Б.Болор-Эрдэнэ: Дэлхийн 9 орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох хүсэлт гаргасан.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон E-Mongolia академийн хамтарсан баг энэ онд бүх аймгийг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

Тэд энэ сарын 12-15-ны өдрүүдэд Булган, Хөвсгөл, Төв, Дорнод аймгуудад ажиллалаа. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулсан цагаас хойш 1.5 жилийн өнгөрчээ. Энэ хугацаанд ямар үйлчилгээнүүд цахимжаад байна вэ?

Өнөөдрийн байдлаар улс орон даяар авах боломжтой 650 үйлчилгээг цахимжуулсан. Түүнээс гадна орон нутгийн 800 үйлчилгээг нэвтрүүллээ. Цахим хөгжил, харилцааны холбооны яам орон нутгийг үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын бас нэг гол концепц нь төрийн бүтээмжийн сэргэлт. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс маш олон судалгааг хийсэн.

Тухайлбал, Монгол Улсад орон даяар хэдэн үйлчилгээ байгааг урьд өмнө нь тоолж байгаагүй. Төрд ийм дата мэдээлэл байхгүйн улмаас стандартгүй явж ирсэн. Тухайлбал “архины зөвшөөрөл олгох” гэсэн нэг үйлчилгээг аймаг, сум болгонд өөр өөрийн шалгуураар өгдөг.

Нэг стандартгүй явж ирсний улмаас бид нэг үйлчилгээг 88 янзаар цахимжуулах шаардлагатай болчхоод байна. Сүүлийн 30 жил тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг ямар ч стандарт, шалгуургүй яваад ирсэн нь харагдаж байна. Энэ нь эргээд төр үр ашиггүй, бүтээмжгүй ажиллаж, aвлигa, хээл xaxууль гаарсан. Төрийн бүтээмжийн асуудалд зөвхөн цахимжуулахаас гадна төрийн албыг оновчлох асуудал давхар хамт явж байх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд төрийн 650 үйлчилгээг цахимд шилжүүлсэн гэлээ. Үүгээр төсвөөс хэдий хэмжээний мөнгө хэмнэсэн тооцоо судалгаа байгаа юу?

Бид маш олон судлаачдын багтай хамтарч ажилладаг. Олон улсын байгууллагууд E-Mongolia системийг кейс болгон гаднаас ирж судалгаа хийж байгаа. Тэдгээр судлаачдаас хэд хэдэн тоо ирсэн. Зөвхөн 2021 оны хувьд нийтдээ 56 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэх тооцоо судалгааг дотоодын судлаачдын баг гаргаж өгсөн.

Энэ бол зөвхөн иргэд төрийн үйлчилгээг авахтай холбоотой хэмнэлт. Харин төрийн байгууллагууд өөр хоорондоо албан бичиг солилцох зэргээс 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.

Түүнчлэн өөр бас нэгэн судлаачдын багаас явуулсан судалгаагаар энэ оны гуравдугаар сар хүртэл нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэх тоог өглөө. 2022 онд төрийн 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа бөгөөд төсвөөс хэмнэлт хийсэн дээрх тоо хоёр гурав дахин үржигдэнэ гэсэн хүлээлттэй байна.

-Аливаа үйлчилгээг цахимжихад зайлшгүй гарч ирж байдаг хөндүүр сэдэв бол цахим мэдээллийн аюулгүй байдал. Үүн дээр хэрхэн анхаарах вэ?

Кибер аюулгүй байдлын хуулийг өнгөрөгч 2021 оны намрын чуулганаар баталлаа. Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчин байхгүйн улмаас кибер аюулгүй байдлын тогтолцоо бий болоогүй байсан. Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг Тагнуулын ерөнхий газар хариуцдаг байсан.

Харин хувийн хэвшил иргэдийн дата мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэсэн зохицуулалт байгаагүй. Саяхан батлагдсан Кибер аюулгүй байдлын хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Кибер аюулгүй байдлын асуудал үндэсний тycгаар тогтнол, үндэсний аюyлгүй байдалтай шууд холбоотой.

Монгол Улсад өдөрт гаднаас ирж буй кибер халдлагын тоо маш өндөр. Монгол руу гадаадаас ирж буй кибер халдлагаас хамгаалах 24/7 хугацаанд бэлэн байдалд ажиллах Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төвийг байгуулна.

-Цахим үндэстэн болгох хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах нь нийт зорилгын 10 хувийг эзэлж байгаа бол хамгийн гол нь иргэдийн хэрэглээнээс шалтгаална гэдгийг салбарын хүмүүс онцолж байна. Тэгэхээр иргэдийн цахим боловсролд хэрхэн анхаарах вэ?

Өнгөрсөн жил бидний явуулсан судалгаагаар манай улсын иргэдийн 43 хувь нь тоон бичиг үсгийн чадвартай гэсэн тоо баримт гарсан. Энэ маш хангалтгүй тоо. Өнөөдөр твиттер, фэйсбүүк ашиглаж байгаа нь цахим боловсролтой гэсэн үг биш.

Цахим боловсрол гэдэг нь технологи ашиглан өөрийнхөө аж амьдралыг хөнгөвчлөх, цахим датаныхаа аюулгүй байдлыг хангаж чаддаг байхыг хэлнэ. Харамсалтай нь бид өнөөдөр зургаадугаар ангийн хүүхдүүдэд компьютер хэрхэн асаахыг зааж байна.

Цахим боловсрол боловсролын салбарын шинэчлэлтэй зайлшгүй холбоотой. Иймээс бид Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран мэдээллийн технологийн хичээлийг нэгдүгээр ангиас эхэлж зааж талаар яриа хэлэлцээ хийж байна. Цаашид 21 аймгийн 330 суманд сургалтуудыг тогтмол зохион байгуулна.

-Цахим боловсрол олгох хүрээнд Монгол Улсад анх удаа “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачлан зохион байгуулсан. Үүнийг дараагийн удаад үндэсний хэмжээний хөтөлбөр болгон тогтмол зохион байгуулах уу?

Эрэгтэй хүмүүс ажиллаж ирсэн энэ салбарт жендерийн тэгш бус байдлыг багасгах зорилгоор дэлхий дахинд эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх олон төсөл хөтөлбөр хэрэгждэг.

Үүний нэгэн адил миний санаачлагаар Код бичих охидын хөтөлбөрийг гурван сарын турш амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрт 21 аймаг 9 дүүргээс нийт 30 охин оролцсон бөгөөд өдөрт 12 цагийн хичээлд хамрагдсан.

Зөвхөн мэдээллийн технологийн хичээлээс гадна Англи хэл, гадаадад тэтгэлгээр суралцах зэрэг хичээлүүдийг мөн үзсэн. Өнөөдрийн байдлаар 10-аад охин Америк, Английн их дээд сургуульд мэдээлэл, технологийн чиглэлээр тэтгэлгээр суралцах эрхээ авсан.

Анх тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ ийм өндөр хандалт, эрэлттэй байна гэж тооцоолоогүй. Иймээс энэ жил хүрээгээ улам тэлж, код бичих үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эрэгтэй хүүхдүүдийг оролцуулахаар ажиллаж байна. Дашрамд хэлэхэд тус хөтөлбөрийг зохион байгуулахад улсын төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй бөгөөд технологийн компаниуд хамтарч ажилладаг юм.

-Цахим үндэстэн хөтөлбөрийг ярихад олон улсад Эстонийн жишээг дурдах нь элбэг. Манай цахим засаглалын жишиг улс болох боломжтой юу?

Бид анх Эстонийн загварыг авч ашигласан. Энэ хүрээнд Монгол Улсын төрийн бүх салангид системүүдийг нэгтгэсэн. Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн шинэчлэлүүдийг хийж байна.

Бид өнөөдөр ч гэсэн Эстони улсын Засгийн газар болон Цахим академитай нь өдөр болгон хамтарч ажилладаг. Үүнээс гадна Англи, АНУ болон Өмнөд Солонгостой хамтын ажиллагаа тогтоосон. Тухайлбал Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн агентлагтай хамтарч хиймэл оюун ухааны төвийг энэ жил нээхээр ажиллаж байна.

Залуучуудад мэдээлэл технологийн боловсрол олгох өндөр технологийн төвийг удахгүй ашиглалтад оруулна. Төв Азийн болон өөр бусад есөн орноос E-Mongolia-гийн жишгийг судлах, туршлага солилцох санал хүсэлтээ ирүүлсэн. Бидний ойрын зорилгын нэг нь E-Mongolia-гийн туршлага, жишээний хүрээнд гадны улс орнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

Энэ чиглэлээр орноос E-Mongolia академи байгуулагдсан. НҮБ-аас E-Mongolia-г олон улсын цахим шилжилтийн загвар жишээ болгох санал тавьсан. Энэ чиглэлээр НҮБ-тай хамтран олон улсын цахим засаглалын хурлыг ирэх тав, зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Цахим үндэстэн хөтөлбөрт яамны харьяа байгууллага болох Монгол шуудан компани, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн оролцоог хэрхэн хангах вэ?

Монголын нийт хүн амын 80 хувь нь интернет орох, ашиглах боломжтой бол үлдсэн 20 хувь нь байхгүй. Энэ хүрээнд Мэдээлэл холбоо сүлжээ компанитай хамтран үлдсэн 20 хувийн айлууд руу сүлжээ татах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн E-Mongolia академитай бас хамтарч ажиллана. УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гадны доноруудын төсөв буюу 250 сая ам.доллараар программ хангамж хийлгэсэн гэсэн судалгаа бий.

Энэ бол маш их тоо. Цахим засаглалаараа дэлхийд тэргүүлэх хэмжээний мөнгө салхинд хийсчихсэн. Харин E-Mongolia академийн хувьд эдгээр программ хангамжуудын тогтвортой ажиллагааг нь авч явах үүрэгтэйгээс гадна иргэдийг сургах тал дээр төвлөрч ажиллана. Тэгэхээр яамны харьяа байгууллагуудын оролцоо тэгш байж Цахим үндэстэн хөтөлбөр хэрэгжинэ.

-Дорнод аймгийн Халх гол сумын малчин Батаа аймаг, сумын төв орохгүйгээр төрийн үйлчилгээг 100 хувь утаснаасаа цахимаар авах тэр үе хэдий хугацааны дараа бий болно гэж та харж байна вэ?

Цахим үндэстэн болох стратегийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бидний төлөвлөснөөс илүү хурдтай явж байна. Төрийн үйлчилгээ авахын тулд аймаг, сумын төв орох шаардлагатай зэрэг хамгийн дapaмттай байдаг нь хөдөө орон нутгийн иргэд шүү дээ. Хөдөө орон нутгийн иргэд ирэх 1-2 жилийн хугацаанд төрийн үйлчилгээг 100 хувь гар утаснаасаа авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдаад удаагүй байна. Цахим үндэстэн хөтөлбөрөөс гадна тус яамны хийж, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулбал.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гол ажлын нэг бол Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Өнөөдөр дэлхийн 120 гаруй улс энэ чиглэлийн яамтай. Яамыг анхнаасаа цомхон, чадварлаг боловсон хүчинтэй байлгахаар ажиллаж байна.

Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадаад харилцаанд түлхүү анхаарч байна. Байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар дэлхийн 20 гаруй улсын цахим засаглалын байгууллагуудтай холбоо тогтоосон. Зөвхөн дотооддоо цахим засаглалын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна энэ салбарт дэлхийн жишиг улс, кейс болох бодлого баримталж байна.

-Ярилцсан танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *