Д.Нарантуяа: Би ерөөсөө дуулдаггүй хүн. Гэхдээ тэсэлгээ хийсний дараа өөрийн эрхгүй дуу аялмаар болдог.

Монгол Улсын Гавьяат уурхайчин Д.Нарантуяаг урьж ярилцлаа. Тэрээр Монголын хамгийн анхны Гавьяат уурхайчин эмэгтэй болж түүхэнд бичигдсэн.

Хэдий зарим мэргэжлийг эрэгтэй эсвэл эмэгтэй хүн л хийдэг гэх хэвшмэл ойлголт нийгэмд байдаг ч угтаа бол тийм биш гэдгийг түүний 30 жил тэсэлгээчин мэргэжлээрээ амжилттай яваа нь батална. Тэрээр 1992 онд тэсэлгээчин болсноосоо хойш тэсэлгээний 5000 гаруй ажлыг удирдаж, оролцон хийжээ.

Д.Нарантуяа өдгөө уул уурхайн компанийн захирал болсон ч өөрийгөө тэсэлгээчин хэмээн танилцуулах дуртай. Ажлын гараа, амьдралд нь тохиолдсон багагүй зовлонг хэрхэн даван туулсан, монгол эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой яриаг өрнүүлснээ хүргэе.

“Өмнө нь нэвтрүүлэгт оролцох урилга олон ирж байсан ч дандаа хөдөө байж таардаг тул боломжгүй байлаа. Эгч нь хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна” хэмээсээр бидний ярилцлага эхэлсэн юм.

Тэсэлгээчин мэргэжил эзэмшсэн түүхээс тань хоёулаа яриагаа эхэлье.

Дээр үед өөрт оногдсон сургуулийн хуваарийн дагуу л мэргэжлээ сонгодог байсан шүү дээ. 1986 онд одоогийн ШУТИС-ийн Уул уурхайн ангид хуваарилагдан төгсөөд Шарын голын уурхайд анх ажилласан юм.

Ээж, аав хоёр хоёул төмөр замд ажилладаг байсан ч би бага байхаасаа л хайгуулч, геологич болно гэж боддог байлаа. Уг нь Политехникийн сургуульд элсэхэд анх авто инженерийн анги таарсан байв. Гэхдээ Геологи, хайгуул, ашигт малтмалын орд ашиглалт гээд их урт, гоё нэртэй анги шиг санагдаад сургуулийн үүдэнд нэг эгчтэй сургуулийн хуваариа сольчихсон.

Төгсөх жилдээ хөрс хуулалтын бие даалтын ажлаар Багануурын уурхайд тэсэлгээ хийж байв. Тухайн үед тэсэлгээг маш гоё гэдгийг нь мэдрээд л өнгөрсөн. Сургуулиа төгсөөд Шарын голын уурхайд технологит дамжлагын ээлжийн мастер хийж байхад ажилтнууд “Өнөөдөр тэсэлгээтэй” хэмээн хоорондоо ярилцахаар бүр хармаар санагддаг байж билээ.

Тэсэлгээ хийх үеэр ажилтнуудыг хол байхыг шаарддаг байсан ч би сэмхэн нуугдаж хардаг, тэсэлгээнд тийм их “хорхойтой” байлаа. Удалгүй уурхайн хүний нөөцийн хэлтсээс намайг өрөмдлөг системийн хэлтсийн даргаар томилсон. Тэгээд л 1992 оноос эхлэн тэсэлгээ хийдэг болж үнэмлэхээ авахад хамгийн анхны эмэгтэй тэсэлгээчин болж буйг маань хэлж байсан.

Та ээж ааваасаа хэдүүлээ вэ?

Ээж аав хоёр маань найман хүүхэдтэй, бид ам бүл арвуулаа. Хоёр эгчтэй ч тэд хүнд өргүүлчихсэн учир би бараг айлын том хүүхдийн үүрэг гүйцэтгэж, дүү нараа анхаардаг байлаа. Гэрийнхэн маань намайг мэргэжлээ солилоо, өөр мэргэжил сонго гэж огтхон ч хэлж байгаагүй.

Тухайн үед сургуулиас өгсөн хуваарийн дагуу ажиллах ёстой байдаг байлаа. Би ер нь их азтай хүн. Тэр үед оюутны тэтгэмж олгогддог байхад нь суралцаад төгссөн. Төгсөөд ажлын байр маань ч бэлэн, ер нь одоо бодоход их азтай байсан.

2019 онд Монгол Улсын анхны эмэгтэй Гавьяат уурхайчин болсон шүү дээ. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач.

Өмнө нь дурдсанаар анхны эмэгтэй тэсэлгээчин болж байв. Түүнээс хойшхи шагналуудаа авахад “Анх удаа эмэгтэй хүнд олгож байна” гэх үгийг их сонссон. Уул уурхайн тэсэлгээний инженерүүдийн холбооноос “Манлай тэсэлгээчин” хэмээх цолыг анх удаа эмэгтэй хүн авч байна хэмээж байсан.

Түүний дараа тэсэлгээний чиглэлээр анх удаа эмэгтэй хүн “Алтан гадас” одон авч байна гэж билээ. Ер нь тэр бүрд нь огшиж, сайхан санагддаг. Сүүлд Гавьяат уурхайчин цол тэмдгээ авахад хамгийн сайхан санагдаж байв. Учир нь Гавьяат уурхайчин эмэгтэй өмнө нь байгаагүй юм билээ. Ер нь уул уурхайн салбарт маш олон эмэгтэй ажилладаг. Тэр олон бүсгүйчүүд мэдээж шагнал авч л байсан байх. Тиймээс би анхдагч гэж хэлүүлэх тийм ч их дуртай биш. /инээв/ Би “Алтан гадас” одон аваад сүр болгож, найр хийгээгүй. Тохироо нь бүрдээгүй гэх юм уу даа. Мөн Гавьяат цол тэмдэг авсны дараахан цар тахал гарсан учир мөн л даруухан өнгөрсөн.

Анх 2000 онд Улсын тэргүүний уурхайчин цол авахад маш их баярлаж билээ. Амралтын өдрүүдийг ч алгасалгүй, баяр ёслолын үеэр ч ажиллаж байсны минь үр дүн энэ шагнал, үүнээс өөр зүйл над хэрэггүй гэж бодогдож байсан. /инээв/ Тэгээд дараа нь 2005 онд “Алтан гадас” одон авахад ялгаагүй маш их баярласан.

Түүний дараа 2019 онд Гавьяат цол тэмдгээ аваад “Би улам л хичээх ёстой. Энэ хүмүүсийг ч гавьяат цол авах хэмжээнд хүртэл улам сайн сургах, туслах ёстой. Тэд над шиг, надаас ч илүү болох хэрэгтэй” хэмээн бодогдсон. Энгэртээ Гавьяатын тэмдгээ зүүгээд очиход ажлын хамт олон маань бөөнөөрөө баяр хүргээд л маш сайхан байсан.

Сайн мэдэхгүй юм. Гэхдээ би өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй ч аливаа саад бэрхшээл тулгарахад ямар нэгэн аргаар өөрийгөө аваад гарчихдаг чадвартай гэдгээ мэдэрдэг. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон яаж ийж байгаад л даваад гарчихсан байдаг.

2003 онд ажлын байран дээрээ авто осолд ороод хоёр хөл, нэг гараа хугалсан. Эмнэлэгт очиход “Хоёр хөлийг чинь тайрахаас өөр аргагүй” гэхэд “Хөлгүй болох нь дээ” гэж бодон хямраад хэвтэж байтал зөвлөх эмч нь “Тайрахгүй юм байна” гэхэд нь сэтгэл цэлмэх шиг болсон. “Би ямар ч л байсан хөл дээрээ босно” хэмээн зүтгээд гурван сар хэвтээд боссон.

Хүний сэтгэлийн тэнхээ л мэддэг юм билээ. “Үр хүүхдийнхээ төлөө заавал босно” хэмээн шүдээ зуугаад л зүтгэсэн. Тухайн үед нөхөр маань ч өнгөрөөд их хэцүү байсан. Яг цагаа тулахад эмэгтэй хүн ямар ч зовлонг даваад гарах маш их тэвчээртэй. Хоёр хүүхдээ харахаар л нулимс дүүрээд ирнэ, хааяа байшингийнхаа ард нуугдаж уйлдаг байсан. /уйлав сурв./ Ер нь ямар ч эмэгтэй хүн хэр баргийн зoвлонг даваад гарчихдаг гэж боддог.

Тийм хүнд ocлын дараа эргээд ажилдаа орох талаар бодохдоо эргэлзэж байв уу?

Огтхон ч үгүй. Тухайн үед эргээд ажилдаа ороход Шарын голын уурхайг хувийн байгууллагад шилжүүлээд Орос удирдлагатай болсон байсан. Би ажилдаа эргээд орох талаар шууд ороод уулзтал бие тэнхэртэл эхлээд түр диспетчер хий гэснийх нь дагуу хэсэг хугацаанд ажилласан.

Хүн ажил хийгээд хамт олныхоо дунд орохоор сэтгэл санаа ч сэргэдэг юм билээ. Тэгээд хоёр суга таягтай ажилдаа ороод хоёр сар гаруй диспетчер хийж байгаад хэлтсийн даргаар томилогдсон.

Тэгээд 2007 онд “Очир-Ундраа” группын урилгаар хотод ажиллахаар ирж “Мера” компанийн тулгын чулууг тавилцсан. Анх тэсэлгээ, өрөмдлөгийн ажлыг хариуцан, хүмүүсээ сургаж эхлэхэд хоёр хүн байсан бол өдгөө маш олон ажилтантай том компани болсон.

Тухайн үед хөлийн маань хадаас далийгаад маш их өвддөг байсан тул цалингаа цуглуулсаар 2011 онд эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон. Нэг хөлдөө шинэ төмөр хийлгүүлэхэд шарх маань маш хурдан аньж буйг хараад солонгос эмч нар гайхаж билээ. Сар болоод эдгэдэг шарх, долоо хоноход битүү аньсан.

Таны шapх тийм хурдан аньж байсан нь юутай холбоотой байсан гэж боддог вэ?

Биеийн эcэpгүүцэл сайтай монгол хүний онцлогтой холбоотой. Мөн хөдөө хээр явж ажилладаг, бие чангатай байдал маань ч нөлөөлсөн байх. Дараа нь 2014 онд нөгөө хөлийнхөө хагалгааг хийлгэсэн. Одоо бараг гүйж байгаа. Өвдөлт мэдрэхгүй болохоор хүний сэтгэл санаа ч тайван, сайхан байдаг юм байна.

Хөдөө явж тэсэлгээ хийхгүй удахаар нэг л сонин байдаг юм. Тэсэлгээний шатаадаг утасны үнэр их хүхэрлэг, хүмүүс муухай үнэртэй гэдэг юм. Харин надад маш гоё үнэртэй санагддаг. Уурхай руугаа явахгүй удахаар тэр нь сүүлдээ зүүдэнд хүртэл үнэртэнэ, тэсэлгээ хийж байна гэж зүүдэлнэ.

Хагалгаа хийлгээд ирсний дараа намайг хөдөө явуулахгүй, хотод оффист ажиллуулаад байхаар нь сүүлдээ даргаасаа гуйн хааяа тэсэлгээ хийхээр явдаг байв. Компани байгуулагдаад удаагүй байхад тэсэлгээ хийхээр хэдэн сараар хөдөө орон нутгаар явдаг байлаа.

Энэ үедээ залуу хүүхдүүдээ сайн сургах нь миний хувьд чухал байсан л даа. Одоо тэд маань дор бүрнээ маш амжилттай яваа. Зарим нь уул уурхайн компани удирддаг болсон. “Нараа эгчийн сургасан хүнийг л авмаар байна” хэмээн хааяа надаас ажилтан сурагладаг юм. /инээв/ Ер нь сургаж байгаа залуу боловсон хүчнээ нямбай, хаана ч гологдохгүй нэгэн болоосой гэж хүсдэг дээ.

Би ерөөсөө дуулдаггүй хүн. Гэхдээ тэсэлгээ хийсний дараа өөрийн эрхгүй дуу аялмаар болдог.

Ажилдаа баримталдаг таны гол зарчим юу вэ?

Маш нягт нямбай байх ёстой чадварыг шаарддаг. Тэсэлгээчний мэргэжил алдах эрхгүй байдаг. Зарим мэргэжилд эхний удаад алдсан ч дараагийн удаа засчихъя гэдэг бол тэсэлгээчин хүнд тийм эрх байдаггүй. Маш эрсдэлтэй, амь насанд аюултай ажил.

Түүнээс гадна алдаа гаргавал тухайн уулын бүтэц эвдрэх аюултай. Тэсэлгээчин хамгийн эрсдэлтэй ч мөн хамгийн гоё ажил. Бидний ажлын үр дүн нүдэн дээр шууд харагддаг. Цооногууддаа тэсэлгээгээ цэнэглэж холбоод бүх холболтоо шалгасны дараа тэсэлгээгээ хийхэд ямар гоё байдаг гэж санана аа.

Би ерөөсөө дуулдаггүй хүн. Гэхдээ тэсэлгээ хийсний дараа өөрийн эрхгүй дуртай дуугаа аялмаар болдог. Чин сэтгэлээсээ баяр баясал мэдрэгддэг юм. Өдгөө би компанийн гүйцэтгэх захирал албан тушаалтай ажилладаг ч тэсэлгээ бүр дээрээ хамт байдаг.

Мэргэжлийн онцлогийн дагуу их гярхай болчихдог юм билээ. “Тэр алдаатай байна шүү” хэмээн хашхирахад “Та сая өөр тийшээ хараад зогсож байсан биз дээ. Ардаа нүдтэй юм уу” хэмээн хошигнон асуудаг юм. Жоохон алдааг хүртэл андахгүй болчихдог.

Зарим нь алдаагаа нууж гүрийдэг л дээ. Тиймээс би ажилтнуудтайгаа нэг бүрчлэн уулзаж илэн далангуй байх, шударга ажиллах, ингэснээр ямар нэгэн эрсдлээс сэргийлж болдгийг ойлгуулахыг хичээдэг. Манай залуус намайг их сайн ойлгодог.

Удирдах түвшний ажилтны хувьд өөрийн ажилтнуудын ар гэр, амьдралын асуудлыг хуваалцах үе бий. Аливаа асуудал, зовлон бэрхшээлд нь аль чадлаараа туслахыг эрмэлздэг. “Хоолны махгүй болсон” гэхэд нь гэрийнхээ махаа өгчихнө. Хүүхдүүд маань ч “Ээж та хүнд байдгаа бариад өгчихдөг сул талтай шүү” хэмээн зэмлэдэг л юм.

Ажил дээр ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэхгүй. Таны хувьд яг одоо санаанд тань бууж буй, хамгийн том сургамж болсон үйл явдал юу вэ?

Хааяа нэг алдаа гарах зүйл байна. Гэхдээ маш ховор. Энэ нь ажилтнаас бус зөвхөн техник хэрэгслээс шалтгаалдаг л даа. Бид мэдээж тэсэлгээний үед маш нямбай хандаж, хувь хүний алдаанаас үүдсэн эрсдэлийг гаргахгүйг хичээн ажилладаг. Харин үйлдвэрийн дефекттэй, ямар нэгэн зүйл нь дутуу бараа материалыг гаднаас нь хараад огт мэдэх боломжгүй байдаг. Бид тэсэлгээ хийхээс өмнө хэд хэдэн удаа шалгадаг.

Хэрэв үйлдвэрийн алдаанаас шалтгаалсан байвал андашгүй. Алдаа гарсан даруйд зургийг нь аваад бараа нийлүүлсэн компани руугаа явуулж мэдэгдэн дор нь арга хэмжээ авахгүй бол тэсэлгээнд дахиж эpcдэл үүсвэл техник эвдэрнэ, хүний амь эpcдэх аюyлтай.

Тиймээс бид хувь хүнээс гарах алдааг тэглэж ажилладаг. Анх тэсэлгээчин болж байсан үетэй харьцуулахад техникийн алдаа бараг гарахаа байсан гэж хэлж болно. Учир нь техник, технологи хөгжсөн өнөө цагт эрсдэлтэй бараа материал ирэхээ больсон.

Нэг удаа тэсэлгээний холболтоо төлөвлөснөөс арай өөр хэлбэрээр хийхээр болтол бидэнд материал дутчихсан. Тэсэлгээ хийхэд угтаа бол 500 метрээс гал өгөх ёстой. Гэтэл бидэнд 150 метр зайнаас л гал өгөх материал байлаа. Гэрээт компани учир яг л товлосон цагтаа тэсэлгээ хийхийг шаарддаг. Тиймээс яг цагт нь хийхээс өөр арга байгаагүй.

Тав, зургаан залуу ажилтантайгаа талбайгаа сайтар шалгаад, бүх зүйл бэлэн болсны дараа би өөрөө гал өгөхөөр багажаа суган доогуураа бариад нөгөө хэдийгээ гүйлгэчихсэн. Товчлуураа дартал долгионы цохилтод ороод урагшаа годройтоод унаснаа санадаг юм. Миний өмнө 100 метрийн зайд гүйж байсан нөгөө хэдийн хүрэмний хормой сөхөгдөөд мөн бүгд урагшаа унасан.

Тэсэлгээ дуусаад тэр хэд надад санаа зовоод гүйгээд ирэхээр нь бушуухан өөрөөсөө холдуулах гээд талбайгаа очоод шалга гэж хэлээд явуулчихсан. Учир нь миний баруун гуя нойтон оргиод, цyc урсаж байгаа нь надад мэдрэгдээд байв. Хэрэв тэдэнд хэлчихвэл айж сандарна гэж бодсон хэрэг л дээ.

Тэгээд цамцаараа хөлөө тас ороочхоод машинд ороод суучихсан. Харин жолоочид юу болсон талаар хэлсэн. Бид үлдэгдэл материалаа тушаачхаад эргээд бааз дээрээ очоод буух гэтэл машины сандлын бүрээстэй хөл наалдаад, тушчихсан байсан. Жолоочийнхоо цамцыг бүслээд гэр рүүгээ ороод, шархаа цэвэрлэж байхад шалан дээр “под под” гээд цус дусалж байсныг санадаг юм.

Судас дайрчихсан юм шиг байгаа юм. Тэмтрээд үзтэл нэг хатуу зүйл байна. Сугалтал тэсэлгээний капсулны төмөр шигдсэн байсан. Тэгээд спирттэй хөвөн тавиад, чанга боогоод энэ талаар хэнд ч битгий хэлээрэй гэж жолоочдоо захиад унтчихсан. Гэтэл жолооч нөгөө хэдэд аль хэдийнэ хэлчихсэн, өглөө нь айж сандарсан хүмүүс орж ирсэн. Шарх маань гурав хоногийн дараагаас арай гайгүй болсон.

Мөн нэг удаа шонгийн модны нүх гаргах тэсэлгээ хийх болсон юм. Нэлээн гүн нүх рүү орсон нэг ажилтан залуу маань та галаа асаачих гэхээр нь асаатал, өнөөх маань гарч ирдэггүй. Юмыг яаж мэдэх вэ, машинаа гэмтээж магадгүй гээд даруй явуулчихсан.

Нөгөө залуугаа татаж гаргаад хоёулаа хар хурдаараа гүйсэн. Өнөөх маань надаас арай хурдан, намайг хүлээх гээд байхаар нь “гүй, гүй” хэмээн хашхираад л хойноос нь гүйж байтал удалгүй тэсэрлээ. Тэгтэл яг хажууд маш том чулуу унасан. Маш азтай. Нэг бодлын азтай ч, заримдаа азгүй мэт санагддаг. Бэртэж гэмтээд, өвдөхөөрөө азгүй мэт санагдаад, эpcдэлээс амь мултас гарсан үеүүдээ бодохоор азтай ч юм шиг бодогддог.

Заримдаа халширмаар, ажил тань хэцүү санагдах үе байсан уу?

Үгүй ээ. Би Алагтолгойн уурхайд тэсэлгээ хийхээр явахад хоёр шинэ залуу дадлага хийх гээд хамт явсан. Цаг давчуу учир бүтэн хоёр өдөр, шөнө цэнэглэж, нэлээн шахуу ажилласан. Манай залуучуудын хэлдгээр би талбай дээр байхдаа их ууртай хүн болчихдог юм.

Надтай ойрхон байж болохгүй, аль болох зугтдаг хэмээн хошигнодог. Харин тэсэлгээний дараа над шиг сайхан ааштай хүн байхгүй юм гэнэ. /инээв/ Тэгсэн нөгөө хоёр залуугаа нэлээн шахаж ажилласан чинь сүүлдээ хөл дээрээ тогтож чадахгүй байна гээд бараг мөлхөж холболтоо хийсэн. Мөлхөж хийвэл алдана гээд би ч өөрөө хамжаад ажилласан.

Тэд тэсэлгээ хийснээ дараа цаашдаа хийж чадахгүй юм байна гээд буцсан даа. Тэсэлгээний ажил эхэндээ их хүнд санагддаг. Шуудайтай материалаа талбай дээр үүрч дүүрээд л цооног бүрд аваачин холбож түгжинэ, гар ажиллагаа нь нэлээн хүнд.

Би ч мөн ядардаг л байсан. 50 кг-ын шуудайтай материалаа үүрээд залуучуудтайгаа зэрэгцээд л саяхныг хүртэл гүйдэг байлаа. Гэхдээ бид ямар ч байсан энэ ажлыг нямбай хийх ёстой, дуусгах хэрэгтэй, алдах эрхгүй гээд л бодчих юм бол ард нь амжилттай гарчихдаг. Шинэ инженерүүд багагүй шантардаг. Одоо гэхдээ техник технологи харьцангуй сайжирч ихэнх зүйл автомат болсон нь сайшаалтай.

Ажлаас түр хөндийрөөд өөрийнхөө алжаалыг тайлдаг хобби тань юу вэ?

Ном унших дуртай. Номыг боть, ботиор нь цуглуулах хоббитой. Зузаан ном харахаар л өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод байдаг юм.

Номын сан орохоор олон цагаар суучихна. Дэлгүүр орохоор ээж хаана байна гэвэл хүүхдүүд “Номын тасгаар л байгаа биз” гэдэг. (инээв) Ихэвчлэн детектив, адал явдалтай, тулаантай зохиолууд их таалагддаг. Гэхдээ сүүлийн үед түүхэн романууд их уншдаг болсон. Хамгийн сүүлд Хонхэрээдийн Б.Энхбатын “Үе залгамжлагчид” зургаан боть номыг уншсан.

Та эр зориг, тэсвэр хатуужил шаардсан ажил эрхэлдэг, амьдралдаа багагүй зовлон туулаад гарсан хүний тань хувьд асуухад эмэгтэй хүний амьдралын зарчим, үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?

Хамгийн чухал зүйл нь гэр бүл. Үр хүүхдэдээ ч, уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүддээ ч хэлдэг юм. Маш олон хоногоор хөдөө, гэр бүлээсээ хол ажиллах их хэцүү, ажлаас бусад бүх зүйл хаягддаг. Тэгэхээр гэр бүлдээ цаг зав гаргахын тулд өглөө гараад орой тогтсон цагтаа ирдэг ажил эрхлэх хэрэгтэй. Тэсэлгээний ажилд тооцоолол маш чухал бөгөөд тэр дундаа ажлаа нягт нямбай хийж, хариуцлага хүлээх чадвартай сэтгэлтэй байхыг шаарддаг.

Эмэгтэй хүн бүхнийг амжуулж, бүгдэд сэтгэл гаргаж, аливааг маш сайн хийдэг чадвартай, байгалиасаа төрмөл өгөгдөлтэй төрдөг байх. Мөн хариуцлагатай, үнэнч, хийвэл хийсэн шиг хийж, өлссөн ч өл дааж чаддаг, зовсон ч чимээгүй даваад гардаг гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: GOGO NEWS

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *