Ц.Пүрэвхүү: Би Ерөнхийлөгчдөө л зөвлөх. Утаатай тэмцэх acyyдал одоо миний ажил биш.

“Утааны эсрэг ээж аавууд” фейсбүүк группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн иргэн Ц.Пүрэвхүү Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо суга дэвшчихсэн суугаа билээ.

Өдгөө бүр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аа ч мартаж орхив уу гэлтэй таг чиг. Харин төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд нь Ц.Пүрэвхүүд гурван заалт бүхий албан бичиг хүргүүлж, ТББ-ын тооцоог тайлагнахыг шаардаж эхэлжээ.

БОАЖ-ын яамныхныг чөлөөлсөн дүйвээнээр сэтгүүлчид төрийн ордонд тухалсан түүнээс утааны асуудлаар тодруулга авсан юм.

-Миний ажил үүргийн тодорхойлолт гэж байдаг. Энэ нь би Ерөнхийлөгчдөө л зөвлөх. Засгийн газрын ажил, Улаанбаатар хотын захиргааны үйл ажиллагаа руу орох эрх үүрэг байдаггүй. Би төрийн албан хаагч учраас сууж байхад гэнэт ороод ирлээ. Миний ярилцлага өгөх эсэхийг хэвлэлийн албаны дарга шийддэг. Зөвшөөрлийн дагуу л байр сууриа илэрхийлэх ёстой.

-Улаанбаатар хотын утаа буурсан гэж та үздэг үү?

-Агаарын бохирдлыг бууруулах ажил 2017 оноос хойш хэлэлцүүлэг өрнөж байгаад 2018 оноос хойш гол гүйцэтгэгч байгууллагын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Оролцогч талууд өнгөрсөн гурван жилд маш сайн чадавхжсан. Өнгөрсөн хоёр жил утаа 47 хувь хүртэл буурсан байна. Энэ үйл ажиллагааг хадгалах боломж байгаа.

Яг энэ үйл ажиллагааны дагуу хаана, хэн хариуцаж ажилладаг тэр хүмүүс хэлэх ёстой. Би иргэнийхээ хувиас орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хангалттай хэлсэн. Би Засгийн газрын гишүүн биш, нийслэлийн орлогч биш. Тэдгээр үйл ажиллагаанд сайн дураараа орж л үгээ хэлсэн.

-Хотын даргыг харлуулах оролдлог хийсэн хэмээх фэйсбүүк мессеж сошиалаар явж байсан. Үүнийг та өөрөө бичсэн юм уу?

-Тэр бол би биш. Хуулийн байгууллагад төрийн байгууллагын зүгээс хандах ёстой юу хувь хүн өөрийнхөө талаас хандах ёстой юу гэдгээ хуульчаас зөвлөгөө авч байна.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлэг тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа талаар мэдээлэл явж байсан?

-Тэр хөрөнгө орлогын мэдүүлэг 2020 оны сонгуулиар гарч байсан мэдүүлэг байна лээ. Би арван жил хөдөлмөр эрхэлсэн, миний нөхөр 15 жил хувиараа бизнес эрхэлсэн. 15 хөдөлмөр эрхэлсэн хоёр хүн байртай байх боломж Монголд байгаа.

Ц.Пүрэвхүү: “41 сая төгрөгийг Пүрэвхүү миний бие идсэн, залилсан, авилгалд авсан, луйвардсан түүхээ хүргэе”

Монголд байртай хүн нь бид хоёр биш байх. Анх би иргэдийн дуу хоолой болж явахдаа би ядуу хүн гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Ер нь иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаад явахад ар гэрийн дэмжлэг хэрэгтэй байж урт хугацаанд явна.

Би гадаа нь дуугарч эхэлсэн. Тодорхой хэмжээнд дотор нь ороод ажилласан. Өөрчлөлт гарсан гэлээ.

Гудамжинд утаатай тэмцэгчийн дүрд тоглож, уйлж, орилж явсан эмэгтэйн дүр хүмүүсийн сэтгэлд үлдсэн, иргэд ой санамжгүй хүмүүс биш шүү.

Төрийн ордонд тансаг тухалж, түрийвчээ зузаалсан хүний амнаас гарах үг цаанаа л ёоз муутай. Утааны эсрэг жагсагч Ц.Пүрэвхүү өнөөдөр утаагаа танихгүй болтлоо томорчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *