СӨХ-ын дарга хийж буй Т.Мишээл: Үнэнч шударгаар гоё ажиллаж, өрсөлдөх ямар ч боломжгүй болсон юм байна.

Энэ удаагийн дугаарт хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар их сургуульд сурдаг, мөн амьдарч байгаа байрныхаа СӨХ-ны дарга хийж буй Т.Мишээл оролцлоо.

Түүний хувьд залуу хүн аливаа зүйлийг хийж бүтээе гэхээр дээд үеийнхэн шахаж хавчих, урмыг нь хугалж, сэтгэлгээний хувьд саад болдог тухай ярилаа. Эдгээр ёс суртахуунгүй хандлагаас үүдэн СӨХ-ны үйл ажиллагаа доголдож нийгэмд хүний амь нас эрүүл мэнд эрстэх эрсдэлтэй байдгийг онцолсон юм.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаарай?

Намайг Т.Мишээл гэдэг. Хүүхдээ гэртээ харж байгаа. Эдийн засгаар сурдаг. Дөрөвдүгээр курсын оюутан. Хотхоныхоо СӨХ-ны даргыг хийдэг ийм хүн байна. СӨХ-ны дарга гэхээр хүмүүс намайг шоолоод байдаг юм.

-Яагаад шоолдог билээ?

Их хэл амтай ажил гээд л. Дандаа хэл ам хийх ёстой юм шиг өөрсдийгөө кодолчихсон хүмүүс байдаг. Магадгүй биднээс дээд үе, ах эгч нарын наснынхан бусадтай харьцдаг, ажил нугалдаг хандлага тийм байсныг үгүйсгэхгүй. Дарга гэдэг сэтэр зүүхээрээ өөр болдог ч юм шиг. Бүх л байгууллагад, төрийн албанд ч тэр, хувийн хэвшилд ч тэр хараад байхад 40-60 насныхан удирдах албан тушаалд байна.

Ороод ярихаар яриа, долгион нийлдэггүй сонин. Бид нар инээд алдаад л их энгийнээр, сайн байна уу дарга аа тантай уулзах гэсэн юм. Ийм ажил байна гэхээр урдаас, “цаг авсан уу? Би завгүй байна. Чи бичиг баримтаа тэнд үлдээчих гээд л”.

Хороо дүүргийн дарга нар дандаа хөгшин хүмүүс байдаг. Миний үеийн удирдах албан тушаалтай хүмүүс дээр яваад очихоор их өөр. Цай уух уу, кофе уух уу. Ямар асуудал байна. Үүнийг яаж даван туулах вэ гэдэг талаас нь ярьдаг.

-Эдгээр хандлагуудад урам хугарах үе байв уу?

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Урам хугалах их зүйл гарч байлаа. Манай СӨХ-ны удирдах, хяналтын зөвлөл бүх оршин суугчдадаа тайлангаа тавьсан юм. Маш их ажил хийсэн гээд би ч өөрөөрөө бахархаж байлаа.

Удирдах зөвлөл ч бид маш олон ажил амжуулсан байна. 6-8 сарын хугацаанд ингэж ажил амжуулахгүй гээд л өөртөө итгэлтэй хурал руугаа орсон. Тэгэхэд нэг өвөө, миний дүү нялх нойтон хүүхэдтэй байж, чамд ийм ажил зохихгүй. Чи хийж чадахгүй. Миний дүү энэ хүмүүсийг хүндлээд халагдах өргөдлөө бичээд өгчих гэсэн. Би тэнд чонон дунд хавчуулсан хурга шиг л байсан. Надад их хэцүү санагдаж байлаа.

-Яагаад тэгж байгаа юм бол?

Намайг явуулчихвал оршин суугчдын эрх ашгийг хамгаалаад барилгын компани, хороо дүүрэгтэйгээ үзээд заргалдаад явах асуудал байхгүй болох учир энийг гялс явуулъя гээд тийм хүн аваад ирсэн. Тэр өвөө манай оршин суугч байгаагүй. Уг нь 200 гаруй айлын л СӨХ-ны асуудал. Зөвхөн намайг унагаах гэж их зохион байгуулалттай хүн авчраад доромжилдог. Түүнийгээ шаардлага гэж хардаг.

Тэгээд сошиал ашиглаад сурчхаж. Сошиалаар дайрч, бөмбөгдөж, харлуулаад л. Хүн чанар хүнлэг зүйл байхаа больсон байна билээ. Нэг нь наадах чинь хэрүүлч, яг СӨХ-оос мөнгө идчихсэн гээд хэлчихвэл нийтээрээ итгэчихдэг.

Цагдаа дээр дуудагдаад очсон чинь хорооны цагдаа намайг ажлаа өг гээд л. Цагдаагийн тэр хүйтэн өрөөнд хүүхдээ тэврээд 10-20 минут загнуулаад, уйлаад л зогсож байлаа. Хорооны засаг дарга хүртэл наадахаа унагаахын тулд гарын үсэг сайн зуруул.

Болохгүй бол цагдаагаар хамгаалуулаад өгье гээд. Шат шатандаа ялзарсан байдал үүсчхэж. Үнэнч шударгаар гоё ажиллаж, өрсөлдөх ямар ч боломжгүй болсон юм байна.

Заавал таньдаг мэддэг хүнрүүгээ хандаж, ЦЕГ ажилладаг найзруугаа ярих ёстой юу. Би тэгмээргүй байна. Албан тушаал, тушаалынхаа хувьд уулзаад ойлголцдог асуудлыг шийддэг баймаар байна. Их хэцүү яагаад хийж байгаагаа дэмжээд байж болдоггүй юм. Биенийгээ зулгаасаар байгаад ажил явуулахаа больчихсон.

-Таны хувьд яагаад ингээд хавчигдаад байж хийгээд байгаа юм бэ? Сэтгэл санаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа шүү дээ?

Сэтгэл санаагаар унахаар турдаг юм байна. хоолноос гардаг юм байна. Хүүхдээ хөхүүлж чадахаа байдаг юм байна. Хөхний сүү гарахаа больсон. Нөхөр уурлаад наад ажлаа боль. Хэн ч чамайг үнэлдэггүй юм байна. Үнэлдэггүй газар битгий өөрийнхөө хүч хөдөлмөр энергийг зараад бай гээд л. Хийх гээд байгаа шалтгаан нь би тэр байранд өөрөө амьдардаг.

Анх авсан байр. Бид хоёрын хөрөнгө. Зовж олсон мөнгө юм чинь бид хоёр таатай орчинд амьдармаар байна. Гоё сандал байдаг газар хүүхдээ салхилуулмаар байна. Амьдралыг стрессгүй болгодог зүйл энэ. Байрныхаа гадаа налайгаад сууж байх гоё. Тийм болгоно гэж бодож эхлүүлсэн ажил. Оршин суугчид СӨХ-оо авахгүй бол СӨХ ажиллахад барилгын компанид ашигтай.

Тэд оршин суугчдын эрх ашгийг хамгаалахгүй шүү дээ. Манай байр баригдаад гурван жил болж байгаа. Лифтэндээ хөндлөнгийн шалгалт оруулж байгаа юм. Шалгалт хийж байгаа компани нь, ер нь дажгүй. Тосны сав нь алга, троссны тохиргоо алга, кабины тохиргоо алга. Гэхдээ дажгүй гэж байгаа юм. Би гайхаад байна. Энэ яагаад дажгүй вэ?

-Үүнийг та юу гэж харж байна вэ? Лифттэй холбоотой маш том асуудал саяхан гарсан шүү дээ?

Бүр нэг хэвшчихсэн ойлголт байна. Нэг ширхэг боолт дутах нь болохгүй зүйл байхад, тэрийгээ юман чинээ тоохоо больсон. Лифт хариуцдаг компаниуд нь ч тэр, ашиглалт хариуцаж байгаа компаниуд ч тэр, СӨХ ч тэр. Лифт унаад хүүхдийн амь эрстсэн нь 100 хувь СӨХ хариуцах ёстой зүйл. Улсаас түүнийг нь яагаад шалгадаггүй байсан юм.

Түүний дараа учиргүй их шалгадаг болсон шүү дээ. Хүн төрөлхтөн үүсээд хэдэн жил болж байгаа юм. Дөнгөж амьдарч байгаа юм шиг алдаа гарсных нь дараа засдаг байх шаардлагагүй шүү дээ. Бүх зүйлийг стандартынх нь дагуу байлгахад л болчихно. Тийм байхад тэнэг байдлаасаа болж асуудал үүсгээд хүн хохироогоод байна.

-Танд хэлмээр байгаа зүйл байна уу?

Гэртээ сууж хүүхдээ харж байгаа ээж нарыг улсаас гэртээ хүүхдээ хараад зүгээр суу. Улс чамд хүүхдийн сүү памперсны мөнгө өгье гэж онцгой хандаад тухайн хүнийг зүгээр суулгах гээд байдаг. Гэтэл гэртээ сууж байгаа ээжүүд огт тэгэхээ больсон. Монголчуудыг залхуу гээд байдаг. Бидний үеэс эхлээд монголчууд их ажилсаг болоод байгаа юм шиг харагддаг.

Тийм байхад хийж бүтээе гэсэн залуу хүнийг битгий унтраагач ээ гэж хэлмээр байна. Ахмад хүмүүс намайг хэлээд ухамсарлах үгүйг мэдэхгүй. Яг ажиллаж байгаа залуучууддаа байраа тавиад өгөөч ээ. Үгүй юм аа гэхэд дэмжээд өгөөч ээ.

Муу санаа, буруу санаагаар юманд битгий хандаж бай. Үүнээс ашиг харж болох юм байна гэдэг санаагаар хандаад байгаа юм. Тэрийгээ гүйлгээ ухаан гээд ойлгочихсон. Үүнийгээ сэргэлэн зан гэж бодохоо боль. Одоо энэ чинь амжилтад хүргэхээ больсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *