Х.Батмэнд: Эхнэр, ээж, охиддоо элдэв үгс хэлж цэцэг жимс өгөх яах вээ! Хамгийн чухал нь…

Дуучин Х.Батмэнд ийнхүү дурсан өгүүлжээ.“Тэр жил ээжийгээ амьд сэрүүнд Мартын 8-ныг тохиолдуулж тоглолтоо хийж байв. Тэгээд тоглолтын дараа ээжээсээ асуулаа.

Ээжээ тоглолт сайхан болов уу? Хүү нь ээжийгээ ер яаж нэг баярлуулах вэ? Ачийг тань бага ч гэсэн хариулчих юмсан гэтэл,

Өө, миний хүүгийн тоглолт олны дэм, чиний зүтгэлээр сайхан л болчихлоо. Ээж нь баярлаж байна аа гээд нэг татаж үнсээд, – Эхийн ачийг хариулъя гэвэл эх орон байгаль дэлхийгээ цаг хором бүрдээ хайрлаж яваарай хүү минь! Энэ орчлонд хүмүүн заяаг олж төрсөн бол иргэн хүнийхээ үүргээ л сайн биелүүлэх нь эхийн ачийг хариулсантай дүйж мэднэ.

Ер нь сайн сайхан явах гэдэг чинь их баян цатгалан омголон догшин явахын нэр огт биш. Үнэн зөв явахын нэр юм шүү!Заа тэгээд бусдад тус хүргэж яв. Дамаа ядарсан хүнийг өргөж асарч байгаарай. Тэд чинь чин сэтгэлээсээ баярладаг юм шүү. Ядарсан хүн гэж арчаагүй урагшгүй хүнийг хэлдэггүй юм.

Хар тэнхээгээрэй зүтгээд байгаа хэрнээ чадал нь төдийлөн хүрдэггүй, дэм болох хүнгүй шахам хүнд тус хүргэ. Мөн өвдөж зовсон, өнчин өрөөсөн хүний сэтгэлд гэрэл гаргах нь их буян болдог доо гэж билээ.

Ер нь эдгээр үгсийг үргэлж хэлнэ дээ. Хөдөө малчин байх даа дүн өвлийн хүйтэнд хааяа муу ээждээ өглөө босч галлаж өгөх гэж хичээнэ. Тэгээд үнсээ авч гаргаад түлээ оруулж галлах мөчид ээж минь ийм хар хүйтэнд хэд хэчнээн өглөө энэ ажлыг хийсэн билээ дээ.Миний ээжтэй адил өч төчнөөн ээжүүд бүсгүйчүүд өглөөний энэ шидрүүн жаварт яаж босож галлаж цай цүү чанаж байна даа гэсхийж боддог сон.

Тэгээд хэдэн өглөө нэг сүрхий ээждээ босж өгч байснаа мөн л тэгсгээд мартах залхуурах хослоод унтчихна. Нэг мэдэхэд л Радио дуугараад галын үнэр ханхлаад ээжий минь цай юу юугүй буцлах дөхсөн баймааж дуу чимээ гарч байдаг сан.

Ээжийн минь хэлж захьдаг олон зүйлсийн нэгэн бол “эмэгтэй хүний сэтгэл ойлгох” нь эр хүн болсны нэг шинж дээ гэдэг сэн.

Бага залууд хүн мунхаг байдаг юм хойно доо.– Күй ээ ерөө! Очиж очиж эмэгтэй хүний санаа сэтгэлийг ойлгохгүй яачихаав гэж боддог сон. Манайхан ээжүүд, болон эхнэр, охиддоо ойр зуурын үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв шалдав үгсээр баахан булж, цэцэг жимс барих яах вэ.

Энэ бол цаг зуурын л тохиол. Гагцхүү алхаа гишгээ, нүдний харц, дууны өнгө зэргийг нь цаг хормын төдийхөнд ажиглаж явах учиртай. Ээжийн минь бас нэгэн сургаал номлол бол, муу муухай хувцас хунар яах вэ, солиод өмсчихөж болдог.Муу санааг нь харин солиход хугацаа их ордог юм.

Одооноос санаа сэтгэлээ цэнэглэх хэрэгтэй. Ер нь бусдад муу саналгүй явах гэдэг том буян. Тэгээд цаг ямагт зүтгэлтэй бай.

“Эр хэдий муу ч гэлээ эхнэр хүүхдийнхээ төлөө. Шувуу хэдий хөх дэлэнгүй ч гэлээ өндөг ангаахайгаа” тэжээх гэж зүтгэж явдаг юм хойно доо. Эхнэр хүүхдийнхээ төлөө зүтгээд байгаарай. Заа тэгээд энэ хувь заяаныхаа төлөөсийг төлж дуусгах ёстой. Хүн буцахдаа өр төлөөс барагдсан, бүр шагнал урамшилтай буцах учиртай.Тэгвэл дахин хүний төрөл олж, бүр үр хүүхэддээ эргэж төрдөг юм гэдэг.

Энэ хорвоод хүн болж амьдрах гэдэг чинь зүгээр ч нэг азийн сугалаа бишээ. Ер нь сугалаа ч гэсэн учиртай байх шүү гэдэг байв. Энэ улс амьтныг ажаад байх нээ эд хөрөнгө, эрх мэдэлд л эзэн суух гэж цөхөөд байх юм. Тэр буруу. Харин хувь заяа болоод хувь хүний үүрэг хариуцлагад эзэн суу.Явж явж энэ хорвоод хүн гээч нь түрээсээр, гэрээгээр амьдардаг.

Энэ хорвоо дээр үнэ өртөггүй зүйл гэж байхгүй ээ. Бүгд өртөг шингэсэн гэж ээж минь хэлж сургадаг байжээ. Ингээд бодохоор Ээжийнхээ ачийг хариулах гэж байгаа нь энэ гээд хий хоосон аягалаас илүүтэй өөрөө хүн шиг явбал болох нь тэр…” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *