УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Дамбын Хишгээгийн талаар ноцтой зүйл асуув. Тэрбээр…

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байнгын хорооны хурал дээр үг хэлэв.

“Энэ Хөшигтийн хөндийд Дамбын Хишгээ гэж нөхөр маш их том газар авсан. Үүнийгээ өөрөө авчихаад тэгээд улсад эдийн засгийн чөлөөт бүс болонгуут улсад өөрийнхөө газрыг “шахах” гэж байгаа гэж ойлгоод байгаа юм. Ийм зүйл байгаа юу?

Улсын төсвөөс энэ Дамбын Хишгээ гэдэг нөхөрт мөнгө өгөх юм уу? Энэ нөхөр хэдэн төгрөгийн хичнээн га газар авчихаад хэдэн төгрөгөөр улсад зарна гээд мөнгө угаалт хийх гээд байгаа юм? хэмээн асуусан юм.

Харин Хөшигийн хөндийн бүтээн босголтыг асуудлыг хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол: “Энэ эдийн засгийн чөлөөт бүс дээр байгаа 31 мянган га газар дээр Дамбын Хишгээгийн 500 га газар гэдэг хаягтай газар бол байгаа.

3 шатны шүүхийн шийдвэрээр энэ аж ахуй нэгж 41 хэсэг дээр ийм газар олголт хийгдсэн юм билээ. 3 шатны шүүхийн шийдвэрээр энэ газар маргаангүй, энэ хүмүүсийн үйл ажиллагаа явуулахад боломжтой гэсэн шийдвэр гарсан байдаг. Ингээд бол бидэнтэй энэ асуудлаа танилцуулсан.

Өөрсдөө Засгийн газраас гаргасан ерөнхий төлөвлөлттэй хот байгуулалтын чиглэлээр хийгдэх ажилтай уялдуулж хамтран ажиллана гэсэн ийм байдалтайгаар одоо бол ажиллаж байгаа” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Энэ Дамбын Хишгээ гэж нөхөр аймгийн даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу, эсвэл Сэргэлэн сумын засаг даргын шийдвэрээр газар аваад байдаг юм уу? Монгол улсын бүтээн байгуулалт хийх гээд Хөшигийн хөндий ярьж байдаг.

Тэгээд мэдээлэлд ойр байдлаараа юмуу сумын эсвэл аймгийн засаг даргын шийдвэр гаргаад газар авчихаад одоо миний газар гээд улсад зарах гээд сууж байгаа байхгүй юу.

Улсын газрыг улсад нь зарах гээд. Ингээд шүүхийг татаж оруулаад шүүхийнхээ талд ямар нэгэн байдлаар өөрсдийн талдаа шийдвэр гаргуулаад.

Одоо энэ хүн хэдэн төгрөгөөр улсыг ав гээд байна? Хэдэн төгрөгөөр? 500 га газар дээр хэдэн төгрөг нэхээд байгаан бэ? Д.Оюунхорол: Хишгээ бол өөрөө хэрвээ Засгийн газар бодлогоороо энд хот төлөвлөлт хийнэ асуудлаа шийднэ гэвэл бүтэн авч болно гэсэн саналыг тавьдаг юм билээ.

Гэхдээ ийм үнээр тийм үнээр гэдэг санал ерөөсөө тавьж байхыг нь би сонсоогүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *