Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялaac чөлөөлөв.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар шаардлага тавьж буй сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч, уулзлаа.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан долоон хэргээс хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Тухайлбал:

Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан.

Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *