Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулсан анхны аймаг болно.

Орхон аймаг мэдээллийн технологийн хөгжингүй хот болох зорилгоор “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд үндэсний тэргүүлэгч электроникийн компани болох “СИМ” ХХК-ийн санхүүжилт, техник, технологийн шийдлээр Нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах “EPASS” төслийг эхлүүлэн ажиллаж байна.

Уг төсөл нь Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулснаар цахим төлбөрийн картыг нэвтрүүлж, автобусны буудлуудад байршуулах карт худалдан авалт, цэнэглэх үйлчилгээг багтаасан өөртөө үйлчлэх киоск, чиглэл болон тухайн чиглэлийн автобусны ирэх хугацааг мэдээлэх электрон самбар, сурталчилгааны самбарууд, хэрэглэгчийн аппликэйшн бүхий цогц шийдэл юм.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Орхон аймаг нь нийтийн тээвэрт цахим шийдлийг хэрэгжүүлсэн анхны аймаг болох бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай байдал сайжрах юм.

“EPASS” төслийн хүрээнд EPASS цахим төлбөрийн карт нь энгийн, хүүхэд, хөнгөлөлттэй зорчих карт гэсэн 3 төрөлтэй. Хөнгөлөлттэй зорчигч картаар оюутан, цагдаа, өндөр настан, xөгжлийн бэpxшээлтэй иргэд зорчих боломжтой. Хүүхдийн картаар ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд хөнгөлөлттэйгөөр зорчино.

“EPASS” төслийн багийнхан төслийн үргэлжлэх үе шатуудад Орхон аймгийн дэд бүтэцтэй холбоотой бусад асуудлыг цахимжуулан иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн жишиг “Ухаалаг хот” болгох зорилтыг тавин ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *