Бээжингийн Өвлийн олимпд оролцохоо мэдэгдсэн анхны гадаад орны удирдагчаар манай Ерөнхий сайд тодорчээ.

Хаа байсан Японд зуны олимпын нээлтэн очсон юм чинь хаяанд байх Хятадад өвлийн олимпид очсон нь дээр л дээ.

Зөвөө зөв. Айл хүний амь нэг. Хөрш улсын хүсэл нэг. Очихгүй байвал цаадуул чинь хөнгөхөөн чадаад байж чадах л байх. Хил усаа хэзээ нээх, хийн хоолойгоо яаж татах гээд Хятадтай холбоотой зөндөө асуудал байгаа. Аяны хажуугаар ажлаа амжуулаад ирээрэй.

Өвлийн олимп Бээжин хотноо сар хүрэхгүй хугацааны дараа буюу ирэх хоёрдугаар сарын 4-нд эхлэх гэж байна. 24 дэх удаагийн өвлийн олимп БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох бөгөөд олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болж гурван мянга орчим тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Бээжин хот нь 2008 онд зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Мөн зуны олимп болж байсан хотод өвлийн олимп зохиогдох гэж буй нь анхны тохиолдол болж байгаагаараа онцлог билээ.
Монгол Улс Бээжингийн өвлийн олимпод оролцоно гэдгээ хэдийнэ мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимп бол дэлхийн хүн төрөлхтний эв санааны том баяр, улстөрөөс ангид байх ёстой. Монгол Улс өвлийн олимпыг дэмжиж, Ерөнхий сайдын хувьд очиж нээлтэд оролцоно.

Эв санааны хувьд нэг буйгаа илэрхийлнэ. Цар тахлын хүнд үед зохион байгуулагдсан зуны олимпт Монгол Улс хамт байгаагаа Японы талд илэрхийлсэн. Энэ удаа БНХАУ-тай эв санааны хувьд олимпын байр суурин дээр нэг байгаагаа илэрхийлнэ гэж бодож байна” гэжээ.

Ерөнхий сайдыг Хятад улсад айлчлах болсонд БНХАУ-ын тал ихэд талархаж байгаа юм байна. Тус улсын ГХЯ-ны мэдэгдсэнээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хүрэлцэн ирж Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн анхны гадаад орнуудын удирдагчдын нэг бөгөөд бид үүнийг халуун дотноор хүлээн авч, талархаж байна” хэмээн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *