Д.Сумъяабазар: Буруу рультай машины импортыг хориглох саналыг удахгүй…

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бидний тооцоолсноор 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Нийслэл хотын инженерийн байгууламж, зам, гүүр, гүүрэн байгууламж, ногоон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүд гээд тооцвол хийх ажил маш их байна.

Жил тутамд 35 мянган хүн буюу Ховд хотын хүн амын дайны хүн ам шилжин ирж байна. Цэвэр өсөлт нь 75 мянга. Жилд 80 мянган авто тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Хотын хүн амын даацыг 800 мянган хүн амаар тооцсон байтал одоо хоёр дахин нэмэгдсэн.

Тийм учраас хотын зам түгжирч байна, бусад олон асуудал ундарч байна. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулж, Засгийн газраас түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад 420 тэрбумыг төсөвлөсөн гэхчлэн тал талын дэмжлэг, хүчин чармайлт гаргаж байгаа. Та бүхний оролцоотойгоор асуудлыг шийдэх боломж бүрдэж буй юм.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 2022 оноос нийслэл хот бие даан хөрөнгө татах, өрийн удирдлагын менежмент хийх боломж нээгдсэн. Одоо бид өрийн удирдлагыг ашигтай болгоход онцгой анхаарч ажиллах боломж бүрдсэн.

Нийслэлийн замын даац ачааллаа дийлэхгүй байна. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоог буулгах асуудлыг би УИХ-д оруулж ирнэ. Манай улс жилд 80 мянган машин импортолдог. Мөн импортоор оруулж ирж байгаа буруу хүрдтэй машиныг хоригломоор юм байна. 2022 оны зургадугаар сар гэх юм уу, наймдугаар сар гэх юм уу. Энэ асуудлыг он гаргаад Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *