Д.Амартүвшин: Монгол Улсыг 10 хүний нэг нь нуруун дээрээ үүрч явна гэсэн үг.

Youtube сувгаар үзэгчдэд хүрдэг, Монголын хамгийн олон үзэгчтэй “Amaraa’s weekly” шоуны хөтлөгч, продессер Д.Амартүвшинтэй ярилцлаа.

“Либерти Амараа” нэрээр олонд танигдсан энэ эрхэм Stand Up Comedy төрлийг Монголд анх оруулж ирсэн, “Мизес Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч, “Comedy Lab” хамтлагийн комедиан гэх мэтчилэн олон “гуншин”-тай…

-Сүүлд хийсэн “Тэжээвэр Монгол” гэж лайв чинь нэлээд шуугиулах шиг болсон. Хавтгайруулсан халамжийн бодлогыг шүүмжилсэн. Сая болсон сонгуулиас хойш олон хүн энэ сэдвийг хөндлөө. Өөрөө ч нэлээд бухимдалтай харагдсан?

Би өмнө нь ч гэсэн халамжийн эсрэг хөдөлгөөн хүртэл өрнүүлж байсан. 2008, 2009 оноос хойш энэ тухай ярьж байна. Хороо хориндоо өргөдөл хүртэл гаргаж үзсэн. Тухайн үед “Эрдэнийн хувь” билүү, 21000 төгрөгийг уул уурхайн орлогоос тараасан.

“Би авмааргүй байна, үүний эсрэг байна” гээд өргөдлөө өгсөн чинь “Уучлаарай, авахгүй байж болохгүй” гэсэн. Сая бол манай Одко /твитерийн/ түрүүлж энэ асуудлаар дуугарсан. УИХ-ын 2-3 гишүүн энэ асуудлаар чуулган дээр үг хэлж байна лээ. Нэг аймгийн хүн амын 60 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авдаг гэж ярьж байна.

-Баян-Өлгийн тухай ярьсан байх. Төрөөс олгодог бүх халамж, тэтгэмжийг алгасалгүй хүртдэг нь ганц аймаг гэх юм билээ…

Ганц Баян-Өлгий ч биш. С.Эрдэнийг сайд байхад Баянгол дүүргийн иргэдийн гурван хүний нэг нь нийгмийн даатгалаас ямар нэг хэлбэрээр тэтгэмж авдаг тухай телевизээр ярьж л байсан. Ер нь монголчууд битүү халамж болчихлоо шүү дээ. Тиймээс л “Тэжээвэр Монгол” гэж нэрлэсэн.

-Манай УИХ-ын гишүүд сая гэнэт сонгуулийн дараа энэ асуудлаар сэрж, ухаан орсон нь гайхал төрүүлсэн л дээ. Уг нь бол хэвлэл мэдээллийнхний ч гэсэн бараг арван жил ярьж байгаа сэдэв. Тэгээд төсөв хүнд байгаа юм байна, халамжаа танах гэж байгаа юм болов уу гэж бодсон?

Магадгүй, тэр ч нөлөөлсөн байх. Халамжийг өгөх маш амархан, буцаагаад танах нь хэцүү. Маш их эcэpгүүцэлтэй тулгардаг. Хүүхдийн 100 мянгаа ч гэсэн болиосой, бидний өөрсдийн маань халааснаас гарч байгаа мөнгө шүү дээ. Дарга нарын халааснаас нэг ч төгрөг гарахгүй. Нэг бол өр тавина, үгүй бол мөнгө хэвлэж л тараана. Тийм учраас ямар ч шалтгаантай байсан халамжаа болиосой. Ядаж хүмүүс ажил хийдэг болно.

-Нөгөө талаар саяны сонгуулийн үр дүнд ч гэсэн энэ асуудал их нөлөөлсөн байх. Тэгээд гэнэт “яав, юу болов?” гээд бүгдээрээ л цочих шиг боллоо?

Сая болсон орон нутгийн coнгуулиар хороод дээр “Хүнсний талоныг чинь өгөхөө болино шүү” гэдэг яриа маш олон газарт гарсан. Тэрүүгээр нь шантаажлаад, хүмүүсийг барьчихсан байдаг юм байна. 260 мянган хүн хүнсний талон авдаг гэдэг чинь манай хүн амын бараг 10 шахуу хувь биз дээ.

-Лайв явсны дараа үзэгчдээс хэр их реакци ирсэн бэ?

Маш их реакцалсан. Олон ч хүн уурласан, бухимдсан. Хүмүүс хөдөлмөрлөхөө болиод, зүгээр л мөнгө аваад сууж байхыг боддог болчихож. Жишээ нь, манайх гэр бүлийн жижиг бизнестэй, олон жил болж байна. Өмнө нь зар тавихад хүмүүс өдөртөө хүрээд ирдэг байсан бол одоо ажил хийх хүн олдохгүй байна.

Уг нь бол эдийн засаг хямралтай байгаа, олон бизнесүүд дампyypч байна. Ажилгүй болсон хүмүүс ажил хайгаад явж байх ёстой биз дээ. Юу бол юу хийе гээд явж байх ёстой. Гэтэл ажил хийх хүн олдохгүй байна.

-Саяхан твитрээр “Мужаан ажилд авна. Цалин 1,2 сая” гэж зарлаад “Ийм бага цалингаар хэн ажилладаг юм” гэж загнуулж байгаа харагдсан?

Гэтэл манайд УИХ-ын гишүүний цалин 1,8 сая төгрөг шүү дээ. Хүмүүс бас ямар мужаан гэдгийг нь ойлгоогүй юм шиг байна лээ, туслах мужаан гэдгээ бичээгүй байсан, дараа нь залруулсан л даа. Нийгмийн дундаж цалин бол 900 мянган төгрөг л байгаа. Өдөржингөө, 10-12 цаг оффист суугаад дундаж цалин 900 мянга орчим.

Халамж авдаг нь сая 700-800 мянга хүрчихсэн юм байна. Гэтэл албан ёсны хөдөлмөр эрхэлдэг буюу НДШ төлдөг нь ердөө 800, 900-хан мянга?

Тэр 800 мянга дотор чинь төрийн албан хаагч нар орж байгаа. Тэгээд тооцохоор

-Чи өөрөө ямар бизнес хийж байна?

-Комедигоо хийгээд, “Мизес Монгол” ТББ-аа авч явж байна. Хажуугаар нь гэр бүлийнхээ бизнест хааяа тусалж байна. Мужааны жижигхэн цех байгаа юм.

-Танай гэрт мужааны мэргэжилтэй хүн бий юу?

Манай аав мужаан. Бүр социализмын үед Орост төгсч ирсэн, насаараа энэ ажлаа хийж байгаа. Би ч гэсэн энэ ажилд нь арван хэдэн жил туслаад, оролцоод явж байгаагийн хувьд мужааны цалин ямар байдгийг хүнээр заалгахгүй ш дээ. /инээв/

-Чи өөрөө 100 айлын хүүхэд үү?

Үгүй, Дарь эхийнх. Дарь эх, Бага тойруу хоёрын дунд л өссөн дөө.

-Лайвын үеэр “Чи өөрөө ангалзахаас өөр ажил хийдэггүй байж” гэж зарим нь загнаад байгаа харагдсан. Комеди хийхийг бол манай зарим хүмүүс ажил, хөдөлмөр гэж ойлгохгүй байх шиг байна лээ шүү?

Ямар нэг байдлаар үнэ цэнийг бүтээж байгаа хүн бүр ажил хийж байна гэсэн үг. Үнэ цэнийг юугаар хэмждэг вэ гэхээр хүмүүс тэр хүнд мөнгө төлж байна уу, үгүй гэдгээр л хэмжинэ.

Хэрвээ хүмүүс мөнгө төлж байвал тэр хүн үнэ цэнийг бүтээж байна, хүмүүст хэрэгтэй зүйл хийж байна гэсэн. Хүн өөрийгөө “Би ёстой лаг юм хийж байна” гэж хичнээн ярьсан ч хэн ч түүнд мөнгө төлөхгүй бол үнэ цэнэтэй зүйл бүтээхгүй байна аа л гэсэн үг.

-Amaraa’s weekly шоу гараад хэр хугацаа өнгөрч байна?

Бараг долоон сар болж байна. Долоо хоногт нэг дугаартай, 30 дугаар хийчихсэн гэхээр 210 хонож байгаа юм байна.

-Үзэгчийн тоо хэр нэмэгдсэн бэ?

Долоо хоногтоо 70 мянган хүн хангалттай үзэж байна. Осоржамаатай дугаар гэхэд 260-270 мянга үзсэн. Фэйсбүүк рүү оруулаагүй, зөвхөн youtube хандалтаараа штээ.

-Үнэ цэнийг бүтээж чаджээ гэдгийг чинь би бас харсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай танай нэг дугаарт орчихсон, онигоо энэ тэр яриад явж байсан?

Ямар ч байсан хүмүүс анзаараад л байх шиг байна.

-Amaraa’s weekly шоуг яагаад хийх болсон юм бэ? Аль жанрт хамаарах вэ?

News based comedy буюу мэдээн дээр суурилсан комеди төрөл. Гаднын орнуудад бол маш их хийдэг.

-Coнгуулиар аль намыг дэмжиж ажилласан бэ?

Аль ч намыг дэмжээгүй. Хувь хүн дээр ажилласан. Үзэл бодол таардаг АН-ын нэг нэр дэвшигчийг дэмжсэн. Би өөрөө амьдралдаа пиар хийж үзээгүй хүн. Тэгээд “Пиарын талаар юу ч мэдэхгүй шүү. Гэхдээ ажиллаад үзье” гэсэн. Тэгээд манай хүн нэгээр гарсан ш тээ.

-Нийслэлчүүдийн өгсөн санал, хийсэн сонголт таалагдсан үү?

Таалагдаагүй. Яаж таалагдах вэ дээ.

-Юунаас шалтгаалсан бол?

АН-ынхны хувьд намынх нь нэр хүнд маш муу байна. Дээр нь coнгуулийн тогтолцоо ч нөлөөлсөн байх.

-Мажоритари coнгууль уу?

Энэ бол мажоритари ч биш, пропорциональ ч биш, “плюралити” гэдэг тогтолцоо. Мажоритари сонгуульд нэр дэвшигч 50+1 саналаар сонгогддог. Плюралити бол хэн олон санал авсан нь хождог тийм тогтолцоо. Орон нутгийн coнгууль дээр бол хүн ам олонтой том улсууд хэрэглэдэг юм билээ.

Парламентын coнгуульд бол огт хэрэглэдэггүй. Хэрэглэж байгаа орнууд нь дандаа ядyy буурай, улс төр нь тогтворгүй орнууд байдаг. Манай хууль тогтоогч нар coнгуулийнхаа тогтолцоог сайн судлаагүй учраас “мажоритари тогтолцоо” гэж буруу яриад яваад байна. Плюралити гэдэг тогтолцоо шүү.

-Халамжийнхаа сэдвийг цаашид яах гэж байна? Шийдвэр гаргахад бол бараг нөлөөлж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд түрүүн хүрчихлээ шүү дээ?

Ядаж л миний эргэн тойрны хүмүүс “Бид тэжээврүүд юм байна, улсаараа тэжээвэр болсон юм байна” гэдгээ ойлгоод дараачийн сонгуульд оролцохдоо халамж амласан хүмүүсийг дугуйлахаа больчихоосой.

Түүнээс биш улстөрчид бодлогоо өөрчлөөд, халамжаа зогсооно гэж бол би найдахгүй байна. Ядаж намайг дагадаг хүмүүс “Аа, энэ чинь буруу юм байна шүү” гээд ойлгоод авчих нь маш том амжилт.

-Нэг удаа лайв хийгээд ойлгох уу?

-Би энэ тухай 2008, 2009 оноос хойш байнга ярьж байгаа. Тэгж байж өнөөдөр миний лайвыг 40 мянган хүн үздэг болж байна. Маш олон хүмүүс дэмжсэн. Эсэргүүцэж байгаа хүмүүс бол коммент бичиж байгаа хүмүүсийн 20 хувь л юм билээ. Үлдсэн 80 хувь нь “үнэн ш тээ” л гэж байна.

-Нам бус хэвээрээ юу?

Уг нь АН-д орно гэж боддог байсан чинь манай АН миний үзэл бодлоос шал өөр, эсрэг явчихлаа. Өөрийнхөө үзэл бодлын эсрэг явна гэж юу байх вэ. Сүүлдээ ч өөрсдөө нам байгуулья даа гэж бодоод л дууссан даа. Намд ороход чинь бас мөнгө төгрөг хэрэгтэй байдаг юм байна. Над шиг гуяа ганзгалсан амьтнаар яах вэ. Энэ хоёр намыг лав хүлээхгүй ээ. Өөрсдөө намаа байгуулна аа л гэж боддог штээ.

-Энэ бүхэн нийгмийн сүлжээний ашиг тус гэж үү?

2011 онд жишээ нь хүмүүс нийгэмдээ хэр их хэлэлцүүлэг гаргаж тавьдаг байсан бэ. Зөвхөн сонин л гардаг байхад нийгмийн хэлэлцүүлэг яаж явдаг байсан, өнөөдөр гэтэл хэр ойр ойрхон өрнөж байна гэдгийг харьцуулаад үз. Хэлэлцүүлэг явж байна гэдэг чинь юмыг олон талаас нь хардаг болж байна гэсэн үг.

Долоо хоногт 1-2 удаа тэр хэлэлцүүлэгт нийгмээрээ орж байна. Тэгэх тусам хүмүүс хэрсүүжиж байна. Өмнө нь сонин дээр гарсан нэг л байр суурийг “энэ л зөв юм байна” гэж итгэдэг, тэрийгээ ам дамжуулж ярьдаг байсан. Анхандаа соошл дээр тавьсан бүх юманд итгэдэг байсан бол одоо хэр баргийн юманд итгэхгүй, жижигхэн асуудлаар ч гэсэн заавал нэг аргумент гаргаж тавьдаг болсон байна. Энэ бол маш том дэвшил.

Шүүмжлэлт сэтгэлгээ гэж ярьдаг даа, өөр өөрийнхөөрөө оюун дүгнэлт хийх чадвар нь нэмэгдээд л байна гэж болно. Нийгмийн энэ олон хэлэлцүүлгийн үр дүнд хүмүүс улам л рациональ болж байна. Энэ л гоё.

Магадгүй нэг нам давамгай болж байгаа энэ тэр нь хэцүү харагдаж л байгаа байх. Гэхдээ л бид хөгжсөөр байна. Хэрвээ 10 жилийн өмнө миний шоу гарсан бол хэн ч хүлээж авахгүй. Тавхан жилийн өмнө комедиг хүлээж авдаггүй л байсан шүү дэ. Гэтэл алалцсаар байгаад л гараад ирлээ. Соошл медиа үүнд маш их тусалсан.

-Ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *