Д.Монголхүү: Х.Баттулга Ерөнхийлөгч болохдоо МоАХ-ны даргаас огцopcон. Би хууль ёсны дарга…

МоАХ-ны даргад заалнаас таван хүн нэрээ дэвшүүлснээс дөрөв нь нэрээ татсан. Сонгууль яг дүрмийн дагуу болсон уу?

-МоАХ-ны даргад заалнаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Элчин сайд асан Сүхбаатар гуай, Д.Сосорбарам ах, Цэрэнбат бид тавын нэрийг дэвшүүлсэн. Яасан юм мэдэхгүй, бусад дөрөв маань нэрээ татчихсан. Тэгээд ганцхан над дээр санал хураагаад сонгогдсон.

Энэ хурал Төрийн бус байгууллагын хуулиараа, дүрмээрээ хүчин төгөлдөр. Олон нийтэд үйлчилдэг Төрийн бус байгууллагын тухай хуулиар “Үүсгэн байгуулагчид нь эрхээ шилжүүлээгүй тохиолдолд Үүсгэн байгуулагч нь хурлыг өөрсдөө санаачлан хийх эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр саяны хурал, хурлаас гарсан шийдвэр, тогтоол бүгд хүчин төгөлдөр.

Та хэдэн хүний саналаар сонгогдсон билээ?

-Санал хураалт ил болсон. Эсэргүүцсэн хүн хоёр байсан уу даа. Бусад нь дэмжсэн, түдгэлзсэн хүн байгаагүй.

-Өмнө нь та “Монголхүү МоАХ-ыг удирдах эрх бүхий хүн биш” гэсэн эсэргүүцэлтэй тулгарсан. Сая даргаар сонгогдоход, одоо тийм шүүмжлэл, эcэргүүцэл хэр ирж байгаа вэ?

Намайг гишүүн биш гэж хэлж байгаа Хяналтын зөвлөлийн дарга нөхөр дараа нь “Монголхүү МоАХ-ны дарга мөн. Би хасчихсан юм” гэсэн. Намайг МоАХ-ны гишүүн биш гэхэд би батлахаа үзүүлэхэд “Энэ нэг жижигхэн үнэмлэх байдаг юм. Нэлээд дээр өгсөн. Одоо шинэчилсэн” гэсэн. Шинэчилсэн гэдэг нь намайг хасчихсан гэсэн үг. Төрийн бус байгууллагын гишүүнийг хасах асуудал өөрөө хуультай, журамтай.

Хэн нэгний үзэмжээр шийддэг асуудал биш. Хоёрдугаарт, намайг МоАХ-ын гишүүн мөн эсэхийг баталгаажуулахын тулд архивын баримт байх ёстой. Үүнийг хөндвөл нэлээд том асуудал сөхөгдөнө. Учир нь МоАХ-ны 2000 оноос өмнөх архивын бүх баримт бичгийг шатаачихсан гэх мэдээ чих дэлсээд байгаа.

Тэрийг бид эргэж сөхнө, араас нь явна. Зөвхөн нэг байгууллагын бус Монголын ардчилсан хувьсгалын түүхэн баримт бичгүүд устсан гэсэн үг. Энэ нэлээд том ноцтой асуудал босож ирнэ.

-Жагсаж, тэмцэж байгаад МоАХ-ны дарга болчихлоо гэх шүүмжлэл гарч байна. Та ер нь Ардчилсан намтай хэзээнээс холбогдсон бэ?

Амь, амьдралаараа холбогдсон маань гэвэл ухаан орсон цагаасаа хойш. Ээж минь АН-ыг анх байгуулахад нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан. Хандсүрэн гэдэг хүн бий. Би 1999 онд АН, МоАХ-ны гишүүн болсон.

Холбооны, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон минь энэ жилээс. АН-д өмнө нь ямар нэгэн хариуцлагатай албан тушаал хашиж байгаагүй. Жирийн гишүүн байсан. Монголд дарангуйлал эхлэх бус бүр бэхжих байдалд орчихсон. Тиймээс энэ том дарангуйллын эсрэг сөрж зогсохын тулд МоАХ-г сэрээлээ.

-АН-ын томоохон лидерүүд тантай уулзаад МоАХ-ны дарга болохыг зөвлөсөн тохиолдол бий юү?

Үүл (Э.Бат-Үүл) ахтай уулздаг. Эби (Ц.Элбэгдорж) ахтай хоёр удаа уулзаж үзлээ. МоАХ-ны хүндэт дарга нь Эби ах. Тэр утгаар нь МоАХ-ын хуралд оролцох урилга өгч уулзсан. Ажлын шугмаар АН-ын зарим лидертэй уулзаж байгаа. Монголхүү ганцаараа яваад энэ том дарангуйллын эсрэг зогсож чадахгүй. Намайг хүн, хүнтэй л холбож байгаа. Сүүлдээ бүр Жэнко (Х.Баттулга)-гийн ч хүн болоод байх шиг.

-АН-д бус МоАХ-нд яагаад ажиллахаар шийдэв?

АН нийгэмрүү чиглэх гээд хүч нь дутаад байна. Дарга, цэргийн асуудал үүнд нөлөөлж байгаа. Цул хүчээр гарч ирээд дарангуйллын эсрэг зогсох гэхээр АН хүчгүйдээд байна. Хүчтэй байх боломжтой ганц институт нь МоАХ.

-МоАХ-г сүүлийн хэдэн жил Ерөнхийлөгч Х.Баттулга удирдсан, хаанчлалаа тогтоосон гэгддэг. Та дарга болсны цаана Х.Баттулгын хаанчлалыг зогсоох зорилго бий юү?

Дарга болсон зорилгыг маань хүн дээр аваачиж наавал явцуу хүрээний асуудал болно. Баттулга, Эрдэнэ, Элбэгдорж ч гэх юм уу хүн дээр аваачиж наавал зорилгодоо хүрч чадахгүй. Миний зорилго эрх чөлөөгөө авч үлдэх. Х.Баттулга МоАХ-ны дарга байх ямар ч боломжгүй. Дүрмээрээ удирдлага солигдож байх зохицуулалттай.

Тэр зохицуулалт нь яаж хийгдсэн бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон хүн төрийн бус байгууллагыг удирдах нь хууль бус. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч болсон өдөр МоАХ-ны даргаас огцорсон гэсэн үг.

Түүнээс түдгэлзсэн гэсэн үг биш шүү. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгч болохдоо МоАХ-ны даргаас хуулийн дагуу огцроогүй. Ерөнхийлөгч атлаа МоАХ-ны даргын албан тушаалаа өгөөгүй нь өөрөө хууль бус. МоАХ-ны хурал хамгийн сүүлд 2012 онд болсон байдаг. Тэгэхээр Х.Баттулга 2017 оноос хойш МоАХ-ноос огцорсон гэсэн үг.

-Та МоАХ-ны даргын хувьд цаашид юу хийж, бүтээе гэж зорьж байна вэ?

Миний хүлээж буй үүрэг тодорхой. Миний зорилго, гишүүдийн хүсэл, эрмэлзэл бий. Гишүүдийн хүсэл, сонирхлыг ажил хэрэг болгож явах чухал. МоАХ-ны таван том зорилгын хүрээнд ажиллана. Устсан архивын сэргээнэ. Иргэдийн улс төрийн мэдлэг, оролцоог сайжруулахын төлөө тууштай ажиллана. Одоо иргэн бүхэн улс төрд орох зайлшгүй шаардлага тулгарлаа.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *