Ардын жүжигчин П.Цэрэндагва: Ханиа зөв сонгосон азтай хүндээ би. Учир нь гэвэл…

Монголын тайз дэлгэцийн нэрт жүжигчин П.Цэрэндагва нь 1948 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн билээ.

1976 онд УБДС-ийн кино драмын ангийн жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш олон сайхан тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчин.

Тэрээр Хаан түүх жүжгийн Хаан, Жамуха жүжгийн Чингис, Тамгагүй төр жүжгийн Эгрэгэ өрлөг, Хүйтэн сэнтий жүжгийн Богд хаан, Атга нөж жүжгийн Хөхөчү гэх мэт олон арван түүхт жүжгүүд болон “Мандухай цэцэн хатан” түүхэн киноны Ибрай тайш зэрэг олон жүжиг кинонд дүр бүтээсэн юм. 2001 онд Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрын эзэн болжээ.

Хүн байхын утга учир бол ижийгээ хайрлах хэмээн Ардын жүжигчин маань нэгэн ярилцлаганд дурдаж байжээ. Түүний ах П. Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байв.

Арваад насны зөрүүтэй ах нь түүнийг анх жүжигчин болоход “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо.

Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлж байжээ. Тэр үедээ энэ үгийг сайн ухаараагүй ч одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог гэнэ. “Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ.

Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа” хэмээн хайрт ахыгаа дурсан ярьжээ.

Ахыгаа амьд ахуйд дэргэд нь а рхи ууж,тамхи татаж үзээгүй тийм л хүмүүжилтэй дүү байж. Тэрээр театртай холбогдсон түүхээ дурсахдаа. Надад ховор тохиол таарсан гэж боддог. Би өөрийн сайндаа театрт ороогүй. Монголын театр урлагийн алтан үеийнхэн, ахмад жүжигчдийн билгийн нүд буян заяагаар миний амьдрал театртай холбогдсон.

Анх арван жилд байхад манай сургууль дээр жүжигт тоглох хүүхэд шалгаруулж явна гээд хоёр хүн ирсэн. Тэгсэн шалгаруулалтын дараа намайг дуудаад “хэд хоногийн дараа театрт сонгон шалгаруулалт болно ирээрэй” гэсэн. Тэгээд л ир гэсэн өдөр нь театр дээр яваад очсон.

Гэтэл тэнд надаас гадна 50,60-аад хүүхэд шалгаруулалтад орохоор ирчихсэн байсан. Тэр дундаас таван хүүхэд шалгаруулж авсны нэг нь би байсан юм.

Тухайн үед биднийг 15,15-аар нь жагсааж байгаад л шалгаж байсан санагддаг. Тэгж л театрт хөл тавьж, хамгийн анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байсан . Намайг театрын босгоор алхуулсан тэр хоёр хүн бол БНМАУ-ын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Ц.Гантөмөр нар байсан юм хэмээжээ. Жүжигчний маань хань Ардын жүжигчин Д.Мэндбаяр гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.

Гэр бүлийн хоёр маань хоёулаа Ардын жүжигчин хэмээн эрхэм цолыг авсан цөөхөн урлагийн гэр бүлүүдийн нэг. Монголын урлагийн гэр бүлүүдийн дотроос үлгэр жишээ болохуйц гэр бүлийг хамтдаа бүтээлцсэн тэд “Бие биендээ итгэж чадвал амьдрал сайхнаар үргэлжилдэг.

Бие биедээ итгэж чадахгүй хар хор санаснаас л хэрүүл маргаан зодоон үүсдэг. Нэгэнт биенээ ойлгож итгэж чадсан бол залуучууд түүнийгээ насан туршдаа хадгалах ёстой.

Нэгнийхээ ажлыг ойлгож хүлээцтэй хандаж гэмээнэ асуудал амар шийдэгднэ. Биенийхээ дээр гарах гэж ам мурийж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, өширчихөөд эргээд яаж Хайртай шүү хэмээн тэврэх юм бэ тэр амьдрал биш шүү дээ. Огт муудалцахгүй байна гэж үгүй л дээ. Хэн хэн нь ямар цаг үед надад яагаад тэгж хэлсэн бэ гэдгийг бодож эргэцүүлдэг байх хэрэгтэй” хэмээжээ.

Ханийгаа анх П.Цэрэндагва Улсын багшийн их сургуулийн Кино драмын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан гэдэг. Том алаг нүдтэй, маш урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодоод л өнгөрч байсан.

Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь Драммын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан. Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм.

Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа. Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа. Ханиа зөв сонгосон азтай хүндээ би.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *