Алтай таван богд руу экстрем аялал хийсэн “СУПЕР” гэр бүлийг онцлон та бүхэнд хүргэж байна.

Ажлынхаа хажуугаар чөлөөт цагаа хүүхдүүддээ харамгүй зориулж, хамтдаа мотоспортоор хичээллэн экстрем аялал хийж, өвлийн улиралд цанаар гулгаж, аялдаг М.Түмэн-Өлзийн гэр бүлийг онцолж байна. М.Түмэн-Өлзийнх хоёр хүү, нэг охинтой.

Биднийг тэдэнтэй ярилцахаар очиход үе тэнгийн хоёр хүү нь цахилгаан дугуйгаа торохгүй унаж байсан бөгөөд хоёр настай хамгийн бага охин нь ч мөн түшүүрт цахилгаан дугуй унаж байв. Ингээд М.Түмэн-Өлзийтэй гэр бүлийнх сонирхолтой аяллын түүхийн талаар ярилцлаа.

-Танай гэр бүлийн Алтай таван богд руу аялсан тухай пост “Дэлхийгээр аялагчид” групп дээр маш их хандалт, эерэг сэтгэгдлүүдийг авсан байсан. Танай гэр бүлийн экстрем аялалтай холбогдсон түүхээс яриагаа эхлүүлье?

Манай гэр бүл чөлөөт цаг, амралтын өдрүүдийг ихэвчлэн хобби, сонирхолдоо зарцуулдаг. Эхнэр бид хоёр багахан олдож буй чөлөөт цагаа үр хүүхдүүдтэйгээ өнгөрөөж, ямар нэг зүйлийг хамтдаа хийснээр хоорондоо ярилцах, зөвлөлдөх халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зэрэг боломжийг өгдгөөрөө давуу талтай.

Миний хувьд анх жаахан байхаасаа л экстрем спорт, тэр дундаа техникийн талын дугуй, мотоцикл, мотоспортод маш их сонирхолтой байсан.

-Та болон танай гэр бүлийн гишүүд хэзээнээс мото спортоор хичээллэж эхэлсэн бэ. Энэ спортыг сонгох болсон шалтгаан юу байв?

-Анх 2014 оноос мотоциклтой болох гэж бодсон ч тухайн харааболомжгүй байсан. Тэгээд үнэ өртгийн хувьд арай бага тусахаар нь бодолцож үзээд том хүүгээ гурван настайд нь буюу 2017 онд зориулалтын мотоцикл авч өгч, хичээллүүлж эхэлсэн. Дараа дараагийн хүүхдүүдээ ч мөн энэ спортоор хичээллүүлэх сэдэл төрсөн. Харин манай эхнэрийн хувьд 2020 оноос мотокросс буюу цахилгаан дугуйгаар хичээллэж эхэлсэн.

Тэр зундаа эхнэр, хоёр хүү, бага охин бид дөрөв баяр наадмын амралтыг ашиглан гэр бүлээрээ мото аялал хийхийг зорьж, Тэрэлж, Мөнгөн морьт чиглэл рүү 200 км орчим аялсан. Энэ аяллаас аялалд төлөвлөгөө, зорилго байх нь маш чухал юм байна, зүгээр нэг машинд унаад явах биш дуртай зүйлээ хийж, шинийг эрэлхийлж байж жинхэнэ утгаараа аялал болох юм байна гэдгийг ойлгосон.

Энэ жилийнхээ аяллыг 2020 оноос хойш төлөвлөж, боломж бололцоогоороо мотоцикл, хэрэглэлүүдээ цуглуулаад экстрем төрлийн аялал хийгээд ирлээ.

-Та дуртай зүйлээ хийж, шинийг эрэлхийлж байж жинхэнэ аялал болдог гэлээ. Танай гэр бүлийн хувьд ямар дурсамж бүтээсэн бэ?

-Миний хувьд энгийн аялалд дурсамж харьцангуй бага үлддэг юм шиг санагддаг. Би өөрөө зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Дээрээс нь ийм экстрем буюу эрсдэл өндөртэй, цаг зав маш багатай, олон мотоцикл хэрэглэлүүдтэй, бага насны хүүхдүүдтэй явна гэдэг бол амралт биш завгүй төлөвлөгөөтэй аялал болдог. Гэхдээ дуртай зүйлээ хийснээрээ энэ нь бидэнд маш том амралт болдог.

-Хүүхдүүд нь хэд хэдэн настай вэ. Таны хуваалцсан аяллын зурагт мотоцикл унасан байсан. Хэр хугацаанд зааж сурган, хэзээнээс унаж эхлэв?

Манай хүүхдүүд нэг ой гарантайгаасаа “balance bike” унаж эхэлсэн. Том хүү хоёр ой хүрээд түшүүргүй дугуй ганцаараа унаж сурсан. Энэ бүхэн нь нарийн төлөвлөгөө шаарддаг. Мөн хүүхдийн нас, биеэд тохирсон, шаардлага хангасан хэрэгсэл байгаа цагт хүүхдийг хэтэрхий бага насных гэдэг асуудал гарч ирэхгүй. Цаг заваа гаргаж тууштай зааж сургах нь л хамгийн чухал. Шат дараалалтайгаар заасан тохиолдолд хүүхэд маш амархан сурдаг.

Зуны улиралд бол дугуй, мотоциклоо унаад болчихдог. Харин өвлийн улиралд хийх сонирхолтой зүйлтэй болохын тулд 2015 оноос цанаар хичээллэдэг байж байгаад, хүүхдүүддээ мөн хоёр, гурван настайгаас нь зааж сурган, “Sky Resort” цанын бааз дээр гулгадаг байсан. Бүр бага насны хүүхдэд зориулсан хувцас хэрэглэл “Sky Resort” дээр байдгийг манайхан тэр болгон мэддэггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд нэлээд гулгаж байна.

Манай гэр бүл ийм төлөвлөгөөт экстрем аялал өдөр тутмын, амралтын өдөр бүр хийдэг дадал болчихсон зүйл. Хүмүүс харахдаа шавар шавхай ихтэй өндөр уул хад руу эрсдэл өндөртэй ийм зүйлд хүүхэд дагуулж явах нь буруу гэсэн талаас их хардаг.

Нөгөө талаасаа жинхэнэ спорт гэсэн утгаар нь харж байгаа хүмүүс ч байдаг. Тэгэхээр үүнд бэлдэхэд маш их цаг зав, хүч хөдөлмөр, заавал сурах арга техник, аюулгүй байдлаа хангах олон зүйл багтдаг. Өөртөө таарсан хэрэглэлтэй байхад ямар ч асуудал байхгүй. Нэн түрүүнд аюулгүй байдлаа бодож, төлөвлөж явсан хэдий ч өмнө явж байгаагүй зам бартаагаар явсан учраас эрсдэл өндөртэй алхмуудыг хийж байсан.

-Энэ зун ямар маршрутаар, аль аймгуудаар аялсан бэ?

-Энэ аяллыг он гараад маш эрчимтэй төлөвлөж, цаг заваа зохицуулж бэлдсэн. Дан ганц мотоциклоор аялах биш снөүбоардыг мотоциклтой яаж хослуулж аялах тал дээр их анхаарч, туршлагатай аялагчдаас суралцаж, судалгаа хийсэн. Хүүхдүүдтэй очиж гулгахад хамгийн аюул багатай, цасны хэмжээ нь ч тохирохоор газар бол Алтай таван богдын Малчин хайрхан байсан учраас тэр газрыг сонгоод очсон.

Маршрут нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суман дахь нуур, Бага түргэний хүрхрээг үзэж морины жимээр хүрхрээ рүү мотокроссоороо хүрч очсон. Мөн хүрхрээний дэргэдэх радиус багатай уул руу мотоциклоороо гарч, гулгасан гэх мэт маш экстрем аяллуудыг хийсэн.

Тэндээсээ Алтай таван богдын Малчин оргил буюу хамгийн баруун хойд зүгт Орос улстай хиллэдэг, далайн түвшнээс дээш 4051 метр оргил руу алхалт хийсэн. Бага насны хүүхдүүдтэй учраас маш хүнд байсан ч урдаа тавьсан зорилгынхоо хүрээнд хүүхдүүдээ зоригжуулж, урамшуулсаар уулынхаа талд хүрч чадсан. Буцахдаа Оросын хил давдаг талаар нь снөүбоардаар гулгаж буусан. Дараа жил цаг үеийн нөхцөл байдал гайгүй байвал ОХУ-д очиж, гулгах төлөвлөгөөтэй байна.

-Гэр бүлийнх нь хувьд аяллын үеэр ямар саад бэрхшээлүүд тохиолдож байв?

Саад бэрхшээл алхам тутамд л гарч байдаг л даа. Гэхдээ тэр саадуудыг өмнө судлаад, бэлдээд, төлөвлөчихсөн байдаг учраас нэг талдаа саад бэрхшээл юм шиг боловч нөгөө талаараа энэ аяллын утга учир болж байдаг. Жишээ нь, Бага түргэний хүрхрээний ойролцоо цастай уул руу мотоциклтой явах үед маш түргэн урсгалтай, өвдгөөр татах хэмжээний гол урсаж байсан.

Бага насны хүүхдүүдтэйгээ энэ голыг гатлахын тулд маш их зориг тэвчээр, хүч шаардаж байсан. Энэ нь манай хүүхдийн хувьд ч мөн маш их ачаалал, зориг шаардсан аялал байсан болов уу гэж бодож байна.

-Өөрсдийнхөө болоод хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ. Ер нь хэрхэн хангах ёстой байдаг вэ?

Ийм экстрем спорт, урт хугацааны аялал, к.о.видын үеийн аялал хариуцлагатай байх ёстой. Мотоспорт, снөүбоардын хувьд хүүхдүүддээ анхнаас нь маш зөвөөр дадал хэвшил болгож сурган аюул бартааг багаар ойлгуулах, мөн хамгийн чухал зүйл нь аюулгүйн хамгаалалт, хэрэгслээ бүрэн байлгаж, зөв өмсөх дадал хэвшлийг суулгадаг. Мөн аяллын аюулгүй байдалд хамгийн чухал. Тиймээс мэдээж цаг агаарын төлөв байдлыг байнга харж байх хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ аялна гэдэг бол алхам тутамдаа л аюулгүй байдлаа хангах үүргийг хүлээдэг.

Бидний хувьд маш хүнд байсан нэг зүйл нь Малчин оргил руу авирахад сул хайргатай байсан. Бид снөүбоард, аяллын цүнхээ үүрээд, нэг нэг хүүхдээ хөтлөөд явахад хүүхдүүд шантарч байсан. Хүүхдүүд оргилд гарч чадахгүй учраас уулын бэлээр хөндлөн алхаад цас руугаа очиход хайрга нурж орж ирж байсан. Тэнд 35-40 градус орчим налуу байсан байх.

Тэр налуугаар алхах хамгийн эрсдэлтэй, энд хүрээд зогсдог ч юм уу гэсэн бодол төрж байлаа. Гэхдээ манай багш нар замаа түрүүлж үзээд явж болохоор байна гэдгийг мэдсэн. Ингээд цааш оргилдоо гарахаар шийдсэн.

-Яг ингэж шантрах үеэ хэрхэн даван туулсан бэ?

Хамгийн түрүүнд эрсдэл аюулгүй байдлаа тооцсон. Боломжгүй байсан бол буцах нь тодорхой. Гэхдээ оргил руу дөхчихсөн, урам зориг авчихсан, хүүхдүүд минь аюулгүй газар амарчихсан, багийнхан руугаа харахад бууж өгөөгүй байгаа нь харагдсан. Бидний хамгийн гол зорьсон зүйл бол мөнх цаснаас снөүбоардоор буух. Тэр мэдрэмжийг авахын тулд оргил руу гарах зорилго тавьсан. Тиймээс үүний цаана гарах уу, буцах уу гэдэг нь тодорхой байсан даа.

-Энэ өвөл гэр бүлээрээ хийсэн снөүбоардтай аяллаар том хүү нь 7 настайдаа Асралт хайрханаас снөүбоардоор буусан анхны хүүхэд болсон гэж та хэлсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

Манай хүү эхлээд цанын спортоор хичээллэж байсан. Өөрөө экстрем талдаа сонирхолтой. Цаашлаад сонирхлоо улам хөгжүүлээд явах боломжтой гэж хардаг. Анх би хүүхдүүдээ сургахаар шийдэхдээ өөрөө ч мэддэггүй байсан. Тиймээс хоёр хүүгээ дэмжээд гэр бүлээрээ сурах шийдвэр гаргасан.

Гэтэл нэгдүгээр сард “К.о.в.и.д-1.9”-ийн улмаас цанын бааз ажиллаж эхлээгүй байсан учраас багштай нь ярилцаж байгаад Хүрэлтогоотын ойролцоо байгалийн цасан дээр гулгаж сурсан.

Цанын баазууд нээгдсэний дараа бид сар орчим бэлтгэл хийгээд нэгэнт сурсан юм чинь үр дүнг нь үзмээр санагдаад хүүхдүүдээ дагуулан Асралт хайрхан руу зорьсон. Манай бага хүүхэд цасан шуургатай таарсан учир уулынхаа бэлээс ээжтэйгээ буцсан. Би багштай нь том хүүгээ аваад Асралт хайрханы яг оргилоос нь биш гулгах хэмжээний газраас буусан. Энэ нь бага насны буюу долоон настай хүүхэд авиралт хийгээд снөүбоардаар буусан нь анхны тохиолдол байсан.

-Та бүхэн шиг экстрем аялал хийх сонирхолтой хүмүүст зориулаад аюулгүй байдлаа хэрхэн хангах тухай зөвлөмж хүргэж болох уу?

Экстрем спорт, мөнх цаст уулнаас буух, мотоциклтой аялал зэрэг Монголд хөгжиж байна. Үүнийг сонирхдог, аялалд явахыг хүсдэг бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, аяллаа төлөвлөх, аюулгүй байдлаа дээд зэргээр хангах зайлшгүй шаардлагатай. Мөн аяллын бүх хэрэгцээгээ хангаж, цэвэрч, соёлтой, хоггүй аялах нь чухал юм. Бидний хувьд экстрем спортын мэргэжлийн тамирчин биш, сонирхогч.

Өөрөө тамирчин болохоосоо илүү гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх, мэргэжлийн багшийн зөвлөгөөг авч хүүхдүүдээ сургахыг хичээдэг.

Бид аль болох аюулгүй байдал, хамгаалах хэрэгслээ хангахыг чухалчилдаг. Хүүхдүүддээ зааж сургаснаар өөрөө ч гэсэн суралцаж, туршлагажиж байна. Залуусын хувьд заавал экстрем спорт биш гэр бүлээрээ хамтдаа байх, хамгийн наад зах нь дугуй ундаг, гэр бүлдээ цаг зав гаргадаг хандлага нэмэгдэж байна.

Ингэснээр өөрийн хоббигоо хөгжүүлэхээс гадна гэр бүлдээ зарцуулах цаг завтай болно. Залуус найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэж явахаасаа илүү гэр бүлдээ цаг зав гаргаж, олдож байгаа жаахан цаг заваа гэр бүл, хобби сонирхолдоо зарцуулбал нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье.

Бэлтгэсэн: Н.Саруулдөл, Б.Жаргалмаа Эх сурвалж: itoim.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *