Алга болсон охины ээж: Есдүгээр ангийн охин минь хичээлдээ яваад aлгa болчихлоо.

15 настай охин алга болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Тодруулбал, ерөнхий боловсролын .. сургуулийн сурагч А нь хоёрдугаар сарын 14-нд хичээлдээ яваад сураггүй алга болжээ. Энэ талаар охины ээжээс тодрууллаа.

-Охин нь хэдэн цагийн үед гэрээсээ гарсан юм бэ?

Хоёрдугаар сарын 14-нд хичээлдээ явахаар 06:40 цагийн үед гэрээсээ гарсан. Манай гэр Баянзүрх дүүрэгт, охин маань III, IV хорооллын … сургуулийн есдүгээр ангид сурдаг. Охин тухайн өдөр хичээлдээ суусан байна лээ. Өдөр 13:30 цагт тараад сургуулиасаа гараад явсан байгаа юм. Тэгээд л сураггүй алга болчихлоо. Гурван хоног ямар ч холбоо бариагүй.

-Охин утастай явсан уу?

Утастайгаа явсан. Утас нь хааяа дуудаад, заримдаа унтарчихаад байгаа. Өчигдрөөс хойш утас нь холбогдсонгүй ээ. Охиндоо маш их санаа зовж хайж байна. Өдөр болгон л муу зүйл сонсогддог энэ улсад охинд минь муу юм битгий тохиолдсон байгаасай гэж залбирахаас өөрийг хийж чадахгүй байна.

-Зар оруулснаас хойш охиных нь сураг гарсан уу?

Модны-2-ын ойролцоо харсан сураг гарлаа. Хүмүүс залгаж, “Энд, тэнд явж байсан” гээд хэлж байна. Залгасан хүмүүсийн олонх нь Модны-2-ын ойролцоох байр, орцонд харсан гэж хэлсэн.

-Охин өмнө нь гэрээсээ хэлэхгүйгээр сураггүй алга болж байсан уу?

Өнгөрсөн зун хоёр, гурван удаа сураггүй алга болж байсан. Тухайн үед муу хүүхдүүдтэй нийлээд, гэртээ ирэхгүй байсан юм билээ. Араас нь хөөцөлдөж байгаад нөгөө муу, уруу татаад байдаг хүүхдүүдээс нь холдуулсан. Гэтэл одоо дахиад алга болчихлоо. Хэнтэй нөхөрлөж, нийлж явсан гэдгийг нь мэдэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *