96 настай Ц.Должин: Хүүгээ гавъяат болсныг сонсчихоод нулимс урсаад л, бушуухан очиж үнсмээр санагдсан.

“Хүү минь хаана явдаг юм бол доо, гайгүй байгаа даа” хэмээн олон жил санаа нь зовж, санаж, ганьхарч, хүүгийнхээ төлөө залбирсан байхдаа, Ц.Должин гуай.

Түүний хүү Г.Бямбасүрэн ээжийнхээ залбирал, ивээл, энэрлийнх нь хүчинд 18 жил Онцгой байдлын албанд шуурхай дуудлагын жолоочоор амжилттай ажиллаж, бусдын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийхээ гавьяаг хүртээд удаагүй байна.

Ц.Должин гуай хүүгээ гавьяат тээвэрчин болсныг сонсоод “Одоо нэг тэгмээр сэн дээ” хэмээн амандаа бувтнаж, аяархан санаа алдаад уйлсан гэдэг. 96 настай тэрбээр гэрээс гардаггүй ч гэлээ “Хүүгээ гавьяат болоход тосож авна” хэмээн мөнгөн аяга, сүү бэлдүүлчихээд, гарч ирэхгүй удахаар ач хүүгийнхээ өвөр дээр хүртэл сууж байгаад бахархал дүүрэн ерөөлийн үгээр хүүгээ дайлж, баяр, жаргалаа хуваалцаж буй тэдний торгон агшин олон нийтийн сүлжээгээр цацагдсаныг уншигч та үзсэн, харсан бизээ.

Ээж гэдэг хүүхдийнхээ баяр, жаргалтай мөчийг хуваалцахын тулд ө в д ө ж байсан ч эдгэчихсэн юм шиг, хөгшрөөд явж чадахгүй, юм үзэхгүй байсан ч залуужчихсан юм шиг сэтгэл нь сэргээд л босоод ирдэг агуу их хүчтэн юм байна гэдгийг Ц.Должин гуайн сэтгэл, үйл хөдлөлөөс харж болно. Таны, миний ээжийн үрийнхээ төлөө гэсэн өрөвч нинжин сэтгэл, халуун дулаан үгс нь ав адилхан юм гээч.

Должин гуай гадуур явж, хүүхдүүдийндээ очихоос илүү тэднийг ирэхээр нь илүү баярлаж, хамт байхыг хүсдэг гэнэ. Харин хүүхдүүд нь “Бид олуулаа яаж хонох билээ дээ.

Явъя” гэхэд нь “Гэдсэнд багтсан юм чинь гэрт багтаж л таараа” хэмээн хонуулах дуртай аж. Харин Г.Бямбасүрэн хүү нь өдөр, шөнийн алинд ч дуудлагатай байдаг тул ээж дээрээ төдийлөн ирж амждаггүй, бусдын аюулгүй байдлын төлөө зүтгэсээр явна.

Гэсэн ч тэрбээр ээжийгээ хамгийн их баярлуулсан ард олны гавьяатай хүү болжээ. Ийнхүү гавьяат тээвэрчин Г.Бямбасүрэнгийн ээж Ц.Должинтой баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, ярилцсан юм.

Та 96 настайдаа хүүгээ гавьяат тээвэрчин болохыг үзлээ. Танд болон хүүд нь баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцана уу?

Баярлалаа. Харин тийм ээ хүүгээ гавьяат болохыг үзээд сэтгэл ханаад л сайхан байна. Хүүгийн минь хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлаж байна.

-Та хүүгээ гавьяат болно гэдгийг хэзээ мэдсэн бэ. Хүүгээ шагнал авахад нь талбай дээр очиж баяр хүргэсэн байсан. Хүүдээ юу гэж хэлсэн бэ?

Би хүүгээ гавьяат тээвэрчин цолоор шагнуулах болсон тухай хоёр хоногийн өмнө мэдсэн. Манай бэр хэлсэн юм. Миний хараа муу болохоор гэрээс огт гардаггүй, гарах ч дургүй. Харин хүүгээ “шагнал авна” гэхээр нь сэтгэл догдлоод бөөн баяр болсон. Бушуухан л очиж үнсмээр санагдсан шүү.

Хүүдээ юу өгдөг юм билээ гэж бодож, бодож байгаад мөнгөн аяга авахаар шийдсэн юм. Тэгээд хамт байдаг охиндоо хэлж, захиад авхуулж, хүүдээ сүү хийж өгсөн. Ерөнхийлөгч эр, цэргийн баярын өдөр олон хүнд шагнал өгсөн болоод ч тэр үү, хүү минь гарч ирэхгүй удсан л даа. Гэсэн ч би тэсээд ач хүүгийнхээ өвөр дээр сууж хүлээсэн юм.

-Хүү нь таныг талбай дээр ирнэ гэж бодоогүй юм болов уу?

Харин тийм байх. Намайг хараад уйлсан гэсэн. “Ээждээ хязгааргүй хайртай шүү” гээд намайг үнссэн. Бид бие бие хараад их л баярлацгаасан даа. Миний хүүгээ хүлээж байгаа зургийг “олон хүн үзсэн байна, намайг их өхөөрдсөн байна” гэж хүүхдүүд минь хэлсэн. Тэгэхээр миний хүүтэйгээ хамт авхуулсан зургийг олон л хүн үзсэн юм шиг байна лээ.

-Аан тийм үү. Би сандарч, тэвдээд, мартаж, санаад сайн ярьж чадахгүй шинжтэй шүү, хүү минь. Нас өндөр болохоор хэцүү юм байна. Ер нь л их баярлаж байгаагаа хэлье дээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүддээ юуг чухалчилж захиж, хэлдэг бэ?

Би долоон хүүхэдтэй. Том охин минь бурхан болсон. Гавьяат тээвэрчин болсон хүү минь миний тав дахь хүүхэд. Хүүхдүүддээ юу гэж хэлдэг байсныг санахгүй байна. Г.Бямбасүрэн хүү минь үргэлж хөдөө гадаа явдаг болохоор “Аян замдаа сайн яваарай” гэдэг байсан санагдана. Миний хүү хүнд цаг үргэлж тусалж явдаг буянтай, сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Хүүхдүүд минь сайн сайхан яваа болохоор би юу ч гэж хэлхэв дээ. Баярлаж л суух юм даа.

-Та залуудаа юу хийдэг байсан бэ. Танай удамд тээвэрчин хүн бий юу?

Би Баянхонгор аймгийн хүн шүү дээ. Насаараа мал малласан. Манай удамд тээвэрчин хүн байхгүй. Хүү минь цэрэгт яваад, жолооч болсон юм. Цэргээс халагдаж ирсэн цагаасаа хойш Онцгой байдлын албанд бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахаар бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа юм.

Хүү минь удахгүй тэтгэвэрт гарна. Тэр хүртлээ хоёргүй сэтгэлээр ажлаа хийж, хүртсэн гавьяа шагналаа бататгаж харуулаасай гэж хүсэж байна. Мөн миний хүүгээс гадна хоёр ач хүү минь тээвэрчин болсон.

-Та хэдэн онд Улаанбаатарт ирсэн юм бэ. Ханийнхаа тухай ярьж болох уу?

Бид 2004 онд Улаанбаатар хотод ирсэн. Миний хүүхдүүдийн аавыг Н.Гомбосүрэн гэдэг байсан. 40 гаруйхан настайдаа ө в ч н и й улмаас бурхан болсон доо. Харин би хүүхдүүдийнхээ ач буянаар урт удаан, эрүүл саруул сайхан амьдарч байна.

-Танд эрүүл энхийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *