Э.Пүрэвжаргал: 1998 онд “Дарь Эхэд” өөрийн гэсэн хашаатай болсон. Гэрлэж, тусдаа гарах хүртлээ тэндээ амьдарсан.

“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит киноны нэг гол шигтгээ нь Цэнгэлмаа буюу хэргийн эзэн болсон “нууц амpaг” бүсгүй. Үзэгчдэд үзэн ядaгдax басхүү үлгэр авмаар өөртөө арчаатай байдал нь хэдийн нийгэмд мессеж өгөөд эхэлсэн билээ.

Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргал 2014 онд “Зохиомж” дээд сургуулийг төгссөн ба ”Ороолон”, “Харанхуй хад”, “Захирагч Зий”, “Шинэ жил”, “Бүү март”, “Сүүлчийн шөнө”, “Богд хаан”, “Бумеранг” гээд чамлахааргүй олон кинонд тоглосон нэгэн. Ингээд түүнтэй танилцъя.

-Цэнгэлмаагийн хамгийн анхны дүр ямар дүр байв. Яг одоо үзэгчдийн хүртээл болж буй уран бүтээлийн тань нэрээр асуучихлаа?

“Эгэлийн гайхамшиг” гэж арилжааны бус кинонд тоглож байсан. Эерэг дүрд л дээ. Найруулагч Мандах, Гантулга нарын хамтын бүтээл. Гэгээнээ гэх эмэгтэйн дүрийг бүтээж байсан. Энэ дүр маань хөдөлмөрч мундаг, авьяастай сайхан сэтгэлтэй охины дүр. Миний бүтээсэн дүрүүд дундаас хамгийн эерэг, гоё дүр.

-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

Би ахлах ангидаа кабелийн сувагт хөтлөгч хийдэг байсан. Ажилдаа хичээнгүй байснаас уу, намайг үнэлсэн үү, удирдлагууд маань намайг “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элсүүлж өгсөн юм. Өдөр нь ажлаа хийдэг болохоор оройн ангид сурдаг байлаа. Нэгдүгээр дамжаанд ороод удаагүй байхдаа сургууль дээрээ төрийн шагналт Ц.Төмөрбаатар багшийг харсан юм.

Тэр хүнийг хараад л яагаад ч юм “Би жүжигчин болно” гэж бодсон. Ингээд нэгдүгээр дамжааны хоёрдугаар улирлаас ангиа сольж, Ц.Төмөрбаатар багшийн ангид орсон доо.

-Оюутан байх, ажлын талбарт гарах хоёр тэс өөр. Анх жүжигчин болоод сонголтынхоо талаар юу гэж бодсон бэ, мэргэн байсан уу эсвэл?

Миний төсөөлснөөр л угтсан. Аливаа уран бүтээлд тоглох үедээ жүжигчин хүн “махлуулж”, алдаа гарган загнуулсан ч ажлынхаа ард гарсны дараа маш гоё мэдрэмж төрдөг. Тийм болохоор энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Хэзээ ч мэргэжлээсээ уйдахгүй, байнга л бахархаж хайрлана даа.

Би “Кино цамхаг” студийн “Ороолон” аймшгийн кинонд 2016 онд үе тэнгийн зургаан жүжигчинтэй хамт тоглосон юм. Тэр үеэс л улам их дурласан байх. “Анхаар, мотор” гэж найруулагчийг хэлэхэд л түүний хүссэн дүрийг өөрөөрөө дамжуулан илэрхийлэх нь жүжигчин хүний үүрэг. Тэгж чадвал найруулагчийнхаа сэтгэл хангалуун байгааг харах нь надад асар их сэтгэлийн таашаал мэдрүүлдэг.

-Пүүжээ хаана, төрж өссөн бэ. Айлын бага гэж байсан?

Би Дархан-Уул аймагт төрсөн. Намайг гурван настайд манайх Улаанбаатарт нүүн ирж, айлын хашаанд бууж байлаа. . Нэг ахтай. Айлын бага гээд эрхлэх үе байдаг ч буруу эрхлээгүй. Манайх гял цал айл байгаагүй ээ. Багаасаа л ээж, ахыгаа ирэхэд гэрээ дулаахан, халуун хоолтой байлгах юмсан гэж хичээдэг байлаа. Багад ээж ажилдаа, ах хичээлдээ явчихна. Хашаандаа ганцаараа л өнждөг.

Тэр үед хамар хашааныхаа хүүхдүүдтай найзлах гэж оролдоно. Ер нь л хүмүүсийн арга эвийг олоод сурчихсан гэх юм уу даа. Тэр маань ч надад их хэрэг болдог. Олонх найруулагч хатуу үгтэй. Хатуу үг сонсолгүйгээр толгойгоо илүүлээд уран бүтээлч болно гэж байхгүй. Би эршүүд зантай болохоор үг даадаг ч байж мэднэ. Уяхан зантай хүн бол уйлаад л гараад гүйчихмээр үг сонсож л байсан.

Одоо хүмүүс “Энэ айхтар. Их сэргэлэн” л гэдэг юм. Загнуулсан ч “Дахиж ингэж хэлүүлэхгүй дээ” гэж хичээдэг болохоор тэр байх. Уран бүтээлч хүн зөв хор шартай байх ёстой гэж би боддог. Үе тэнгийн уран бүтээлчдээс ур чадварын хувьд дутахгүйг хичээнэ. Сайн явж байгаад нь атаархах биш, “Энэ хүн чадаж байхад би юугаараа дутах вэ” гэж өөрийгөө хурцалдаг.

-“Харанхуй хад” кинонд Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын дүрд тоглосон. Түүхэн хүний дүрд тоглох амаргүй байсан уу?

Энэ дүрд жүжигчин О.Долгор эгч бид хоёрыг шалгаж, намайг сонгосон юм. Тэгэхэд л асар их эмээсэн. Пагмадулам гэж хүнийг мэддэг хүмүүс нь одоо ч амьд байна. Тийм болохоор надад худлаа тоглох, хэтрүүлэх эрх байхгүй. Тиймээс ямар зан чанартай, сэтгэхүйтэй хүн байсан бэ гээд л судалгаа их хийсэн.

Киноны зохиолыг уншаад ийм тийм зан чанарыг нь тод харуулах шаардлагатай, үгийн сонголт ч өөр байх ёстой гэж бодож найруулагчтайгаа ярилцаж, өөрчилсөн. Ер нь жүжигчин хүн тайзны хөдөлгөөн буюу тулааны, бүжгийн эвсэл, дуулах гээд олон чадвар эзэмших хэрэгтэй гэж боддог.

-Өөрийг тань хамгийн ихээр зовоож бүтсэн дүр юу вэ?

“Хөхөөний үүр”-ийн Туяа. Би их зөөлөн хүн. Гэтэл тус кинонд хүүхэд хулгайлан хүнд өгч, бүх л муу муухай зүйлийг хийдэг эмэгтэйн дүрд тоглосон. Өөрөө эх хүн болохоор ч тэр үү, тэр дүрийг гаргах амаргүй байсан. Өөртэйгөө их л зөрчилдөж байж тоглосон. “Хөхөөний үүр” кинонд бас зургийн даргын үүрэг гүйцэтгэсэн.

-Хувцаслалт чинь хүмүүсийн анхаарлыг бас ихээр татдаг. Энэ тал дээр гол зөвлөгөө өгдөг хүн хэн байна?

Би 7-11-р анги хүртлээ загвар зохион бүтээгчийн улсын уралдаанд тасралтгүй нэгдүгээр байранд ордог байсан юм. Намайг орж байгаа гэхээр хүүхдүүд хоёрдугаар байрын төлөө өрсөлддөг байсан. Загвараа зохионо, хувцсаа өөрөө хийж, өөрөө өмсөөд, өөрөө тайзан дээр алхана. Одоо тулсан үед өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцасны загварыг зураад гаргачихдаг.

Тухайлбал, “Хөхөөний үүр” кинон дээр айхтар эмэгтэйн дүрд тоглосон учраас хамгийн даруухан ягаан дээл сонгож өмсөөд очсон. Загвараа өөрөө гаргасан юм. “Орилоон” кинон дээр зoдyyлж, нүдүүлдэг аймхай сул дopой эмэгтэйн дүрд тоглосон. Тэгэхээр нь дүрээсээ эсрэг том хар платье өмсөж байлаа. Ер нь киноныхоо дүрээс эсрэг байдлаар хувцаслаж очдог.

-Одоо үзэгчдэд хүрч буй “Бүтэн амьдрал” кино өөрийг чинь улам илүүтэй таниулж байна. Энэ киноны тухайд?

-Нуулгүй хэлэхэд анх энэ кинонд тоглож байхдаа л үзэгчид намайг “Ү з э н я д н а” гэдгийг мэдэж байсан /Инээв/. Цэнгэлмаа бол зохиол дээрээ гоё, сайхан эмэгтэй. Бас их зоримог. Түүнийг өөрөө бүтэн амьдралтай болохын тулд айлын амьдралыг үймүүллээ гэж буруутгаад, шүүмжлээд байгаа.

Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг Зоригоо түүнд сайн сайхныг амлаагүй бол тэр хүн тийм алхам хийх байсан уу үгүй юу. Нөгөөтэйгүүр Зоригоог татаад байгаа гол зүйл нь Цэнгэлмаагийн өөртөө итгэлтэй, гоё ганган, эмэгтэйлиг байдал. Эмэгтэй хүн хэтэрхий хүлцэнгүй бас хэтэрхий галзуу байж болохгүй.

Ямар ч тохиолдолд тунг нь тааруулж, өөрийгөө сайхан авч явах хэрэгтэй гэсэн мессежийг бас өгч байгаа гэж бодож байна. Би “Би Цэнгэлмааг ү з э н я д а ж байна” гээд биччихсэн чинь олон хүн Цэнгэлмааг бас өмөөрсөн байсан. Аминдаа арчаатай байж чадаж байна гэх зэргээр.

-Өөрийг чинь бас их шүтлэгтэй гэж сонссон юм байна?

Миний өвөө төрийн их зайран Д.Бямбадорж гэж хүн байдаг. Багаасаа өвөөгийнхөө дэргэд, шүтээний өргөөг харж өссөн болохоор их шүтлэгтэй.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Хаана ямар ажил эрхэлдэг, хэн гэдэг хүн байна?

Нөхөр хүүгийнхээ хамт амьдардаг. Нөхрийг маань А.Нямдаваа гэдэг. Математик, программ хангамжийн мэргэжилтэй. Хүүг маань Ханхүү гэдэг. Миний ажлыг маш сайн ойлгож, дэмжиж чаддаг хүн бол манай нөхөр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *