Н.Түвшинбаяр: Ямар их харамсаж байна аа. Цаг хугацааг ухрааж болдог ч болоосой…

Монгол түмний хайртай хоёр бөхийн нэг тэнгэрт дэвшиж, нөгөөх нь торны цаана хоригдоод байна. Туйлын харуусалтай гэхэд ч багадахаар эл үйл явдал сархад савнаасаа бусдыг дийлж, ааг омог амьдралыг сүйрүүлэх хар мөртэй гэдгийг батлан харуулсан билээ.

Тaлийгaaч Э.Энxбaт нь Булган аймгийн Могод сумд 1984 онд төрсөн. 37 настай. 2005 онд аймгийн арслан, 2009 онд улсын начин болсон. Улсын наадамд 2009, 2012, 2013, 2019 онуудад нийт дөрвөн удаа шөвгөрч, чимэг нэмсэн. Жудо бөхийн Азийн аваргын хүрэл медалт.

Тэрбээр ” Начин хэвээрээ дуусахад надад харамсах юм байхгүй ээ. Цолондоо уужуухан явах сайхан. Нэг их том цолтой, түүндээ хүрч ядаж, хүүхэд шиг багадаж явах муухай” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Тийм ээ, тэр олимпийн аваргаас ч том хүн чанартай, жинхэнэ бөх явлаа. Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал явлаа.

Тэгвэл цагдан хоригдоод байгаа Н.Түвшинбаяр аварга тэнгэрт дэвшсэн H.Энxбaт найзынхаа араас харуусаж “Ямар их харамсаж байна гээч. Цаг хугацааг ухрааж болдог бол тэр өдрийг л өөрчилмөөр байна. Найзыгаа үгүйлж байна” гэх зэргээр өгүүлэн гашууджээ.

Н.ТVВШИHБAЯР, Э.ЭHXБAT: БИДНИЙ НӨХӨРЛӨЛ ЭНДЭЭС ЭХЭЛЖ ИЙМ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН ИД ШИДТЭЙ

Бидний нөхөрлөл ингэж эхэлсэн юм. Энxбaт Могодод төрж, өссөн болохоороо Могодынх гээд байдаг болохоос удам судраа хөөвөл Сайхан сумын хүн байгаа юм. Аав нь манай сумын хүн л дээ. Бид сум, сумандаа наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангид дэвшин суралцахаар би Сайхан сумаас, Энхбат Могод сумаас Булган аймгийн “Эрдмийн өргөө” сургуульд ирж байлаа.

Нэг анги биш л дээ, зэргэлдээ ангид сурч байсан. Нэг үеийн барилдаж, ноцолддог хүүхдүүд болохоор танилцаж ядах юу байх вэ. Үеийнхэн дундаа бас ч гайгүй барилдчихдаг нь байсан болохоор тэмцээн уралдаанд хот хүрээ рүү хамт явсаар ойртож нөхөрлөсөн. Бид хоёрыг их спорт л холбож, нөхөрлүүлж дээ.

Бас бидний нөхөрлөл, спортын замналд том нөлөө үзүүлсэн хүн бол “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр ах юм шүү дээ. 10 жилийн сурагч байхад маань“Та хоёрыг компанийнхаа бөхөөр авлаа. Сар бүр 60 мянган төгрөгийн цалин өгнө. Та хоёр дунд сургуулиа төгсөөд над дээр ирээрэй” гэснээр бид бид цалинтай сурагч болж байлаа.

Ингээд хотод ирснээс хойш 2007 он хүртэл хамт амьдарч, салшгүй найзууд болсон доо. 2008 оноос гэр бүлтэй болж, тусдаа амьдралтай болсон. Хотод орж ирэхдээ Энхбат сумын заан цолтой, би аймгийн начин цолтой байлаа. Энд тэндхийн том, жижиг барилдаануудад зодоглоно.

Дөнгөж аравдугаар анги төгссөн жаахан хүүхэд чинь том цолтой, хашир туршлагатай бөхчүүдтэй таараад юу болох вэ дээ, нэгийн даваанд уначихна. Нэгдүгээр курс төгсөх хавар аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд Энхбат тэр үедээ их сайн барилдаж байсан аймгийн арслангуудыг хаяж, хоёр давахад нь мөн ч их баярлаж билээ. Улсын наадамд тав давж, начин цол авахад нь, дараа нь начин цолоо батлахад нь бас их баярласан. Найзынхаа амжилтыг харах сайхан байдаг. Амжилт гаргаасай гэж хүсдэг.

Хоёр олимпод бид хоёр хамт орсон. 2008 онд Энхбат маань 81 кг-ын жинд олимпийн эрх авсан. Тэр үед Монголын жүдо бөхийн холбооноос 81 кг-ын жинд Нямхүү ахыг олимпод барилдуулахаар шийдэж, найз маань өөрийнхөө бэлтгэлийг орхиод надтай олимпийн бэлтгэлд гарч, миний бэлтгэл хангагчаар ажилласан. 2012 оны олимпод бас бэлтгэлийг маань хангасан.

Олимпийн хоёр медалийг авахад гол нөлөөлсөн хүн бол найз минь юм шүү дээ. Дасгалжуулагч нарын хажуугаар намайг бэлдэж, уяа сойлгыг минь тааруулсан. Ялангуяа 2012 оны олимпод бол бүр ойр байсан. Олон жил нөхөрлөөд ирэхээр биe, биенийхээ юу бодож байгааг мэддэг болчихдог юм байна. Бие, биенийхээ юу хийх гээд байгаа, юу хүсээд байгааг хэлүүлэлтгүй ойлгодог.

Тийм болохоор бэлтгэл хийхэд маш сайн хамтрагч болдог. Тэмцээнд ганц биеийн бэлтгэл бус, сэтгэл санааны бэлтгэл маш чухал. Энэ бүгдэд дандаа хамт байж тусалдаг найздаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулъя. Тамирчид бид чинь уран сайхан үггүй, бодож санаж явдгаа тэр бүр ил гаргаад байж чаддаггүй, дотогшоо хүмүүс шүү дээ.

Энхбат бид хоёр бие биенээ найз минь гэж дуудсан нь ч цөөхөн байх. Дотроо бол хамгийн дотнын минь хүмүүсийн нэг шүү гэж бодсон хэрнээ ил гаргаж, хэлж яриад байх нь ховор юм.

Оюутны байрны түүх гэвэл “Авзага трейд” компани сургуулийн гуанзанд хоолны мөнгө өгчихдөг, бид хоёр гуанзнаас хооллодог байсан юм. Хавар хичээл тарж, бид хоёр наадмын бэлтгэлд гарна гээд үлдлээ. Сургуулийн гуанз амарчихсан, оюутнууд л болсон хойно мөнгөгүй.

Тэгэхэд хэд хоног сүрхий өлссөн юмдаг. Энхбат янз бүрийн ногоо идэж чаддаггүй байснаа тэгж өлсөж байхдаа кимчи идэж сурсан юм шүү дээ. Бэлтгэлд гарахын хооронд гэрээсээ мөнгө нэхээд яах вэ гээд гүрийчихсэн, найз нөхдөөсөө аргалаад байдаг байлаа. Тэгэхэд бараг хулгай хийчихсэн юм аа. Нэг өдөр өлсөөд сууж байсан чинь одоо барилдаж байгаа аймгийн арслангуудын нэг бэлтгэл хийхээр манай өрөөгөөр орж ирлээ.

“Хоолны мөнгө байна уу” гэтэл “Байхгүй, юу ч байхгүй. Байвал өгөлгүй яах вэ” гэчихээд манай өрөөнд хувцсаа солиод бэлтгэлийн танхим руу явлаа. Тэгэхээр нь “Энэ мөнгөгүй явна гэж байхгүй дээ” гээд халаасыг нь ухсан чинь арав гаруй мянган төгрөг гараад ирдэг юм. Янзыг нь үзэх санаатай “Энийг нуучих” гээд Энхбатад өгчихлөө. Нөгөө нөхөр чинь бэлтгэлээсээ гарч ирээд хувцсаа өмсөөд гарч явснаа буцаж орж ирээд өрөө тойруулж жаал харж байгаад гараад явчихсан.

Би асуухаар нь гаргаж өгье гэж бодож байсан чинь асуухгүй яваад өгсөн. Мөнгө байхгүй гэчихээд мөнгө алга болчихож гэлтэй биш, санаа нь зовсон юм байлгүй. Тэр мөнгөөр нь бид хоёр хоол аваад идчихсэн.

Энхбатыгаа магтаж болох бүх үгээр л магтмаар байна. Монгол эр хүн ямар байдаг вэ гэдгийг найзаасаа хардаг. Түшиг тулгууртай, ноён нуруутай. Юмыг дандаа сайнаар боддог. Шуналгүй. Ингээд ярихаар магтахаасаа илүү шүүмжилсэн болчих гээд байна л даа.

Манай найз чинь өөрөө их сайхан гэгээн бодолтой, хүнд муу санаж, муу зүйл боддоггүй, гэнэн цайлган ч гэмээр хүн шүү дээ. Тэгээд хүн бүрийг өөр шигээ боддог. Тийм хүн чинь сул тал, алдаа гаргах нь их. Янз бүрийн хүмүүсийн нөлөөнд автчих гээд байгаа юм шиг санагддаг. Найзыгаа хамгаалж бодоод тэгж санагддаг юм болов уу даа.

Хөдөөнөөс ирсэн хоёр хүү л явж байсан чинь хоёулаа гэр бүл зохиож, өнөр өтгөн болоод сайхан л байна. Өсөхбаяр заан бид гурав багаасаа найзалсан юм шүү дээ. Шинэ жил, баяр ёслолоор хэдэн гэр бүлээрээ хамт байдаг юм. Өсөхөө маань бид хоёрыг булагналаа гээд гомдчих вий дээ.

Санаад болохгүй бол хөгшрөхөөрөө хамт амьдарчихгүй юу. Ямар сураагүй юм биш. Гэр бүлийнхэн маань ч найзууд юм чинь. “Өөрийнхөө тухай ярих гэхээр үг эвлэдэггүй юм. Өөрийгөө магтаад байлтай биш, муулаад байлтай биш, үгийн ургүй хүн чинь хэцүү шүү дээ.

Найзынхаа тухай ярих чинь харин зүгээр юм байна. Хотод анх ирээд буруу автобусанд сууж төөрөхөөс эхлээд хөдөөнөөс ирсэн оюутнуудын туулдаг бүхнийг туулсан. Ийм амжилтанд хүрнэ гэж зүүдлээ ч үгүй явахдаа жаахан зүйлд шантарч “Хоёулаа бөх болж чадахгүй бол хөдөөгөө очоод малаа маллаад амьдарчихна даа” гэж ярьж явсан удаа бий. Түвшээ их ганган.

Эгч нь Солонгосоос гоё хувцас өгч явуулна. Нэг өглөө манай хүн жигтэйхэн гангалчихсан, бид хоёр хичээлдээ явж байтал дээрээс нэг юм унах шиг боллоо. Тэгтэл Түвшээгийн дээрээс шувуу баачихсан. Шувууны сангас чинь их том байдаг юм билээ шүү дээ, энгэр нь тэр чигээрээ нялцгай цагаан юм болчихсон, “паа пий” гээд сүйд болж байлаа. Тэр их учиртай, аз амжилт зөгнөсөн явдал байж гэж одоо боддог.

Бодоод байсан чинь eр нь Түвшээ намайг жимс, ногоонд оруулсан юм байна шүү дээ. Бид арван жилийн сурагч байхдаа Эрдэнэт рүү тэмцээнд очсон юм. Тэгсэн Түвшээ “Би чамд гоё юм идүүлж үзүүлнэ. Би дээр идэж үзсэн. Янзын гоё юм билээ” гээд нэг бөөрөнхий бор юм үзүүлж байна. Гоё нь юу л бол доо гэмээр царай муутай бор юм, идэж үзсэн үнэхээр гоё амттай байсан. Одоо би кивинд дуртай

-2008 оны олимпоос Түвшээ аваргыг алт авах бүү хэл амжилт гаргана гэж найдсан хүн цөөхөн байсан шиг санагддаг. Түвшээ аварга ер нь өөрийгөө олимпоос медаль авна гэж бодож байсан болов уу? -Багш нар л Түвшээд найдлага тавьж байснаас хүмүүс ийм сайн тамирчин гэж мэддэггүй байсан үе л дээ. Олимпийн бэлтгэлд Түвшээ Нүхтэд гарч, би бэлтгэлийг нь хангаж байсан.

Тэгэхэд Түвшээ “Одоо очоод олимпийн аварга болчихвол яах вэ, бидний амьдрал ямар болох бол” гэж ярьдаг байлаа. “Олимпоос медаль авчихвал…” гэж ерөөсөө ярьдаггүй, аварга болчихвол л гэж ярьдаг, их том мөрөөдөлтэй байсан байгаа биз.

Олимпод орох тамирчид онгоцоор явж, биднийг бэлтгэлд нь тусал гээд араас нь галт тэргээр явуулсан юм. Галт тэргэнд явж байтал Түвшээгээс “Эхний тойрогт Японы Сүзүки, хоёрдугаар тойрогт Оросын бөх, түүнийг ялбал Солонгосын Чан Сонхутай барилдах юм байна” гэсэн мессеж ирлээ.

Тухайн үед барилдаж байсан хамгийн хүчтэй, шилдэг тамирчидтай нэг хэсэгт орчихсон байгаа юм. Тэгэхэд нь би “Түрүүлэхийн тулд бүгдтэй нь л барилдана шүү дээ. Хаана, хэзээ таарах нь сонин биш” гэж хариу бичиж байсан санагдаж байна.

Алтан медалийн төлөө Казахстаны Асхат Житкиевтэй барилдах боллоо. Гэтэл Түвшээ бид хоёрыг нэг өрөөнд оруулаад, өрөөний хаалгыг багш дараад зогсчихов. Хааяа Тулга сайд л орж ирнэ, өөр хүн оруулахгүй. Түвшээ давчдаад байгаа бололтой газар хөрвөөх юм, ширээн доогуур орж суух юм. Юм ярих гэхээр тийм үед ярих зүйл олддоггүй юм билээ. Тэр үед яасныг мэдээгүй ч сүүлд дуулах нь ээ, Казахстаны хүмүүс манай багш нартай уулзаж, янз бүрийн яриа тохироо хийе гэсэн шиг байгаа юм.

Казахстан бас олимпийн аваргатай болох гээд үзээд байна шүү дээ. Тэгээд манай багш нар Түвшээтэй янз бүрийн хүмүүс уулзаж элдэв юм яриад сэтгэл санааг нь хоёрдуулчих вий гэж болгоомжилж, хүнтэй уулзуулахгүй тусгаарлаж байгаад шууд татамид гаргасан. Барилдаан гурван цаг завсарласан, тэр хооронд Түвшээ сайхан ч сэргэсэн. Асхат Житкиевт өмнө нь ялагдаж байсан нь бас их нөлөөлсөн байх. Тэр казахыг тактикаар гоё ялсан шүү, тийм ээ. Асхат Житкиев барилдаж чадахгүй байсаар байгаад л ялагдсан.

Би яг алтын төлөөх барилдааныг үзэгчдийн суудлаас үзэж чадаагүй. Мандаттай, үзэгчдийн суудлаас үзэх боломжтой байсан ч яагаад ч юм бэ, зүрх хүрээгүй. Насаа багш бид хоёр тамирчдын бэлтгэлийн өрөөнд зурагтаар үзсэн. Насаа багш уйлаад, чичрээд… Настай хүн сэтгэл нь хэт их хөдлөөд янз бүр болчих вий гэж санаа зовж байсан шүү.

Олимпийн аварга болж ирчихээд хоёулаа машингүй, хүний машин гуйж унаад нутаг руугаа явъя гэж ярилцаад байж байтал Тулга сайд дуудав. Очсон чинь Монголын жүдо бөхийн холбооноос цагаан “Ланд 200” өгдөг юм байна. Хагартлаа баярлаад нутаг руугаа гарсан. Олон хүн хамт явсан. Их давхидаггүй, намбатай явдаг, найдвартай гээд надаар машинаа бариулахаар боллоо.

Би өмнө нь “Ланд 200” унаж үзээгүй юм чинь. Машиндаа дасахгүй, олимпийн аваргыг авч яваа болохоор хашир, хариуцлагатай ч явж байгаа гэж жигтэйхэн. Эндээс их олуулаа цуваа үүсгээд явсан юм. Гэтэл би цуваанаасаа сугараад үлдчихнэ, нөгөө машинууд биднийг хүлээж зогсоод гүйцэж ирэхээр явна. Их удаан явсан. Тэгж найзынхаа буянаар “Ланд 200” гэдэг машиныг анх унаж үзэж байлаа.

Чансаагаараа Дэлхийн аваргын дараа ордог Парисын Гранд сламд алтан медалийн төлөө Солонгосын бөхтэй барилдах болов. Тэгсэн манай хүн хаана ч хамаагүй байж байдаг, витамин гээд зараад байдаг шилтэй ундааны шошгыг нь хуулаад, “Гарч явахад нууж гаргаж өгөөрэй” гээд Болдоо багшийн цүнхэнд хийчихэж байгаа юм.

Тэгээд өрсөлдөгчтэйгээ зэрэгцээд явж байхад нь жигтэйхэн нуугаад гаргаж өгсөн чинь манай хүн бас нууж уугаад, шилийг нь бушуухан буцааж өгөөд толгойгоо сэгсэрч, чичирч бариад сүйд болов. Тэгтэл солонгосчууд сүрхий сүрхий хараад, жив жув гээд сандралдаад явчихсан. Дөнгөж гарсан, бяртай байгаа хүн чинь ухасхийж барьж аваад хэд ширүүн сэгсрэнгүүт “Түрүүний уусан юм нь айхтар хүч тэнхээ оруулдаг юм байна” гээд л өрсөлдөгч нь сэтгэл зүйгээрээ яваад өгөх жишээтэй.

-Хүүхэд байхаасаа өнөө хүртэл хамт байсан, бие биенийхээ бүх л зүйлийг мэддэг, бүх зүйлд хамт байсан, үнэхээр ховор сайхан найзууд юм аа?-Бид хоёр олон жил нөхөрлөлөө. Одоо бол бие биенийхээ юу ярих гээд байгааг харцнаас нь ойлгоно гээд хэлчихэд буруудахгүй байх. Хүүхэд байхаасаа барилдаад өдий хүрчихсэн болохоор бие биенийхээ хаашаа хөдөлж, ямар мэх хийхийг бүгдийг нь мэднэ.

Хоорондоо барилдахад их эвгүй, барилдаж болдоггүй. Бие биенээ мэх хийлгэдэггүй болохоор бид хоёр барьц сонгоогоор л давалцдаг. Манай найзууд биднийг хамт байхаараа шал өөр болчихдог гэдэг юм. Нийлэхээрээ найзуудыгаа шоолох, шоглох юман дээр их санаа нийлнэ. Манай жүдогийнхон хааяа завтай үедээ няслах шийтгэлтэйгээр хөзөр тоглодог юм.

Тэгээд бид хоёр нөгөө хэдийгээ байнга нясалчихна. Манай Болдоо “Дух руугаа няслуулаад байсан чинь сүүлдээ дагз өвдсөн. Тархи хөдөлчихсөн байна” гэж байсан. Бид хоёр хоорондоо ярихгүй ч гэсэн ойлголцоод бусдыгаа хожчихдог болохоор манайхан бид хоёртой тоглохгүй, эсвэл та хоёр нэг хүний модоор тогло гэдэг юм. Тэгээд нэг хүний модоор хоёулаа тоглоно.

Манай жүдогийнхон их сайхан хамт олон шүү дээ. Баг хамт олон, ар гэр, найз нөхөд бүх зүйл тэгширч байж амжилт гаргадаг байх. Амжилт гаргахад ар гэр гол нөлөөтэй. Түвшээгийн маань эхнэр сайн бүсгүй бий. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Өөртөө том зорилго тавьчихсан хүн ар гэртээ цаг гаргаж, үр хүүхдүүдээ өсгөлцөөд байх зав чөлөөгүй бэлтгэл гээд л явна. Тэр бүх боломжийг бүрдүүлж, хүүхдүүдээ өсгөж, нөхрийнхөө санаа сэтгэлийг зовоохгүй ар гэрээ авч явна гэдэг том хөдөлмөр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *