Цар тахал эхэлсэн цагаас хойших коронавирусийн хамгийн том дэгдэлт Хятадад эхэлжээ.

Пүрэв гарагт Хятад даяар коронавирусийн дотоодод дамжсан 1,100 халдварын тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр энэ нь дэлхийн бусад улс орнуудынхтай харьцуулахад бага хэдий ч Хятадын стандартаар бол маш өндөрт тооцогдож байна.

Тодруулбал 2020 оны эхээр Ухань хотод цар тахал эхэлснээс хойших тус улсын хамгийн том дэгдэлт болжээ. Өнгөрсөн хугацаанд Хятад улс “Zero-covid” буюу хатуу хязгаарлалт, хөл хорионы дэглэмээр вирусийн тархалтыг зогсоох бодлого баримталж байв.

Өнөөдрийн дэгдэлт Хятадын 20 мужийн олон арван хотод зэрэг бүртгэгдээд байна. Хамгийн том голомт нь зүүн хойд Жилин болон зүүн Шандун мужууд болжээ. Мөн Бээжин, Шанхай зэрэг том хотуудад голомт илрээд байна.

Жилин мужийн төв, 9 сая оршин суугчтай Чанчун хот өнөөдрөөс эхлэн бүхэлдээ хөл хорионы дэглэмд шилжжээ.

Хотын өрх бүрээс зөвхөн нэг хүн хүнсний бараа худалдаж авахаар гадагш гарах эрхтэй болсон байна. Шандун мужийн 10 сая оршин суугчтай Чиндао хотод мөн ижил арга хэмжээ авчээ.

Эдгээр хотуудад коронавирусийн Омикрон хувилбар тархсаныг албаныхан мэдээлж байгаа юм. Сүүлийн үед иргэдийн дунд “Zero-covid” бодлогыг шүүмжлэх, дургүйцэх явдал нэмэгдсэн байна. Тиймээс Хятадын зарим удирдагчид, эрдэмтэд уг бодлогоос татгалзах санаа цухуйлгаж эхэлжээ.

Тухайлбал Хятадын халдварт өвчин судлалын үндэсний төвийн ахлах судлаач Зэнь Гуань “Zero-covid” стратегийг “өөрчилж болохгүй зүйл биш” гэж өнгөрсөн долоо хоногт Вэйбо сошиал хуудсандаа бичиж байв. Гэхдээ тархалтын оргил үед “хаалгаа нээх хэрэггүй” гэж тэр анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *