TEГ-ийн төлөөлөгч П.Өгөөмөр: Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж даалгавар биелүүлсэн.

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр: -Тагнуулын ерөнхий газар нь тагнуул хийх, гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоох ажиллагаа явуулж байна.

Болсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагаас тайлбар өгөх шаардлагыг удаа дараа тавьсан тул прокурорын байгууллагад уламжилж хэргийн талаар мэдээлэл хийх зөвшөөрөл авлаа.

Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийдэг хуулийн зохицуулалттай. Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон тул 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн иргэний хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

Тус баривчилгаа үзлэг, нэгжлэгийн ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрлийн дагуу, хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байжээ.

Тэрбээр өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдлаа. Түүний гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС Ч.МӨНХБАЯРЫГ БАРИВЧЛАН СААТУУЛЛАА

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас баривчлан саатуулжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулж, иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр 15:00 цагийн орчимд Энхтайваны гүүрний хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоогоос баривчилжээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны нэгдүгээр орцонд тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ч.Мөнхбаярын хувьд “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье”, “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж байв.

Ч.Мөнхбаяр өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны Лхагва гарагийн 16.14 цагт цахим хуудастаа хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Болд, Ж.Батзандан нарын зурагтай пост оруулжээ.

Тагнуулын ерөнхий газраас маргааш иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *