Ард койныг аваад дарсан нь алдаад дуусах вий. Мөн бусад Монгол койнууд ч уруудсаар байна.

Криптовалют. Энэ үгтэй дэлхий нийт танилцаад тийм ч урт удаан хугацаа өнгөрөөгүй байна. Гэхдээ койн авсан нь хожиж, амжаагүй нь хохирсон гэх ойлголт бол хүмүүст хэдийнэ суужээ. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид цаг, мөнгө, нэр төрөө үл хайхран сурталчилгаа хийсээр, тэр чинээгээр хүмүүс итгэж хөрөнгөө оруулсаар л байна.

Монголд ч ялгаагүй. Хэд хэдэн койн амжилттай арилжаалагдаж, хэдэн арван саяар нь ашиг хийсэн гэх хүмүүс гарч ирлээ. Гэвч гэрэл байгаа бол сүүдэр байдгийн адилаар хэдэн арван саяар нь хөрөнгөө үнэгүйдүүлсэн хүмүүс ч ханшийн хэлбэлзлийг харан хүлээж суугаа юм. Харамсалтай нь байдал сайжрах болов уу?

Үгүй л болов уу. Учир нь, хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалтгүй яваа энэ асуудал дээр өнөөдөр үндсэндээ нэг л хожигч байна. Тэр нь койн гаргагч этгээд юм. Маш энгийн логикоор тайлбарлахад, нэрлэсэн үнэ нь нэг төгрөгийн үнэтэй койн гаргагч этгээд анх хөрөнгөө босгоод л энэ харилцаанаас бараг л “гарчихаж” байна.

Харин койн худалдаж авсан хүн ханш өсвөл хожно, унавал хохирно. Өөрөөр хэлбэл, ханш унахад худалдан авсан иргэн л “шатдаг” болохоос койн гаргасан хүнд ямар ч хохирол байхгүй. Ийм л зарчмаар асуудал шийдэгдэнэ. Эцэстээ асуудал даамжирвал хэн эрсдэлийг үүрэх вэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УИХ-аас 2002 онд Хоршооны тухай хууль баталж байсан. Тухайн үед хувиараа эрхэлж байгаа хоршооллыг хөгжүүлэх иргэдийн бизнесийг идэвхжүүлэх зорилго санаа агуулж байсан. Ингээд 2006 онд Хадгаламж зээлийн хоршоод гарч 30 гаруй мянган иргэд 120 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч байсан.

Тухайн үед төр хохирлыг 50 хувийг төрөөс барагдуулах хууль гаргаж байсан. Яагаад гэвэл Хоршооны тухай хуульд лyйвар хийх үүд хаалгыг хааж өгөөгүй байсан гэм буруугаа хуваалцсан байдаг. 30 гаруй мянган иргэдийн 60 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулсан.

15 жилийн дараа койнтой холбоотой шинэ нөхцөл байдал яригдаж байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны мэдээллээс харахад Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос бараг 10 дахин их хүн, 10 дахин их хөрөнгө энд эргэлдэж байна.

Энэ дэлбэpвэл дарьтай торх биш цөмийн бөмбөг болох нь тодорхой байна. Миний хувьд санхүү, эдийн засгийн эксперт биш ч гэсэн хуулийн хувьд “үнэр” бол байна. Монголбанк, СЗХ-ноос удаа дараа ард иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэг гаргаж байгаа.

Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин зохицуулалтгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин байхгүй, эрсдэлээ иргэн та өөрөө үүрнэ шүү. Төр үүрэхгүй, хууль гаргаагүй, төр зөвшөөрөөгүй, төр бүртгээгүй.

УИХ-ын нэгдсэн чуулган. 2021.11.04

Хууль тогтоогчид ийм байр суурьтай байгаа. Тэгвэл мэргэжлийн байгууллагууд ч эртнээс иргэдэд анхааруулж, эрсдэлээ тооцохыг сануулсаар байсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны хоёрдугаар сард гаргасан анхааруулгад “Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм” гэсэн.

Эндээс харахад койн тойрсон асуудал хүндэрвэл төр лав хариуцлага хүлээхгүй нь. УИХ-аас баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд ч энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих хяналт төдийлөн суугаагүй, суусан нь хэрэгжихгүй байгаа юм.

Юу гэхээр, 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс хүчин төгөлдөр болсон тус хуулийн 17-р зүйлийг “Шилжилтийн үеийн зохицуулалт” гэж нэрлээд дараахь зохицуулалтыг хийсэн байдаг.

17.1 Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг Хорооноос энэ хуулийн 6.1-д заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй.

17.2 Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ хуулийн 17.1-д заасан дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж, Хороонд бүртгүүлнэ.

Хуулийн энэ заалтаас харахад өнөөг хүртэл явж байгаа койны худалдаа, бирж зэрэг нь төрийн бүртгэлд албан ёсоор ороогүйг илтгэнэ. Орох хугацаа нь хоёрдугаар сарын 14-нөөс тооцоход ирэх есдүгээр сарын 15-ны дотор л албан ёсоор тодорхой болох юм.

Тэгвэл нөхцөл байдал ийм байгаа үед “бирж”-үүд дээр койны ханшийн уналт үргэлжилсээр байна. Нийгэмд танигдсан эрхмүүдийн үгэнд итгэж койнд хөрөнгө оруулаад мөнгөө алдаж буй хүмүүс манай редакцид хандсан юм.

Иргэн Э: Би Сангийн дэд сайдаар ажиллаж байсан, “Хас”-ын Ч.Ганхуягийн үгийг сонсоод “Ард” койныг 350 төгрөгийн ханштай байхад худалдаж авсан. Гэтэл одоо ханш нь унасаар л байна.

Хадгаламжид байсан бүх мөнгөө банкнаас татаад койн авчихсан болохоор одоо ханш өсөх болов уу л гэж горьдож хүлээж сууна. Анх намайг койн авах үед долларын ханштай дүйж очно гэж л хүмүүс яриад байсан боловч тэгсэнгүй.

Хамгийн ихээр “Аваад дар” гэж сурталчилж байгаа “Ард койн”-ыг аваад мөнгөө алдaxдаа тулсан иргэн Э шиг хүн цөөнгүй байгаа ажээ. Ард койны ханшийг харахад үргэлж уруудсаар өдгөө 42 төгрөг болтлоо унажээ.

Ч.Ганхуягийн үгэнд итгэж өнгөрсөн жилийн өдийд нэг койныг 350 төгрөгөөр худалдаж авсан хүн өнөөдөр койн нэг бүр дээр 308 төгрөгийн алдагдал хүлээгээд сууж байна. Гэвч ханш өсөх найдлага улам алсарсаар. Учир нь, “Ард койн”-ы ханш тасралтгүй уруудаж байгааг Та бид харсаар л байна. Тэгэхээр “Ард койн”-ыг “аваад дар”-сан нь алдагдал хүлээгээд дуусах вий дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *