Ардын хүү Х.Баттулга улc төpд эргэн ирлээ. Тэрбээр 2022 онд улсаа яаж аврахыг харуулах болно.

Халтмаагийн Баттулга АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүллээ. Энэ бол эргэн ирэлт, улстөрийн шийдэл. Ерөнхийлөгчийн суудлаас буугаад нэг жил болсон ч түүний рейтинг Монголын топ 10 улстөрчийн нэг байсаар байгаа…

Түүнийг Халтмаагийн Баттулга гэхээс илүүтэй “Женко” Баттулга гэх нэрээр хүмүүс илүү таньдаг гэхэд хилсдэхгүй. Монголын хөрөнгө бэлтэй эрчүүдийн эхний эгнээнд зүй ёсоор ордог болтлоо хөдөлмөрлөсөн түүний амьдралын хуудсуудыг нэхэн санаж энэ удаа онцолж байна.

1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод н.Халтмаагийнд төржээ. Аав, ээж нь Баянхонгор аймгийн уугуул. Улаанбаатар хотод хүүхдүүдээ төрөхөөс өмнө орж ирснээр комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй. 1966 он буюу түүнийг гурван настай байхад Яармагийн дэнж дээрх үерт автсан айлуудад гэр олгоход, гэртэй болсон гэдэг.

Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь ангийн багш нь “За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ.

Энэхүү үгийг сонссон Х.Баттулга хүү Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн оржээ. Зургийн сургуульд сурдаг байхдаа “Баянгол” зочид буудлын өмнүүр жуулчдад зургаа нэг доллараар зардаг байв. Ийнхүү жуулчидтай харилцах шаардлагатай байснаас англи хэл сурах гэж эрмэлздэг болжээ. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.

Х.Баттулга 1979-1990 онд самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байсан гэдэг. Спортоор хичээллэдэг байсан бөгөөд самбо бөхөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж чамгүй амжилт гаргаж байсан тамирчин юм.

Тухайн үед амжилт гаргасан тамирчдад байр өгөх болзол тавьдаг байв. Х.Баттулга байрны төлөө спорт руу хөл алдан орсон ч гэгддэг. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн, өнөөх хүсэж хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ. Ийнхүү спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж төр гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан юм. 2006 оноос хойш Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон өдгөөг хүртэл ажилласаар байгаа.

Тэрээр 1990 онд наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улсад зарахаар явав. Хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөөр Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарж эхэллээ. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тэндээс 600 доллараар камер авч ирж энд нэг нугалж зарна.

Дараа нь найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч монголд хүн авахаа байж, Бээжинд зарж эхлэв. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Хамгийн анхны капиталаа тэндээс л хуримтлуулж эхэлсэн түүхтэй. Анх Улаанбаатар хотод гарсан шар өнгийн сити таксийг Х.Баттулга оруулж ирсэн гэдэг.

“Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулсан байна. 1999 онд “Max импекс”, “Талх чихэр” хэмээх социализмын үеийн үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганаар арай ядан тогтож өр зээлэндээ баригдаж, 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь хоёр тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэлцдэг.

2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт болсон их зуднаар хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл аваачиж өгчээ. Үүнээс үүдэн түүнийг нутгийн иргэд “манай нутгийн бизнесмэн” хэмээн цоллов. Энэ эрхэм аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг сүндэрлүүлсэн.

“Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан.

Мөн “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. “Баянгол” зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг ба “Коника”-гийн салбарууд, “Касабланка” баар, “Женко” сургууль, “Женко тур” , “ХИД”, “Налайх” , “МИК”, “Эмээлт”, “Эмээлт зах”, “Женко холдинг” гээд түүний бизнес өргөн цар хүрээтэй болсон. Одоо Төв аймгийн нутагт 54 метр өндөр “Майдар бурхан”-ы цогцолбор барих төсөлд хувь нэмрээ оруулж байгаа аж.

2004 онд УИХ-ын түшээ болсон. Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа Баянхонгор аймгаас сонгогдсон. 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар, 2012-2013 онд Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайдаар томилогдон ажиллаж байсан. Тэрбээр МоАХ-ны дарга, Монголын Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн зэрэг coнгуульт ажлыг хашдаг.

“Женко” Х.Баттулгыг бизнесийн эрх ашгаа хэзээд улс төртэй уяж ирсэн гэж ярьдаг юм. Амрагийн явдлаараа хамгийн алдартай нь

“Женко” Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа дизайнер мэргэжилтэй, “Гоёл” наадмаас тэргүүн шагнал хүртэж байсан удаатай. Тэрээр “Би “Женко” группийг байгуулахад өөрийн гэсэн хувь нэмэр, хөлс хүчээ хангалттай зарцуулсан хүн. Одоо үүнийхээ үр шимийг хүртэж, амьдарч байгаа” хэмээн мэдэгдэж байсан. Тэд хоёр охин, нэг хүүтэй болсон.

Гэвч түүний цорын ганц албан ёсны гэргий нь дизайнер Ц.Энхтуяа. Харин Ц.Энхтуяа хатагтайгаас өмнө амьдрал зохиож, анхны хайр, анхны болзоо, анхны үрийн зулай хүртэл үнэрлэж явсан намтрыг нь тэр бүр хүмүүс мэддэггүй гэнэ. Тэр хүн бол З.Уянга. З.Уянга нь уран зураг зурахын хажуугаар өдгөө “Блю мүүн” арт галарейн захирлаар ажиллаж байна.

Түүний өмнөх зам тод гэрэлтэй харагдана. Байрны төлөө бөхөөр хичээллэж, өнөөгийн өндөрлөг хүртлээ олон саад бэрхшээлийг туулж Монголын тэргүүн баян хэмээх алдарыг хүртсэн Х.Баттулгын тухай өгүүлэхэд ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *