19-хөн настай ахлагч aмиa егүүтгэxийг завдлаа. Сэтгэлийн хат, үг даах чадвар, ноён нуруу эр хүнд хэрэгтэй, залуус аа!

Ямар сайндаа л 20 литр бензин өөр дээрээ цацаж зулын гол болохыг хүсэв гэж. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь зэвсэгт хүчний ангийн ахлагч цолтой 19-хөн настай залуу одоо 90%-ийн түлэгдэлттэй аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байна.

Энэ аймшигт явдал энэ сарын 13-нд буюу гэгээн Валентины баярын өмнөх өдөр болсон. Зэвсэгт хүчний 336-р ангийн хөгжмийн салаанд ахлагч хийдэг энэ залуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд сар гаруй болж байжээ.

Ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн шалтгааныг янз бүрээр л ярьж байгаа. Дарга, захирагч нарын дарамт шахалтаас болсон уу, эсвэл цалин хангамж муугаас болсон уу, ямартаа ч ажлаасаа гарахаар шийдсэн байж.

Хэрэв ЗХЖШ харьяалах цэргийн командлалууд залуугийн хүсэлтийг энэ сар гаруйн хугацаанд шийдвэрлэсэн байсан бол ийм явдал болохгүй байсан ч байж мэднэ.

Залуу ангийнхаа хажууханд айлын хажуу өрөө хөлслөн амьдарч байсан ба ажлаас гарах хүсэлтийнхээ хариуг авч чадаагүй удсан учраас гэртээ харихаар явжээ.

Аймагт очсоныхоо дараа найз охинтойгоо муудалцсан бололтой оройжингоо гар утсаа ухан, нааш цааш холхиж байснаа гэрийнхээ гадаа гараашд өөрийгөө шатаасан байна.

Харамсалтай нь ахлагч залуугийн бие 80-90 хувийн түлэгдэлтэй, маш хүнд байгаа. Сэтгэлийн хат, үг даах чадвар эр хүнд дутаж ноён нуруу хугарах үе ирдэг ч ингэж эрдэнэт бие махбодио егүүтгэж, амь насаа золиослох хэмжээний шийд гаргаж яаж болохов дээ.

Үрээ амьдаараа шатаад хуйхлагдсан байхыг харах эх хүнд ямар байхыг бод доо.

Хөөрхий ээж нь “Намайг гарахад үс, хувцас, нүүр, ам, бие хэсэг нь бүгд шатчихсан, ганцхан гуталтайгаа л зогсож байсан. Үр хүүхдээ тийм байдалтай байгааг харах үнэхээр аймшигтай юм билээ. Одоо ч нүдэнд харагдаад, итгэж чадахгүй байна” гэж ярьж.

Орчлонгийн охид мундсан биш хэдхэн үгнээс болж энэ биеэ золиосолж, ээж аавыгаа амьдын тамд унагах хэрэг байсан юм уу? Залуус минь ухаантай байцгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *