Жүжигчин Г.Отгонцэцэг: “Орхидос”-д тоглосондоо хэдэн жил л харамссан. Учир нь гудамжаар…

Улсын драмын эрдмийн театраар нэгэн цагт овоглож, “Орхидос” киноны хойд эхийн дүрээр олонд илүүтэй танигдсан Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг АНУ-д магистрын зэргээ амжилттай хамгаалж, мэргэжлийн кино зохиолч, продюссер болсон. Тэрээр энэ жил эх орондоо эргэн ирж, уран бүтээлдээ шаргуу ороод байгаа билээ. Түүнийг бид “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.

-АНУ-д хэдэн жил суралцсан бэ? Эх орондоо ирээд л уран бүтээлдээ эргэн оров уу?

-Саяхан АНУ-д кино зохиолч, продюссер мэргэжлээр мастераа хамгаалаад ирлээ. Миний хувьд эргэн эрэлт гэдэг юм уу, уран бүтээлдээ орж байгаа. Зургаан жил уран бүтээлээсээ завсарлага аваад, эх орондоо ирээд нэг тайзны уран бүтээл, нэг дэлгэцийн уран бүтээл дээр ажиллалаа.

Юм үзэж нүд тайлна гэдэг шиг, ямар ч байсан нэг л чухал юм юу вэ гэхээр хүн мэдэхгүйгээ мэдэх шиг сайхан юм байхгүй.

Энэ хорвоо дэлхий ямар уужим юм, уншиж сурах, мэдэх, үзэж харах юм ямар их юм гэдгийг үнэхээр маш сайн ойлгосон. Тэгээд юу ч мэддэггүй юм байна гэдгээ ч маш сайн ойлгосон. Маш их зүйлийг бид нар суралцах хэрэгтэй. Унших хэрэгтэй, танилцах хэрэгтэй гэдгийг ухаараад ирлээ дээ /инээв/

-Яагаад заавал гадагшаа явж сурах болсон юм бэ?

-Ирээдүйгээ би өөрөөр харахыг хүссэн. Кино урлагтаа ч тайз дэлгэцийнхээ салбарт ч ингээд гоцлол, солист гээд явж байсан ч энэ чигээрээ яваад байх юм бол миний ирээдүй яг ямар байх юм гэдэг дээр би өөрөө өөрөөсөө маш их асуулт асуусан. Өөрийнхөө хувийн амьдралыг бас цэгцлэх шаардлагатай байсан. Насаа бодсон ч гэсэн. Тэгээд ерөөсөө л уран бүтээлээсээ завсарлага авъя, боловсролдоо анхааръя, хувийн амьдралаа зохицуулъя гээд явсан.

Нэг ийм үг байдаг шүү дээ, “Намгийн ногоон мэлхий намгийн цаана далай байгааг нь мэдэхгүй, намагтаа илжирч үхдэг” гэж. Яг энэ замаар би явахыг хүсээгүй. Далай орж үзэхийг, тэнд сэлэхийг хүссэн. Хамгийн гол нь сургуулиа хөөцөлдөөд материалаа бэлдээд явуулсан. Ер нь сургууль маш хурдан бүтсэн их сонин.

-Дараагийн уран бүтээлийн ажилдаа орчихсон гэж сонссон?

Яг одоогийн байдлаар дахиад мэргэжлийн кино зохиолчийн “Graduate certificate” гээд программ дээр онлайнаар хамрагдаад явж байгаа. 2022 онд мэргэжлийн олон улсын кино зохиолчийнхоо сертификатыг албан ёсоор авна. Өөрөө англи хэл дээр бас зохиол бичиж байгаа. Тэгэхээр түүний өмнө нь монголдоо богино хэмжээний кино ч юм уу, эсвэл монголынхоо зах зээлд тохирсон ч юм уу кино хийж, бие даасан уран бүтээл хийж, туршлага хуримтлуулах төлөвлөгөө байна.

-“Орхидос” кинонд тоглосны дараа гудамжаар явахад хүмүүс өндөг хүртэл шидэж байсан гэдэг. Амаргүй байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Яг “Орхидос”-т тоглосны дараа би өөрөө бас жоохон сэтгэл гутрал ч гэдэг юм уу хямралд орсон шүү дээ. Хэдэн жил л тоглосондоо харамссан. Түүнээс хойш надад дандаа эсрэг, нэлээн бүр аймшгийн кинонуудын санал их ирсэн. Бүгдээрэнгээс нь татгалзсан. Гудамжаар явж байхад нулимах, чулуу шидэх, өндөг шидэх бол байдаг л асуудал шахуу болсон.

Гоё залуу, гоё машинтай залуу Драмын театраас гараад л Соёлын төв өргөөн дээр ажилтай алхаж байхад нулимаад л явчихаж билээ. Тэр гоё машинтай, тэр гоё залуугийн боловсролын түвшин, кино үзээд амьдрал дээрх дүр хоёрыг ялгаж чадахгүй л тийм хэмжээнд байгаа шүү дээ. Харамсаж байсан үе бий бий. Уран бүтээлч хүн бол ер нь өөрийнхөө хийсэн бүтээсэн уран бүтээлийнхээ дүрээр дуудуулна гэдэг хамгийн сайхан зүйл байдаг юм байна.

Шударга хэлэхэд насаараа уран бүтээл хийгээд ажиллаад явж байгаа ч гэсэн нэг ч дүр байхгүй ч юм уу, дүрээрээ дуудуулдаггүй ч юм уу, хэн нэгэн хүмүүсээр овоглодог ч юм уу ийм байснаас намайг хүмүүс тухайн тоглосон киноны маань дүрээр ингээд дуудаад, тэгж хүлээж авна гэдэг маань магадгүй би тэр хүмүүсийн сэтгэлд үнэхээрийн гүн сэтгэгдэл төрүүлсэн юм болов уу гэж боддог. Намайг бараг жүжигчин Г.Отгонцэцэг гэж дуудахаасаа илүү нөгөө “Орхидос”-ын ээж эсвэл “Аюултай харилцаа”-гын хүүхэн гэдэг. /инээв/

-Шинэ жилийн баярт хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Миний хувьд шинэ жил маш гоё баяруудын нэг. Би Америкт байхдаа хүүгээ төрүүлсэн. Миний хүү 11 сарын 29-нд төрсөн. Төрөөд эмнэлгээс гарахад гацуурын өмнө би хүүгээ тэврээд авахуулсан зураг байдаг. Түүнээс хойш би гацуураа 11 дүгээр сарын 27, 28 гээд л засдаг болсон. Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхэд миний хувьд шинэ жил эхэлдэг, хүүгээ төрүүлснээс хойш.

-Ээж болсноор жүжигчин Г.Отгонцэцэг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хүүхэд гаргахаасаа өмнө өөртөө дэндүү хайргүй байсан юм билээ. Одоо бол би эрүүл саруул байж, би хүчтэй чадалтай байж үр хүүхдээ хайрлаж, хүмүүжүүлнэ. Хүн шиг хүн болгоно. Тэгэхээр би хүүгээ хайрлахын тулд өөрийгөө хайрлах ёстой юм байна гэдгийг сайн ойлгосон. Зүгээр эрэгтэй, эмэгтэй хоёр ер нь бүтцийн хувьд бол бараг адилхан шүү дээ. Адилхан л зүрх сэтгэлтэй амьд организм. Эрхтний хувьд жоохон ялгаатай, нэг нь хүүхэд тээдэг, нэг нь чадахгүй.

Гэвч бусад талаараа хүнийг хайрлах, юманд хандах хандлагын хувьд эмэгтэй хүн яагаад эрэгтэй хүнээс илүү байдаг юм бэ? Яагаад илүү их мэдрэмжтэй байдаг юм бэ гэхээр хэвлийдээ бүхэл бүтэн хорвоо ертөнцийг тээгээд, бүхэл бүтэн хүн төрөлхтнийг төрүүлдэг дээ л хамгийн гол онцлог нь байдаг юм байна гэж би хувьдаа ойлгосон. Урьд нь би чинь тав зургаан хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан юм. Манай ээж алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой найман хүүхэд гаргасан.

Тухайн үед бол найман хүүхэд гаргаж байж нэгдүгээр одон авдаг байсан, зургаан хүүхэд гаргаад хоёрдугаар одон авдаг, би өөрөө одонгийн охин. Хүн мөнгөөр дутаж болно, тэгэхдээ сэтгэлээр дутах нь мөнгөөр дуудсанаас илүү хэцүү байдаг.

Тийм учраас би олон хүүхэдтэй болохыг маш их мөрөөддөг. Одоогийн байдлаар ганц хүүхэдтэй болохоор тав, зургаан хүүхэд бол худлаа байх л даа. Ямар ч байсан дахиад дор хаяж хоёр хүүхэдтэй болох байх. Тав, зургаан хүүхэдтэй бол болж чадахгүй. /инээв/

-Шинэ уран бүтээлд орохдоо юуг хамгийн түрүүнд чухалчилдаг вэ?

-Би уран бүтээлд орохдоо хамгийн нэгдүгээрт зохиолоо уншдаг. Яагаад гэвэл ямар ч юм хийсэн нэгдүгээрт зохиол байдаг. Зохиолын хэлэх гэсэн санаа, нийгэмд өгөх гэж байгаа тэр мессеж маш чухал. Үүнд их анхаарал тавьдаг. Хоёрдугаарт, тухайн уран бүтээл дээр ажиллах гэж байгаа уран бүтээлчид, баг хамт олон маш чухал. Ер нь киноны санал маш их ирдэг.

Янз янзын киноны санал ирээд л сүүлийн үед ялангуяа эротик кинонууд манайх их хийдэг болсон байна. Маш олон санал ирсэн. Хамгийн гол манайд дутагдалтай зүйл бол зохиол. Мэргэжлийн сайн кино зохиолчид манайд үнэхээр ховор байгаа.

Маш олон кинонууд хийгдэж байгаа ч сэдвийн хувьд ядуу, нийгэмд хүртээмжгүй, ялангуяа кино үзэж байгаа хүүхдүүдэд, үзэгчдэд ямар ч мэдээ, мэдээлэл, боловсрол өгч байгаа юм байхгүй, зөвхөн ашгийн сонирхолтой. Гэхдээ давуу талууд бас байгаа.

Янз янзын дижитал кино, хальсны кино хөгжиж байна. Сүүлийн үед кино урлагийг хөгжүүлье гэвэл ер нь үзэгчдийнхээ боловсролыг бас дээшлүүлье гэж бодох юм бол миний хувьд хүүхдийн үзвэр үйлчилгээнд илүү их анхаарах, ач холбогдол өгөх ёстой гэж боддог.

Би зохиолчоор өөрөө сурсны хувьд урьд нь болохоор би уран бүтээлдээ орохдоо өөрийнхөө дүрийг, зохиолоо бүтэн дээр нь уншаад л өөрийнхөө дүр дээр ажиллаад л, энэ нь дутуу байна, энэ ойлгомжгүй байна логикийн хувьд ийм байна гээд л засуулахыг нь засуулаад ажилладаг байсан.

Одоо кино зохиолчоор сураад ирсэн чинь зохиолыг бүтнээр нь уншаад суудаг, аягүй хэцүү. Тэгээд найруулагчтай, зохиолчтой нь бараг маргах гээд л, энэ чинь ойлгомжгүй байна, логик нь холбогдохгүй байна гэх мэтчилэн. Олон юм яриад л тэгээд бараг нөгөөдүүлдээ төвөгтэй юм шиг болсон байна лээ.

Чиний кино юм уу, миний кино юм уу гээд л бараг тийм асуудлууд бас гарсан. Би тэр уран бүтээлийг сайн болоосой гэдэг үүднээс л миний хэлж байгаа зүйл болохоос биш муу болгох гээд хэлээд байгаа зүйл биш шүү дээ. Тэгэхдээ манай монгол хүний сэтгэлгээний хувьд бас гаднынхнаас их ялгаатай. Зөвлөгөө авахдаа маш муу. Гаднынхан бол яамаар байна л гээд байдаг байхгүй юу. Зөвлөгөөг мөнгөө төлж авдаг. Тэгэхэд манайд хэлэхээр яах гээд байгаа юм, бараг өөрийгөө юу гээд бодчихсон юм гэж хэлэх хандлагатай.

-Таныг Америкт очоод найзынхаа нөхрийг булааж суун хүүхэд гаргасан гээд л нэг хэсэг шуугисан. Энэ үнэн үү?

-Хүмүүс америкт очоод л ангийнхаа хүүхэдтэй хамт авахуулсан зургийг маань хараад л худлаа мэдээ бичээд эхэлсэн. Тав, зургаан жилийн турш л ангийнхаа найз охины нөхрийг булааж суугаад америкт очиж хүүхэд гаргаад түүндээ хаягдаад ирчихсэн шүү дээ гээд л…Яг үнэндээ энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл.

Манай ангийн Б.Одбаяр АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг. Бараг арван хэдэн жил болсон. Тэндээ кино холбоонд гишүүнээр ажилладаг. Охин нь одоо Нью-Йоркийн их сургуулийн жүжигчний ангид бас суралцаж байгаа. Найзуудын хувьд би бол Нью-Йоркод очиж зочилж, хавар зуны амралтаараа ч юм уу, өвлийн амралтаараа ч юм уу очоод аялаад явдаг.

Тэрийг маань санааныхаа зоргоор очоод найзынхаа нөхрийг булааж аваад суусан гээд. Энэ бол үлгэр. Хорвоо ертөнцөд хэзээ ч байгаагүй, болоогүй үлгэр. Хувийнхаа амьдралыг би сошиалд дэлгэх дургүй. Нөхөр, хувийн амьдрал нууцаараа байсан нь дээр гэж бодож байна. Өрөг.мн сайтыг үзэж байгаа надтай хамт байгаа бүгдэд баярлалаа. Та нартаа шинэ оны баярын мэнд хүргэе.

Хуучин он 2021 оноо үдэж, шинэ он 2022 оноо аз жаргалаар дүүрэн, инээд хөөрөөр бялхаж, халуун дулаан гэр бүлээрээ угтаж аваарай. Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэдэг ерөөлийг өргөе. Эцэст нь хамгийн гол нь эрүүл мэндээ бодоорой. Эрүүл биед саруул ухаан оршино гэж үг байдаг. Бүгдээрээ эрүүл байцгаая, санасан бодсон бүх зүйлээ бүтээцгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *