Б.Наранзун: Аавыг өөд болсныг хүний нутагт сонсчихоод маш их харамсч, сэтгэл санаагаар унаж хэцүү байсан…

Voice нэвтрүүлгийн шинэ шүүгчээр тодроод буй Б.Наранзунгийн талаар танд сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Олонд танигдсан алдартай хүний үр удам байх хэцүү санагддаг уу?

-Ер нь сайн хүний үр хүүхдүүдэд нэр хүндийг нь авч явах хариуцлага илүү их байдаг юм уу даа гэж санагддаг. Өвөө, аавынхаа нэрийг унагаахгүй байх гэдэг нь туршлагагүй залуу хүнд маш хүнд ачаа болдог. Дээр нь олон дүү нараа харж явах хэрэг гарна. Гэвч үүнийг хүмүүс бодож үздэггүй.

Энэ нэг залуу аавынхаа нэрээр л явж байгаа гэж хардаг байх. Гэтэл тэрний цаана дээр хэлсэн бүх хариуцлага, үүрэг байдаг. Заримдаа хүмүүс намайг өвөө, ааваар минь орлуулах гэдэг ч би бол би шүү дээ. Надад өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцийг харах нүд бий.

Өвөө, ааваасаа олон зүйлийг сурсан байх?

-Миний өвөө, аав гээд тухайн цаг үеийнхээ “од” нь байсан. Яахав би өвөө, аавынхаа авьяасыг нь өвлөж үлдсэн байж болно. Гэхдээ тэр авьяасыг хөгжүүлэх орчин надад байсан учраас одоо би уран бүтээл туурвиад явж байгаа юм.

Ер нь миний өвөө, аав уран бүтээлч учир би бас урлагийн хүн байх ёстой гэсэн үг биш. Өвөө, аав минь ч чи заавал урлагийн хүн бол гэж суулгаад хичээл зааж байгаагүй, би ч урлагийн хүн болно гээд хичээгээд зүтгэсэн юм байхгүй. Надад урлагт орох орчин байсан нь гол. Өвөөтэйгөө хамт байхад манайд Д.Лувсаншарав, Г.Хайдав зэрэг тухайн үеийн олон алдартан ирдэг байлаа.

Миний хувьд аавыгаа дууриасан үр нь сайн аавын хүү нь ч гэлээ өөрөө бие хүн болохоор ертөнцийг үзэх үзэлтэй учраас нэрийг нь худалдаж идэхгүй. Харин нийгэм хүмүүсийнхээ төлөө гэсэн тэр сайхан үлгэр, дууриаллыг нь авахсан, үргэлжлүүлэхсэн гэж хичээж явдаг. Өвөөгийн галыг аав үргэлжлүүлэн авч, аавын галыг би үргэлжлүүлэн авч явна. Энэ бол амьдралын жам.

-Өвөөг тань гүйцэх дууны шүлгийг зохиосон хүн одоо хүртэл гараагүй гэдэг?

-Өвөөгийн минь монгол хэлний суурь мэдлэг Б.Ринчен гуайтай холбоотой. Хэрвээ Б.Ринчен гуай амьд байсан бол түүгээр хичээл заалгах нь “Харвард”-д сурахаас ч илүүд үнэлэгдэх байх шүү. Монгол хэлийг дууны урлагтай уялдуулах онцгой авьяас өвөөд минь байсан. Ер нь дуу зохионо гэдэг хэцүү. Ялангуяа залуус монгол хэлээсээ холдож байгаа энэ харамсалтай цаг үед бүр ч хэцүү.

-Аав тань ид хийж бүтээх насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Тэр үед Та Америкт байсан гэсэн?

-Би тэр үед Америкт, дүү маань Англид байсан. Аавыг өөд болсноос нь хойш гурван жилийн дараа Монголд ирсэн. Тухайн үед хүний нутагт энэ мэдээг сонсчихоод маш их харамсч, сэтгэл санаагаар унаж хэцүү байсан. Аавыг өөд болсон тухай шөнийн дөрвөн цагийн үед сонсчихоод гүйж гарч далайн эрэгт ганцаархнаа сууж байлаа.

Аав минь амьд байхад миний дээр нэг тийм дулаахан, нөмөр түшиг байдаг байсан. Аавыг өнгөрөхөд миний дээрх бүх зүйл нурж, онгойж, хүйтнээр салхилж байсан. Би айлын том, энэ амьдралыг авч явах ёстой гэдэг бодол миний толгойд буусан. Гэхдээ яахав, энэ бол амьдралын хууль. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд улам хатуужиж, илүү сайн сайхан амьдрахын тулд бүх зүйлээ зориулж байна.

-Аавтайгаа хамт өнгөрүүлсэн цаг хугацааг эргээд дурсвал?

-Би өвөө, эмээтэйгээ хамт байдаг учир аавтай хааяа л уулздаг байлаа. Аав минь дорнын бие хамгаалах урлагийг сонирхоно. Манайх Радио телевизийн зусланд гардаг байхад өглөө болгон аав гарч ирээд байрныхаа урд кунцу ч юм уу ушу ч юм уу нэг дасгал хийдэг. Би түүнээс нь их ичнэ. Хүүхдүүд, аав чинь юу хийгээд байгаа юм гэж шалаад л.

Тэгж байтал удахгүй хятадын тийм нүдээнтэй кино гарч эхлэхэд эсрэгээрээ би ааваараа бахархаж эхэлсэн юм. Монголын Брюс Лигийн хүү юм шиг санагдаад ирж байгаа юм. Даган дууриаж элдэв юман дээгүүр үсэрч, харайж өшиглөөд л. Ер нь хамт байхад маш сонирхолтой хүн байсан даа.

-Танайх аав, ээжээсээ хэдүүлээ юм бэ. Нэг дүү чинь бас урлагийн салбарын хүн гэсэн?

Миний төрсөн ээж, аав хоёр хүүхэдтэй байсан. Миний дүү Мөнгэрэл Англид дуу бичлэг, инженерийн мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дараа нь аав, ээж хоёр салсан. Аав өөр хүнтэй суугаад бас нэг дүү гарсан. Гийгүүлэн гэдэг. Ерөнхийдөө төрсөн ах дүү гурвуулаа.

Аавын нэг дагавар охин байгаа. Ийм л авьяас, суут билэгтэй удмынхантай нэгэн цаг үед амьдарч буй та бид үнэхээр азтай ард түмэн.

Ж.Бадраагаас үүсэлтэй энэ авьяаслаг удам он, ондоо авьяас билгээрээ манлайлагч байж чадсан юм. Тухайлбал, Ж.Бадраа бол 1960-1970 он, Б.Бадрууган 1980-1990 он, Б.Наранзун 2000-2010 он буюу шинэ цагийн урлагийн төлөөлөл болоод л явж байна. Монголын урлаг, соёлын салбарын хөгжилд бүхий л амьдралаа зориулсан эдгээр хүнд уншигч олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.”

Эх сурвалж: “ҮНЭН”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *