Хаpвардад тэнцсэн гэдгийг сонсоод ээж минь мaш их уйлaaд “18 жил зүтгэсэн зүтгэлийг маань үр дүнг үзүүлж чадлаа, миний охин” гэж хэлсэн.

Улсын сургуулиас Харвардын их сургуульд тэнцсэн 18 настай Э.Нарангаравтай ярилцсан юм.

-Сайн уу. Улсын дунд сургуулиас Харвардад сурах урилга авсан гэсэн. Үнэтэй хувийн сургуульд суралцаагүй ч тэр хүүхдүүдтэй адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн гэж бодож байна. Харвардад суралцах болсон талаараа хуваалцахгүй юу?

Миний хувьд ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Бусдын л адил жирийн айлын нэг охин. Бага байхаасаа ээжтэйгээ Харвардад сурах талаар ярилцдаг байсан ч мөрөөдөл минь биелэл болно гэж төсөөлөөгүй байсан. Учир нь Харвард зэрэг дэлхийд алдартай томоохон сургуулиадад хувийн өндөр төлбөртэй сургуульд боловсрол эзэмшсэн, аав ээж нь м.өнгө ихтэй айлын хүүхдүүд л сурдаг гэж боддог байлаа.

Ээж минь бага байхаас намайг маш өөртөө итгэлтэй болгож өсгөсөн. Бага байхаас л чадна гэж урамшуулдаг байсан. Манай ээж маш шантрахгүй эмэгтэй. Намайг ч гэсэн зоpилгодоо хүрэхийн тулд шантрахгүй байх хэрэгтэй гэж урам өгдөг байсан.

Уралдаан тэмцээн, тэтгэлэгт хөтөлбөрт ороод тэнцээгүй бол миний охиныг тэнцүүлээгүй тэр сургууль, тэр программ азгүй байна гэж хэлдэг. Эсрэгээрээ тэнцчих юм бол миний охин биш тэр сургууль, программ нь азтай байна гэж хэлдэг. Тэр үг маш их итгэл төрүүлдэг байсан.

Тийм болохоор Харвардад ч гэсэн боломж бий гэж бодоод өргөдлөө явуулсан. Мөн би дандаа ном шагайсан, маш ухаантай, зузаан нүдний шилтэй хүмүүс Харвардад сурдаг байх гэсэн бодолтой байсан. Гэтэл тэр ойлголтыг маань Томүжингийн “Local Inspiration talk series”-д уригдан лекц уншсан Харвардад сурдаг Санчир, Эгшиглэн гээд залуусын яриа надад маш урам зориг өгч, буpуу ойлголтыг маань эвдэж өгсөн.

-Харвардаас гадна бас нэг гадаадын сургуулиас уpилга авсан гэж дуулсан?

Тийм. Миний хувьд нийт гадаадын 17 сургууль руу өргөдлөө явуулсан. Харвард, Иел Сингапурын их сургууль мөн Swartmore гээд либерал артс коллеж-д суралцах эрхтэй болсон. Гэхдээ яг одоогоор аль сургуульд элсэхээ шийдээгүй байгаа. Миний хувьд бага байхаасаа багш болно гэж боддог байсан. Манай эмээ багшийн мэргэжилтэй байсан болохоор надад их ойр дөхөм санагддаг.

Миний хувьд есөн настайгаасаа англи хэл үнэгүй заадаг нэг төрийн бус байгууллагад суралцаж, 13-тайдаа англи хэлний туслах багшаар ажиллаж байсан. Ирээдүйд боловсролын чиглэлд суралцаж Монголын боловсpолын салбарт хувь нэмэр оруулсан хүн болохыг хүсдэг.

-Харвардад тэнцэхэд хамгийн том шалгуур нь юу байсан бэ. Ер нь гадаадын томоохон их сургуульд элсэхэд хамгийн том шалгуур нь байдаг вэ?

Би Томүжин академийн багш нартай уулзахаас өмнө гадаадад сурахад хаана хэрхэн өргөдөл гаргаж, ямар материал бүрдүүлж, өөрийгөө хэрхэн бэлдэхээ сайн мэддэггүй байсан. Эссэн дээр Томүжин академийн үүсгэн байгуулагч, багш Б.Батжин маш их тусалж, зөвлөж байсан.

Нойр хоолгүй, заримдаа гэртээ хүртэл дуудаад эссэг маань засаж, зөвлөж өгсөн. Тийм болохоор юуны түрүүнд Томүжингийн Б.Батжин, Мөнхбат, Сумъяабат, Анар-Од багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.Мөн Монгол дах Америкийн Сургуулиудын хамтарсан GAP программын ард ажилласан Мөнхжин, Walt Jenkins , Бадруун гээд ах эгч нартаа баярлалаа гэж хэлье. Харвард болон томоохон их сургуулиудад тэнцэхэд эссэ хамгийн чухал нөлөөтэй байдаг.

Хувь хүний эссэ багш нарын тодорхойлолт, зан төлөв гээд илүү хувь хүн рүү хандсан шалгууртай байдаг. Зөвхөн оноогоор бус та хэн бэ гэсэн асуултад илүү хариулж чадах юм бол тэнцэх магадлал өндөр гэж хэлж болно.

Миний хувьд SAT 1400, TOFEL 101 оноотой байсан. Бусад хүүхдүүдтэй харьцуулахад тийм ч өндөр оноо биш л дээ. Эссэ маань их нөлөөлсөн. Би Харвардад оноогоор бус эссэгээр тэнцсэн.Би эссэгээ бичихдээ маш их зовсон. Бараг л уйлсан даа. 10 сараас эхлээд 30-40 эссэ бичсэн ч намайг 100 хувь тодорхойлж чадахгүй явсаар байгаад өргөдөл хүлээж авахаас 10 хоногийн өмнө сэдвээ олсон.

Манай ээж эдийн засагт маш хэмнэлттэй хүн. Багаасаа дэмий зүйлд битгий м.өнгөө үрээрэй гэж зөвлөдөг байсан. 10,20 төгрөг цуглуулаад дараа нь маш их м.өнгө болчихсон байдаг нь жижигхэн Нарангаравын хувьд ид шид юм шиг санагддаг байсан.Энэ нь надад далайд дусал нэмэр, дуслыг хураавал далай гэдэг үгийг утгыг ойлгуулсан.

Яг тэр зарчмыг өөртөө суулгаж чадсан. Жижиг зүйл байсан ч сэтгэлээ зориулж, ач холбогдол өгдөг. Миний эссэ жижиг зүйлийг цуглуулаад Нарангарав буюу би болсон гэсэн утгатай байсан. Эссэ дээрээ нэг жишээг англи хэл хэрхэн сурсан талаараа бичсэн. Миний хувьд 52, 45 дугаар сургууль мөн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль дээрээс нь King’s Kids гээд хувийн сургуульд суралцсан.

Гэхдээ хувийн сургуульд нэг их удаагүй л дээ. Төлбөрийг нь дийлээгүй юм. Улсын сургуульд сурч байсан надад англи хэл сурах маш том даваа байсан. Гэхдээ 10, 20 төгрөг цуглуулаад том мөнгө болдог шиг англи үгийг бага, багаар цээжлээд явсан. Өдөрт ганц үг цээжлээд эхэлсэн.

Англи хэл сурахад бол өөрийгөө сайн муу гэж голох хэрэггүй. Ганц, ганц үг цугларсаар байгаад том үгийн сантай болдог. Энэ бол ганц англи хэл ч гэлтгүй бүх зүйл дээр үйлчилдэг дүрэм.Том зорилго мөрөөдөлд хүрэхийн тулд гэнэт нэг өдөр биелэхгүй, бага багаар алхам хийх хэрэгтэй байдаг юм билээ. Энэ бүхнийг ээж минь надад сургасан. Аливааг бага, багаар хийж байж том амжилтын үүд нээгддэг.

-Харвардын ярилцлагын шалгаpуулалтад ороход ямар, ямар асуулт тавьж байсан бэ. Ярилцлагын шалгаруулалт дээр тавьдаг гол шалгуур нь юу вэ?

Хоёр удаа ярилцлагад орсон. Эхнийх нь яагаад Харвардын сонгож өргөдлөө явуулсан бэ. Харвардад тохирох хүүхэд мөн үү гэсэн над руу чиглэсэн, миний хувь хүнтэй холбоотой асуулт тавьсан. Харин 10 гаруй хоногийн дараа ярилцахад төсөөлж, бодоогүй асуултууд тавьсан.

Багшийн туршлагын талаар асуусан. Мөн миний хувьд АНУ-ын Элчин сайдаас ахлах ангийн сурагчдад зориулж явуулсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Тэр талаар хүртэл асууж, АНУ-д ирэх үед ямар асуудалтай тулгарсан, түүнийгээ хэрхэн даван туулсан талаар асуусан.

Мөн миний нэг төсөөлөөгүй асуулт байсан нь “хамгийн дуртай ном юу вэ” гэж асуусан. Дараа нь сурсан мэдсэн зүйлээ гүнзгийрүүлэхэд хэрэгтэй унших номын жагсаалт, төлөвлөгөө байгаа юу гэж асуусан. Эндээс юуг ойлгосон гэхээр өөрийгөө хөгжүүлж, сурахад хэр санаачлагатай, сурахад хайртай хүүхэд мөн үү гэдгийг голчлон хардаг юм болов уу гэж бодсон.

Ээж минь намайг бага байхаас эхлээд л хичээлээсээ гадуурх олон зүйлд оролцож бай. Даалгавраа хийгээд өөр юу ч хийхгүй байна, даалгавраа хийгээд л сэтгэл чинь ханаад байна гэж зэмлэдэг байсан.Тийм байсан болохоор даалгавраа хийгээд зогсохгүй өөрөө сонирхоод судалдаг, хичээлээс гадуурх зүйлд идэвхитэй оролцдог байлаа. Хожим ээжийн сургасан тэр чадвар Харвардын хайгаад байсан зүйл болно гэж төсөөлөөгүй.

Харвардад тэнцэхэд хэрэгтэй чадваруудыг ээж минь надад сургажээ гэдгийг ухаарсан. Манай ээж бүх зүйлээ надад зориулсан. Маш их анхаарал хандуулдаг байсан.

Ээжийнхээ хичээл зүтгэлийн эцэст Харвардад сурахаар болсон гэж бодож байна. Харвардад тэнцсэн гэдгийг сонсоод ээж минь маш их уйлаад “18 жил зүтгэсэн зүтгэлийг маань үр дүнг үзүүлж чадлаа, миний охин” гэж хэлсэн.

Хэдийгээр би аавгүй өссөн ч ээж минь надад 2-3 ааваас илүү хүчтэй аав байж чадсан. Ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн нагац эгч маань гадаадад ажилладаг.

Ээж бид хоёрыг олон зүйлээр дэмжиж тусалдагт баярлалаа гэж хэлмээр байна. Харвард бол жирийн л нэг сургууль гэдгийг ухаарсан. Анх Харвардад шалгуулах гээд ярилцлагад орж байхад надтай онлайнаар ярьсан захирал нь “Харвард бол жирийн л нэг сургууль шүү” гэж хэлсэн.

Тэр үг миний зүрх сэтгэлд их хүрсэн. Энэ дашрамд найзууддаа хандаад чамд мөрөөдлийн юм шиг санагдаж байгаа сургуульд ороход гэр бүлийн санхүүгийн байдал чинь бус өөртөө итгэх итгэл чинь нөлөөлнө. Ямартай ч өpгөдлөө өгөөд алхам хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.

-Төгсгөлд нь үеийнхээ найзуудад хандaaд юу гэж захих вэ?

Харвардад элсэлт авдаг хүмүүс 40, 50 жилийн туршлагатай хүмүүс байдаг болохоор тухайн хүүхэд хэн бэ гэдгийг хараад л анддаггүй гэж надад ярилцлагын үеэр хэлж байсан. Эцэг эх нь хүчээр явуулсан уу, эсвэл өөрөө үнэхээр чин хүсэлтэй байгаа уу, өөртөө хэр итгэлтэй хүүхэд вэ гэдэг нь эссэ болон өргөдөл дээрээс л харагддаг гэж байсан.Харвард миний эцсийн мөрөөдөл байгаагүй.

Жинхэнэ мөрөөдөлдөө хүрэхэд намайг илүү боловсруулах үе шат гэж төсөөлсөн. Тийм болохоор би тэнцсэн ч, тэнцээгүй байсан ч миний мөрөөдөл Харвардаар дуусахгүй байсан. Яг түүн шиг залуус маань өөртөө итгэлтэй байж, зорилгынхоо төлөө битгий бууж өгөөрэй гэж хэлье. Мөн би бол жирийн л улсын сургууль төгссөн.

Би найзуудынхаа адил хааяа ном унших дургүй, даалгавар хийхээр “ёо”-х гээд хэлдэг жирийн л хүүхэд.Жирийн би Харвардад тэнцэж чадсан болохоор чи ч гэсэн тэнцэж чадна гэсэн үг. Харвард, Принстон, Иел гээд том нэрэнд битгий сүрдээрэй.

Хэрвээ тэнцвэл чи азтай биш, тэр сургууль чинь азтай байна гэж бодоорой. Харин тэнцэж чадахгүй, татгалзсан хариу авлаа гээд тэр ганцхан эссэ, өргөдөл чамайг хэн бэ гэдгийг бүхэлд нь тодорхойлж, илэрхийлж чадахгүй болохоор өөртөө битгий сэтгэлээр унаарай.Бүх зүйл цаг хугацаатай байдаг шүү дээ.

Обама 50 хэдэн настайдаа Ерөнхийлөгчийн суудлаас бууж, Доналд Трамп 70 хэдэн настайдаа Ерөнхийлөгч болж байна. Хэрвээ чи хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж чадах юм бол тэр цаг ирэх болно. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *