С.Лхагвадорж: Даатгуулагчийн 7 жилийн дундаж цалингаас тэтгэвэр тогтоож байгаа.

НДЕГ-ын БХСГ-ын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Лхагвадоржийн өндөр насны тэтгэврийн талаар өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.–

Өндөр насны тэтгэврийн даатгалын талаар мэдээлэл өгнө үү?

Даатгуулагч хөдөлмөрийн чадвартай байх үедээ урьдчилж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаагаар төлдөг.

Өөрөөр хэлбэл өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдах, тухайн даатгуулагч нac бapсан тохиолдолд түүний ар гэрт байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэтгэврийн даатгалын сангаас сар болгон олон жилийн хугацаанд, олон удаагийн давтамжтайгаар буцаан олгож байгаа мөнгөн төлбөрийн харилцааг тэтгэврийн даатгал гэж нэрлээд байгаа юм.

Өндөр насны тэтгэврийг ямар шалгуур, болзол нөхцөлийг хангасан хүмүүс авах вэ?– Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хувьд нас, НДШ төлсөн хугацаа чухал байдаг. НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд, өөрийн хүсэлтээр 55, 60 настайдаа буюу нас нэмэгдүүлэхгүйгээр тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хүмүүст зориулсан заалт байгаа.

Даатгуулагч 21 жилээс багагүй хугацаанд НДШ төлсөн бол 55, 60 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй.Мөн 21 жил хүрээгүй эсвэл тэтгэвэр тогтоолгохоо азнаж байгаа хүмүүсийн хувьд насаа нэмэгдүүлээд гаргах боломжтой.

Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоодог гэсэн, ямар ямар нөхцөлүүд байдаг вэ?

Тэтгэвэр тогтоолгох хөнгөлөлттэй нөхцөл гэдэг нь эрэгтэй даатгуулагчийг 60 насанд хүрэхээс өмнө, эмэгтэй даатгуулагчийг 55 насанд хүрэхээс 5-10 жилийн өмнө тэтгэвэр тогтоож өгч байгааг хэлнэ. Үүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг хүмүүс орно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг эрэгтэй даатгуулагч 60 нас хүрэхээсээ 10 жилийн өмнө буюу 50 настайдаа тэтгэвэр тогтоолгож болно. Гэхдээ 20-иос доошгүй жил, тэр дундаа хөдөлмөрийн хортой нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдана.

Эмэгтэй даатгуулагчийн хувьд мөн 20 жил шимтгэл төлсөн байх ёстой. Үүнээсээ 7 жил 6 сар хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан байвал 45 настайдаа тэтгэвэр тогтоолгох боломжтой.Мөн ажил мэргэжлээс нь шалтгаалаад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох болзол бий. Жишээлбэл мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан урлагийн ажилтны тэтгэвэр гэж байгаа.

Тухайн ажил мэргэжлээрээ 20 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтооно. Эсвэл нийтдээ 25-аас доошгүй жил, түүнээсээ тухайн мэргэжлээрээ 15 жил ажилласан урлагийн ажилтанд нас харгалзахгүй тэтгэвэр тогтоодог.Мөн төмөр замын, цэрэгжүүлсэн хамгаалалтын болзол нөхцөл гэж байдаг. Төмөр замын, цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтооно.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн шүүгчээр 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоож болно.Үүний хажуугаар олон хүүхэд төрүүлсэн эхийн болзол гэж бий. Өөрөө төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчилж авсан 4-өөс дээш хүүхэдтэй 6 нас хүртэл өсгөсөн эхийн хувьд 20 жил шимтгэл төлсөн тохиолдолд 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох боломжтой.

Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоодог ердийн болзлоос 5 жилийн өмнө энэ ээжүүдэд тэтгэвэр тогтоож өгч байна гэсэн үг. 2018 оноос хэрэгжиж эхэлсэн хөнгөлөлттэй нөхцөлийн нэг болзол бол малчин байх гэж бий. Малчинд мөн 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгож болно.

Тэтгэвэр тогтоолгох хүмүүс юуг анхаарах вэ. Ямар материал бүрдүүлж хаана хандах вэ?

Тэтгэврийн нас нь болчихсон хүмүүс урьдчилаад нийгмийн даатгалын байгууллагад ирээд бичиг баримтаа үзүүлээд, хянуулаарай гэж хэлье. Даатгуулагчийн нийт тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд 1995 оноос өмнө улс, хувийн байгууллагад ажилласан хугацаа орж тооцогддог тул тухай үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр шаардлагатай.

Мөн 1995 оноос хойших дэвтэр шаардлагатай. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, шаардлага хангахгүй бол ажилд авсан, чөлөөлсөн тушаалын архивын лавлагаа хэрэгтэй. Хэрэв тухайн иргэний ажиллаж байсан тушаал шийдвэр олдохгүй бол ажилласан байдлыг тогтоолгосон шүүхийн шийдвэр гаргуулж болно.

Тэтгэврийг яаж тооцоолж, тогтоодог вэ. Иргэн баримт бичгээ бүрдүүлж өгснөөс хойш хэд хоногийн дотор тэтгэврийг олгох вэ?

Даатгуулагчийн 7 жилийн дундаж цалингаас тэтгэвэр тогтоож байгаа. Долоон жилийн дундаж цалин гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр, тухайн даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жил дотроос өндөр гэж үзэж байгаа аль нэг дараалсан 7 жилийн 84 цалинг нэмээд, 84-т хуваах замаар тооцоолдог.

Ингээд дундаж цалин нь гараад ирэхээр 20 жил шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр 45 хувиар бодогдоно. 20-иос илүү ажилласан бол жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тухайн хүний тэтгэврийг тооцоолдог.

Өөрөөр хэлбэл сард авах тэтгэврийн мөнгө хэд байх вэ гэдгийг саяын тооцооллоор гаргадаг. Харин тухайн даатгуулагчийн хувьд шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлж тогтоох нөхцөлүүд байна. Жишээ нь гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан болон өөрөө төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор нэг хүүхдэд нэг жил 6 сараар бодож шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлдэг.

Мөн хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан болон цэргийн байгууллагад мөрдөстэйгээр алба хаасан хугацааг нэг жилийг нь нэг жил 6 сар энгийн байгууллагад ажилласнаар тооцон шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *