Ж.Алтангэрэл МУСГЗ цолоор шагнагдаад хамгийн түрүүнд дурдсан хүн энэ байна.

“Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр МУСГЗ хэмээх хүндтэй цолоор шагнуулж гавьяат сэтгүүлчдийн тоог нэгээр нэмлээ.

Магадгүй энэ шагнал энэ удаагийн борооны дараах мөөг шиг олон шагналуудаас хамгийн нүдээ олсон шагнал байсан байх. Шагналаа гардаж аваад сэтгүүлч сурвалжлагчдад яриа өгөхдөө түүний хэлсэн үг яах аргагүй олон жил үг урлаж, үзэг шагласан хүний л сэтгэлээс гарах үгс байлаа.

Тэрээр “МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлч, ханийнхаа түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлдэг, урмын үг хайрладаг жирийн үзэгчдийн дэмжлэг сэтгүүл зүйн салбарт чигийг минь зааж өгдөг юм.

Дэлхийн тавцанд туурга тусгаар Монгол Улс байгаа цагт үндэсний телевизийн алтан цамхаг үргэлж өөдөө байна гэдэгт би огт эргэлзэхгүй. Миний хувьд, ардчилсан хувьсгалаас хойших Монголын найман парламентын долоод нь парламентын сэтгүүлчээр ажиллалаа.

Монголын үе үеийн парламентын сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрт Монголын төрийн түүх тасрахгүй. Сэтгүүл зүйн зөв оршихуйн цаг мөч бүрт эрүүл төр, нийгэм тогтдог. Монголын сэтгүүл зүйн өмнө мэхийе” хэмээв.

Амжилттай яваа эр хүний ард сайн эхнэр байдаг гэдэг. Монголын ард түмэн Ж.Алтангэрэл гэдэг энэ шавилхан биетэй эрийг, түүний ажлыг, түүний хамт олныг мэдэх ч хорин хэдэн жил ханилж яваа гэр бүлийнх нь хүнийг бараг л мэддэггүй юм билээ.

Түүний гэргий нь багш мэргэжилтэй бүсгүй байдаг юм байна.

Эр нөхрийнхөө түшигтэй сайн ар тал болж, сэтгэл зоволгүй ажлаа хийх эрч хүчийг өгдөг бүх сайхан бүсгүйчүүддээ талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *