харахад Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан их хэмжээний зээл авч байгаа аж. Ингэснээр хойч үедээ өр өвлүүлэхээр байгааг анхааруулж байна.

Дэлхийн банкны тооцооллоор Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн орлогын нэг ам.доллар тутмын 99 центийг нь хэрэглэж, ердөө нэг центийг нь л хуримтлуулсан байна.

Уул уурхайн ордууд нээгдсэнээр Монгол Улс төсвийн өндөр зарлагатай орон болсон. 2010-2019 онд Монгол Улсын төсвийн зарлага дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 33.2%-тай тэнцэж байжээ. Энэ нь түүхий эдээс хамааралтай улсууд болон бага, дунд орлоготой бусад улсын дунджаас нэлээдгүй өндөр байна.

Дэлхийн банкны судалгаагаар эрдэс баялгийн орлогын дийлэнх хувь нь улсын хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, цалин, тэтгэвэр зэрэг улс төрийн амлалтын хөтөлбөрүүдэд зарцуулагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *