Ичинхорлоо: Миний ханьд олон сайхан чанар бий. Тэр нь…

“Миний ханьд олон сайхан чанар бий. Их түшигтэй. Амьдралын жаргал зовлон, баяр гуниг алинд ч бидэн 2 мөр мөрөө түшиж бас бие биенээ өнгөлж дэмжиж явдаг болохоор нүд минь аз жаргалтайгаар гэрэлтэж, сэтгэл минь амар амгалангаар халгидаг.

Зорилготой, зоригтой, зарчимтай, ханиараа бахархдаг. Хайртай шүү ХАНЬДАА. Чамдаа гэгээн хайрын баярын мэнд хүргэе” гэжээ.Шадар сайд С.Амарсайханы гэргий бол МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр олон жил ажилласан Ичинхорлоо гэдгийг бүгдээрээ мэднэ.

Тэгвэл Ичинхорлоо гэгээн валентиний энэ өдөр нөхөртөө хандан ийн сэтгэлийн үгээ хуваалцжээ.Нэвтрүүлэгч Ичинхорлоо өөрийнхөө талаар хэвлэлд ярихдаа:Би хүүхэд байхдаа хэзээ ч жүжигчин, нэвтрүүлэгч болно гэж мөрөөдөж байгаагүй. Уг нь биохимич болох хүсэлтэй байсан.

Тэр утгаараа хими, шинжлэх ухаан талын хичээлдээ илүү сайн, номын санд их суудаг охин байлаа. Аравдугаар ангиа дүүргэхдээ нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүнээс талх гаргаж авна гэсэн мөрөөдөлтэй байв.

Харин хувь тохиолоор урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагатай амьдралаа холбосон. Хүний амьдралд тохиодог сонин учралуудын нэг юм даа.

Нэг юм бариад авбал түүндээ үнэнчээр ханддаг хувь хүний араншинтай минь холбоотой байх. Нэгэнт энэ салбарт зүрх сэтгэлээ өгөөд, амжилттай ажиллана гэж бодсон бол үнэнч, тууштай байхыг хүсдэг.1995 онд СУИС-ийн кино драмын анги төгсөөд МҮОНТ-д орсноос хойш хоёргүй сэтгэлээр энэ айлтай ажил амьдралаа холбож байна. Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажиллахад хүнээс их мэдрэмж шаарддаг, бас авъяастай байх ёстой.

Энэ торгон мэдрэмжийн суурь СУИС-ийн жүжигчний ангид заагддаг.Оюутан байх үедээ хэд хэдэн уран сайхны кинонд тоглосон. Тухайн үедээ хүүхэд байсан болохоор тоглосноо хараад санаа зовж, ичдэг байсан ч одоо эргээд үзэхэд их сайхан санагддаг.МҮОНТ-ийг өнөөдрийн хэмжээнд үзэгчтэй байлгах томоохон үүрэг нэвтрүүлэгч нарт ноогдох байх.

Тэгээд ч үндэсний бөгөөд олон нийтийн гэх том тодотголтой нэр өчнөөн үүрэг хариуцлагыг үүрүүлэх мэдээж бизээ. МҮОНТ-ийн хувьд бусад арилжааны телевизээс өөр зарчмаар ажилладаг. Тиймдээ ч манай байгууллага шаардлага өндөртэй. Үзэгчдийн дунд үг нь үнэтэй, аль нэг нам, улс төрийн хүчин, хувь хүний ашиг сонирхолд нийцүүлж ажилладаггүй.

Бусад газарт танил талаараа ярьж байгаад ажилд орж, асуудлыг шийдэж болдог бол МҮОНТ-д энэ зүйл хаалттай. Хэн дуртай, хүссэн болгон нь орж, гарч эфирээр тоглодоггүй. Энэ том айлын ам бүлд нь орох хэцүү, орсон хойноо хариуцлага өндөр, үүнтэйгээ дүйцсэн нэр хүндтэй.Би ном унших их дуртай. Түүхэн, хувь хүмүүсийн намтрын талаарх ном ихэвчлэн уншдаг.

Нэг талаар би хуучны үзэлтэй, шашинлаг хүн шиг байгаа юм. Шашны холбогдолтой ном олон бий. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”, Нагаржунайн “Амьдрал тэтгэх рашааны дусал”, “Эрдэнийн сан субашид”, “Бурхан багшийн сургаал” байна.

Эдгээр ном их олон жил миний орны хажууд байгаа.“Бурхан багшийн сургаал”-ыг ээж маань бэлэглэсэн. Тэр номон дээр надад зориулж бичсэн ээжийн маань үг байдаг. Түүнийг харах болгондоо амьдралдаа хэрэгжүүлж, хэт их давхих гээд байвал өөрийгөө жаахан хазаарлаж, хэт их цахлаад байвал өөрийгөө жаахан чирүүлдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *