Т.Оргилмөнх: Би амьдралдаа нэг л удаа бэр гуйна гэж боддог. Яагаад гэвэл…

Энэ удаагийн дугаарт “Зэвүүн ток шоу”-ны хөтлөгч Т.Оргилмөнх оролцлоо. Тэрбээр өөрийгөө олох, юу хийхээ мэдэхийн тулд олон зүйл хийж өөрийгөө сорьж байсны үр дүнд өнөөдрийн зэрэгт хүрсэн тухайгаа ярилаа.

-Та загвар өмсөгч байсан юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

Би нэг хэсэг юу хийхээ мэдэхгүй маш удаан явсан. Олон зүйл хийж үзэж байлаа. Ингээд загварын салбарт орсон юм. Тухайн үед жинс, куртиктэй болохоор намайг хэн ч тоодоггүй. Дээрээс нь намхан.

Тэгээд л нэг өдөр аавтайгаа Sunday плаза ороод пальто энэ тэр аваад хувцаслав аа. Өөрчлөгдөөд эхэлсэн чинь хүмүүс таньдаг болоод л, жаахан харьцдаг болж эхэлж байгаа юм.

-Таны өндөр хэд вэ?

Би чинь 178 см. Намхан шүү дээ. Аав ээжтэйгээ яаж өндөр харагдах тухай ярилцаж байгаад лордмэн гээд 10 см өсгийтэй гутал авч өмсөж байлаа. Гаднаа мэдэгдэхгүй дотроо өндөр өсгийтэй. Энэ тэнд гутлаа тайлаад өндрөө үзье гэхээр, “би хамгийн намхан нь хэрэггүй” гээд яаж ийгээд аргалаад бултчихна. Тайлчих юм бол бүр доошоо орчих гээд байна шүү дээ. Ингэж явах худлаа юм билээ. Тэгээд нэг их удаагүй загвараас гарсан.

-Жүжигчин мэргэжлээр сурч байсан шүү дээ. Жүжигчин болохыг хүсдэг байсан хэрэг үү?

Эрүүгээ хугалж завсардах үедээ жүжигчний ангид сурсан. Надад их тохирох юм шиг л санагдсан хэрэг. Би хичээл хийх дуртай хүн биш. Аливаа зүйлийг биед амраар хийхийг хичээдэг төрлийн хүн. Сэтгүүлчийн анги уу, жүжигчний анги уу гэж байгаад сэтгүүлчийн ангид ороод эрүүгээ хугалчихсан юм. Тэгээд жүжигчин нь зүгээр юм байна гээд Сити их сургуульд нэг жил сурсан.

-Яагаад сургуулиасаа гарсан юм бэ?

Би өөрөө их “Би” гэдэг үзэлтэй. Энэ нь яваандаа бид болж хувирсан л даа. Жаахан байсан учраас өөрийгөө гоё харагдуулах гэж их хичээнэ. Ядаж байхад нь сургуулийнхаа сайхан залуу болчихно оо. Их хэцүү. /Инээв/ Ингээд л өөрийгөө мэдэрчихсэн юм шиг байгаа юм. Багш нар ээж рүү залгаад, “та Оргилд битгий хэлээрэй, тэр үнэхээр авьяастай хүүхэд шүү” энэ тэр гээд хэлдэг байсан. Ээж маань бахархаад надад хэлнэ. Харин багш нар намайг дандаа дардаг.

Болохгүй байна. Чадахгүй байна л гэнэ. Тэгээд байхаар би үнэхээр чадахгүй байгаа юм болов уу гээд бодож эхэлнэ. Чи дипломгүй хаашаа ч явж чадахгүй, хэн ч биш гэхээр нь би зөрөөд албаар, “аан тийм үү, тэгвэл харж байгаарай” гээд сургуулиасаа гарчихсан юм. Би шартай төрлийн хүн л дээ.

Намайг болохгүй, бүтэхгүй гэж байсан багш нөхрийгөө миний ярилцлагад оруулъя аа гэж байлаа. Тэр үед би шартай ч байж. Зохиолын дуучдыг нэвтрүүлэгтээ оруулдаггүй гээд хэлчихсэн. Одоо бодохоор жаахан хүүхэд л байж дээ.

-Та их хэгжүүн үү?

Энэ хэгжүүн гээд байгааг ойлгодоггүй. Магадгүй тийм байх. Одоо би их гайгүй болчхоод байгаа шүү дээ. Хүн болгонтой наль наль гэдэггүй учраас тэгж харагдаж байгаа байлгүй. Багаас минь л суучихсан зан. Би чинь баян айлын хүүхэд биш шүү дээ. Гэр хороололд л өссөн.

-Түрүүн эрүүгээ хугалсан гэсэн. Юу болсон бэ?

Манай аав үр хүүхдийнхээ төлөө бүх юманд гүйж байдаг. Намайг сургуульд оруулъя гээд аав хөөцөлдөөд явлаа. Тэгээд Зохиомж дээд сургуулийн сэтгүүлчийн ангид орсон. Би үргэлж хослол өмсдөг болохоор намайг оюутнууд их хөгшин гэж хардаг.

Сургууль дээрээ утсаа оролдоод явж байсан чинь нэг хүүхэдтэй мөргөлдөхгүй юу. Тэгэхээр нь замаа хар л даа гэсэн чинь, уучлаарай гэх нь тэр. Ямар соёлтой сургууль вэ гэсэн шүү юм бодоод анги руу ороход, тэр нэг охин нь, “хүүе ээ чи нэгдүгээр курсын хүүхдээс уучлал гуйгаад байхдаа яадаг юм бэ” гэх нь сонсогдсон.

Гуравдугаар курсийн хүүхэд л юм байна. Хөдөөний. Намайг ангиас дуудаж байгаа юм. Гэр хороололд өссөн, хоёр жил барилдчихсан би чинь айх юмгүй гараад очлоо. Сургуулийн үүдэнд битүү банди нар зогсчихсон. Яг зодооны өмнө хэрүүл болдог шүү дээ.

Xэрэлдээд байж байхад нэг хүүхэд хажуу талаас ирж цохиод. Зуултгүй эрүү ярьж байхад шууд хугардаг юм билээ. Би загвар өмсөөд рекламанд тоглодог болчихсон. Тэр үед энэ миний хамгийн том амжилт байсан. Гар, хөлөө хугалчихгүй яав аа гээд боддог байж билээ.

-10 сард бэр гуйсан тухайгаа постолж байсан шүү дээ. Гэр бүлийн үнэ цэнийг юу гэж харж байна?

Эрэгтэй эмэгтэй хүнд нэг шөнийн үйлдэл байх ёстой зүйл гэж боддог. Эхнэртэй болчхоод өөр хүүхэн хараад яваад байвал амьдрал бүтэхгүй. Хоёрт архи ууж шоудаад байвал бүтэхгүй. Тэгэхээр үзэх ёстой юм аа үзээд, хэмжүүртээ тулсан цагтаа гэр бүлтэй болвол салалт арай бага байна гэж боддог.

Гэр бүл гэдэг тэвчээр шүү дээ. Би ингэж л ойлгож байгаа. Миний хувьд гэр бүлтэй болоод хоёр жил гаруй болж байна. Манай эхнэр яг ээж шиг минь зан авиртай.Миний бүх зүйлийг зааж зааварладаг. Оргил оо том өрөөгөөр дүүрэн чиний хувцас эвх гээд л яг л ээж шиг минь.

-Ингэхэд TV5-аас яагаад гарсан бэ?

TV5 телевизэд би 2014 оны 11 дүгээр сард орж байсан. Надад олон юм өгсөн газар. Түүнийг үгүйсгэхгүй. Албан байгууллагад шоудах зүйл зөндөө байдаг шүү дээ. Яагаад ч юм би ажлынхантайгаа явдаггүй байсан. Уусан авиртай хүмүүс агсам тавих лайтай. 2014 онд 300 мянган төгрөгийн цалинтай ороод 2018 хүртэл энэ цалингаараа ажилласан. Заримдаа дансанд 20 мянган төгрөг орно. Эсвэл бэлэн ирээд авчих гэнэ.

Мөнгөний төлөө биш карьераа босгох гэж ажилладаг байсан. Сүүлд нэвтрүүлгээ үргэлжлүүлээд хийе гэхэд пэйжээ өг гээд. Миний хуудас 250-260 мянган дагагчтай. Маш их ур ухаан гарсан зүйл учраас, тийм юм байхгүй гээд ажлаасаа гарсан.

Ажлын маань нэг ч хүн намайг гаргаж өгөөгүй. Сүртэй л юм болдог л доо гаргаж өгөөд. Манай эхнэр хүртэл гайхаж байсан. Яагаад ийм олон жил ажиллаж байхад гаргаж өгөхгүй байгаа юм гээд. Гэхдээ муу санаж явдаггүй ээ.

-Хүмүүсийн доромжлолыг ямар сэтгэл зүйгээр давж байна вэ? Муулуулаад байх таатай биш шүү дээ.

Аймаар гэдэг үг багадна. Сошиал дээр намайг муулах ёстой гээд хүмүүс ойлгочихсон байгаа юм. “Бэр гуйчихлаа” гэхэд “хаха сална аа” гэж байгаа юм чинь. Би зочноо хүнд илүү гоёор харагдуулж байгаа юм. Өөрийгөө тэнэг харагдуулан байж шүү дээ. Энэ миний тактик бас нэвтрүүлгийн зорилго.

-Гэрийнхэн нь эдгээр доромж, шүүмжүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Ээж аав хоёр, “миний хүүг хүмүүс муулаад байна” гээд надаас илүү гутарчихсан байдаг. Би зүгээр ээ ээж, битгий тоо гээд инээдэг ч дотроо ямар ядаргаатай юм бэ гэх зэргээр боддог байсан. Эхнэртэйгээ контент хийдэг болсноос хойш эхнэрийг маань муулахаар уур хүрээд л явчихдаг юм билээ.

-Та койн гаргаж байгаа юм билээ. Ямар койн юм бэ?

Оргил койн гаргалаа гээд дайрч л байна. Чиний койн гаргана гэж юу байдаг юм л гэнэ. Койныг гаргаж байгаа хүнээр нь хэзээ ч битгий дүгнэ. Тэр хүн ямар ч байж болно. Би GGС койны маркетинг, олон нийттэй харилцах албаны захирлаар ажиллаж байгаа. Энд маш олон мэдлэгтэй залуучууд ажиллаж байна. Хүмүүс бүгд койныг үзэн ядаж байна. Олон гарч байгаа нь сайн талтай.

Бүгд судалгаа сайн хийдэг болно. Юу судлахаа ойлгодог болно. Намайг судалж яах гээд байгаа юм. Бид маш их малтай, баялагтай баян амьдарч болохоор орон шүү дээ. Гэтэл хэзээ ч ашгаа хүртэж чаддаггүй. Баялгийг бид өөрсдөө авах хэрэгтэй юм байна.

Яаж гэхээр крипто зах зээлтэй нийлүүлж, уул уурхайд хөрөнгө оруулалтаа хийж, ногдол ашгаа арилжаа хийж байгаа хүмүүстээ өгье өө гэж байгаа юм. Үл хөдлөх рүү бас хөрөнгө оруулалтаа хийнэ.

-Таны амьдралдаа хийж байсан зэвүүн алхам юу вэ?

Хамгийн зэвүүн нь бат итгэлтэйгээр бэр гуйсан. Амьдралдаа анхны бөгөөд эцсийн удаа. Би амьдралдаа нэг л удаа бэр гуйна гэж боддог. Өөрийнхөө хувьд. Үүнийгээ хадгалж явна гээд хичээдэг. Эхнэртэйгээ ч бас ярьдаг. Хэрэлдэнэ шүү дээ бид хоёр.

Тэр үедээ дээд айл гайхаж байгаа байх гээд л хоорондоо ярина. Муу нэр авчихгүй юмсан. Гоё зүйлийг үлгэрлэх юмсан гэж хүсдэг. Түүнийг даах гээд чадлаараа хичээж өнөөдрийг хүрч байна. Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *