Л.Болдбаатар: Ээж маань зах дээр дөрвөн жил зогсож байж СУИС-ийг төгсгөсөн. Даанч алдарт хүрэхийг минь үзэлгүй явсан юмдаа…

МУГЖ Л.Болдбаатар:Ээж маань зах дээр дөрвөн жил зогсож байж СУИС-ийг төгсгөсөн.Даанч намайг нэр алдарт хүрэхийг минь үзэж чадалгүй явсан юмдаа

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан Л.Болдбаатар “Хилийн заставт хар нүдэн бүсгүй байдаггүй юм билээ” гэж ярьж байсан удаатай.

Бүр багаасаа л дуучин болохыг хүсч мөрөөдсөөр Увс нутгаасаа хотод орж ирсэн тэрээр босго өндөртэй СУИС-д орсноо хувь заяа гэж боддогоо нуудаггүй. Түүний ярилцлагын хэсгээс сийрүүлэн хүргэе

-Та хэдтэй вэ. Эрэгтэй хүнээс нас асуухад нэг их цээр байхгүй биз дээ?

-(инээв) Би 1980 оны хүн, одоо 35 настай. Ер нь бол 1998 оноос буюу СУИС-д элсэн орсноосоо хойш олон нийтийн өмнө дуулж эхэлсэн. 17 жил дуулж байна.

-Өөрийг тань Увсын хүн гэдгийг мэднэ. Ингэхэд сумын төвийнх үү, аймгийнх уу. Таны өсч төрсөн гэр бүл аав, ээжийн тань талаар сонирхмоор байна.

-Би Увс аймгийн төв дээр төрсөн. Бага насаа Увс аймгийн Тэс суманд өнгөрөөсөн. Аав маань Тэс сумын хүн. Ээж маань нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Аавын маань тал тэр чигээрээ дуучин улсууд. Их авьяаслаг, морин хуур тоглодог, биелдэг хүмүүс байдаг юм. Ээж маань ч гоё дуулдаг.

Ээж маань дуулах дуртай хүн байсан. Сургуулийн хичээл тарангуут Тэс сум руу өвөө эмээ дээрээ очдог байлаа. Мал дээр очно. Өвлийн орой малаа хотлуулчихаад л бүгд цуглаж, багачууд томчуудгүй нийлж аваад биелдэг байсансан.

Урлагийн хүн болоход маань тэр л ахуй амьдралын хэв маяг их нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Аав маань бас маш сайхан дуулдагсан. Миний аав жолооч хүн байсан л даа. Тээврийн замд юу эсийг хийж явахав. Сайхан дуулна, исгэрнэ.

-Таны “Бурхан жолооч аав” гэж дуу байдаг. Жолооч бүрийн кабинд эгшиглэж явдаг дуу юм шиг байгаа юм. Энэ дуугаа аавдаа зориулсан юм уу?

-Яг зориулж бүтээсэн дуу биш. Л.Галмандах багш маань надад авчирч өгсөн юм. Тэгж л “Бурхан жолооч аав” дуутайгаа учирсан. Яагаад ч юм бэ тэр дуу цаанаасаа л надад ирэх ёстой дуу байсан юм болов уу даа. Шүлгийн зохиолч Пүрэвсүрэн гээд цагдаагийн хурандаа, хуурай ах маань байдаг юм.

Тэгээд Л.Галмандах багшид манай аав жолооч хүн байсан юм. Та нэг сайхан ая хийгээд өгөөч гээд шүлгээ өгсөн юм гэсэн. Багш маань аялгуугаа хийнгүүт Лосолын Болдбаатар толгойд орсон гэж ярьж байсан. Хөөрхий багш маань бүх хөгжмөө хийлгэчихсэн. Чи хүрээд ир гэж намайг дуудаад, энэ сайхан дуугаа өгч дуулуулж байсан юм.

-Анх дуулахдаа сэтгэл тань эмзэг байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Ямар гоё юм бэ, “Алтан шар зам” гэдэг дууны араас явахаар дуу байна даа гэж бодож их л баярлаж, бас бэлгэшээсэн. Ер нь жолооч хүний тухай дуу их ховор байдаг. Сэтгэлдээ аавыгаа харж, нулимс ивэлж л дуулсан. Жолооч нар маань их л дуртай байдаг юм.

-Аав тань сонсож амжаагүй юу. Таны аав хэзээ бурхан болсон юм бэ?

-Миний аав сонсоогүй л дээ. Аав маань намайг есдүгээр ангид байхад буюу 1997 онд бурхан болсон. Манайх Төв аймгийн Баянчандмань суманд аж төрж байсан юм шүү дээ. Тэнд ирээд байж байгаад аав маань өөд болсон.

-Уучлаарай, сэтгэлийг тань хөндчих шиг боллоо. Харамсалтай нь та дунд сургуульд байхдаа ааваасаа хагацсан юм байна. Уг нь ийм сайхан дуучин болсныг тань үзсэн бол. Гэхдээ аавдаа дуун хөшөө босгожээ. Та ер нь дуучин болох шийдвэрээ хэзээ яаж гаргаж байв аа?

-Телевизийн фондод миний нэг бичлэг байдаг юм. Улаан дээлтэй жаахан хүү дуулж байгаа. Монгол телевизийн Хүүхдийн редакцын Нацагдорж ах Увсад нэвтрүүлэг хийх гэж очсон юм. Тэгээд хөөрхөн дуулдаг хүүхэд хайж яваад намайг олж аваад, 30 минутын кино концерт хийж байсан юм.

Би тэгэхэд дөрөвдүгээр ангид л байсан байх. Тэр бичлэгийг 2004 онд манай найз С.Жавхлан миний анхны тоглолтон дээр гаргаж ирж, тэнд байсан хүмүүсийг, бас ээжийг минь уйлуулж, ёстой “аймаар” сюрприз барьж байсан.

-Та тийм бичлэг гаргаж ирэхийг нь огт мэдээгүй байсан уу?

-Огт мэдээгүй. Жинхэнэ сюрприз байсан. Ер нь би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Аав ээж маань ч намайг их дэмждэг. Хоёр дүү нь яахав, том хүүгээ л юманд хүргэнэ гэдэг байж билээ. Дөрөвдүгээр ангид тэр бичлэгийг хийлгэж байх үед аав маань тээврийн жолооч байсан. Намрын будаанд явна. Нэг өдөр аав бид хоёр ээжээс нууцаар дэлгүүр явж, 1800 төгрөгийн магнитифон авч байж билээ. Намайг л дуу хөгжимд улам дурлуулж, хөгжүүлэх гэж муу аав минь тийм шийдвэр гаргахгүй юу. Би ч бөөн баяр.

-С.Жавхлан бас байсан уу?

-Жавхаа 10 дугаар ангиасаа л дуулж эхэлсэн. Зүгээр л гэнэт цоороод л гараад ирсэн. Жаахан байхдаа нэг их дуулдаггүй байсан байхаа.

-Ээж тань таныг сайхан дуучин болохыг нь үзээд явжээ. Энэ чинь л сайхан хувь заяа шүү дээ.

-Ээж маань үзсээн. 1997 онд аав маань хүүгээ дуучин болгоно гээд хот бараадсан. Хэдэн малаа тууж аваад наашилж байлаа даа. Малаа зарж уаз-469 авна гээд л манайхан нүүдэл хийж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгээд Баянчандманад ирээд л намар нь аав маань өнгөрсөн дөө.

-Залуугаараа өнгөрсөн гэж дуулсан?

-43-хан настайдаа л өнгөрсөн дөө, миний аав. Тэгээд ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ хоцорч байгаа юм. Яалтай билээ. Тэгээд би ээжид хэлсэн. За, ээж минь би сургуулиас гарч малаа дагая даа гэж. Ээж маань болохгүй чи сургуульдаа сур. Ээж нь хоёр дүүтэйгээ малаа маллая гэсэн. Тэгсэн нэг л биш ээ.

Баянчандманьд чинь бид хүн танихгүй шүү дээ. Ээж маань хоёр гурван сарын дараа хэдэн малаа зараад хүүгээ бараадлаа гээд хот руу ирсэн. Тэрнээс хойш буюу 1998 онд СУИС-д орсон л доо. Тухайн үед өдрийн ангийн элсэлт дуусчихсан эчнээ ангийн элсэлт авч байсан юм. Би эчнээд орсон.

Тэгж байгаад жилийн чөлөө аваад 1999 онд дуучин Т.Батсайхан, Л.Банзрагч нарын ангид орж, 2005 онд төгссөн. Өдрийн ангидаа ч орсон. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуяг багшийн удирдлаган дор суралцаж төгссөн дөө.

-Анхны тоглолтын тань бичлэгийг өчигдөр үзлээ. Ээж нь ирээд суучихсан, сайхан харагдаж байна лээ.

-Би боддог юм. Тэр үед СУИС-ийн төлбөр 498 мянган төгрөг. Хамгийн өндөр төлбөртэй сургууль нь байлаа. Эхний жилийн төлбөрийг хэдэн малынхаа буянаар дарж байгаа юм. Дараа жилээс нь төрийн сан руу шилжүүлэх гэсэн шилждэггүй. Тэгээд л ээж маань зах дээр зогсож эхэлсэн.

-Тийм үү. Энд ирээд та нар хаана амьдарч байсан юм бэ?

-Малынхаа гэрийг аваад, хашаа хөлслөөд л амьдардаг байсан. Ээж маань зах дээр дөрвөн жил зогсож байж СУИС-ийг төгсгөсөн. Өмсөж зүүхээр дутаагаагүй ээ. “Хар нүдэн бүсгүй”-гээ дуулчихаад л, хүмүүс аймаар хүлээж аваад л, таньдаг болоод ирэхээр нь ээжийгээ их баярлаж байгаа болов уу гэж бодсон, биш ээ. (инээв) 2007 онд ээж маань, чи дандаа л аавын тухай дуу дуулаад байх юм.

Ээжийн тухай дуулдаггүй гэж шоглосон аясаар нэг хэлж байна. Би ч дотроо юу билээ гэж бодоод өнгөрсөн. Тэгээд 2009 онд Ц.Эрдэнэбаттайгаа ярьж, ээжийн тухай дуу хийгээд өг гэсэн. Захиалж, зориулж хийлгэсэн тэр дуугаа нэгдүгээр сард болсон тоглолт дээрээ дуулж өгсөн.

Тэгээд л ээж маань гуравдугаар сарын 9-нд өнгөрсөн дөө. Сүүлд би амьд хүнд дуун хөшөө босгож болдоггүй юм болов уу гэж дотроо нэг хэсэг эмзэглэсэн. -Ээж тань хэдтэй бурхан болсон юм бэ? -49 настай л буцсан даа, энэ хорвоогоос…

-Ээж, аав хоёрыгоо их л залуугаар нь алдаж дээ.

-Үнэхээр эрт. Ид залуугаар нь. Хүний дайнд хүрч, хоёр дүүгээ хөлийг нь дөрөөнд хүргэснээ ч үзүүлж харуулж амжсангүй ээ. (Олон жилийн хөндүүр тээж яваа эр хүний халуун нулимс нүдэнд нь нэг мэлтэрч, нэг алга болно. Амьдралд бууж өгөөгүй хаттай л залуу юм даа гэж дотроо би бодож суулаа)

-Ээж тань нягтлан байсан гэл үү?

-Тийм, насаараа Увсын есдүгээр автобаазад ажилласан хүн.

-Эхээс хэдүүлээ юм бэ, та?

-Гурвуулаа,би том нь. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Бага дүү маань эмэгтэй.

-Хоёр дүү чинь одоо хэдтэй вэ?

-Миний доод талын дүү 1982, бага дүү маань 1985 оных. Хоёулаа тусдаа гарчихсан. Бид аавынхаа гэрт тэрсхэн гурван нөхөр л өссөн.

-Таны тухай телевизийн нэвтрүүлгийг үзсэн. Тэр үед, манай хоёр дүү миний дууг сонсдоггүй. Хэл ярианы бэрхшээлтэй. Би яахав, дуулж явдаг хүн боллоо. Энэ хоёрынхоо хэлж илэрхийлж чадахгүйг би дуулж л үүрч явах тавилантай төрж дөө гэж хэлж байсан. Үнэхээр эмчлүүлэх боломжгүй юм уу?

-Том дүү маань ярина. Гэхдээ эргэн тойрны, дотнын хүмүүс нь л ойлгоно уу гэхээс хэцүү л дээ. Уг нь төрөлхийнх биш. Эмний буруу хэрэглээнээс л болсон гэх юм билээ. Тэр нэвтрүүлгийн дараа олон хүн над руу залгасан. Хоёр дүүг чинь эмчилж өгье гэж байсан. Миний яг доод талын дүү мал дээр өссөн. Харин бага дүү маань 29 дүгээр сургуулийг төгссөн. Одоо хоёулаа гэр бүлтэй болсон. Нэг нэг хүүхэдтэй. Сайхан л амьдарч байгаа.

-Хүүхдүүд нь зүгээр үү?

-Зүгээр ээ, төрөлхийн согог бус олдмол учраас удамшаагүй. Бага дүүгийн маань хүүхэд аав, ээж хоёрынхоо яриаг бол бусдад гялалзтал ойлгуулна ш дээ. Одоо долоон настай.

-Адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй суусан юм уу?

-Тэгсэн.

-Дүү нар тань таны дуунуудад дуртай юу. Ахыгаа дуучин хүн гэж мэднэ биз дээ?

-Дуртай, дуртай. Бага нь уг нь муу ч гэсэн сонсголтой байсан юм. Одоо муудаад л байх шиг байна. Дүүгийнхээ нөхрийн машинд суухаар миний дуу явж л байдаг юм. Би сонсдог л юм байх даа гэж дотроо гайхдаг л юм. Эмзэглэчих болов уу гээд асуудаггүй юм аа.

Харин том нь бол муухан ч гэсэн сонсголтой. Хорвоод ирэх л гэж ирсэн энэ хоёр амьтныхаа ярьж, хэлж, дуулж чадахгүй тэр бүх тавиланг нөхөж би дуучин болж, дуулж явах заяатай төрсөн юм байлгүй дээ.

-Одоо хоёр дүүгээ үр хүүхэдтэй нь аваад л явж байна уу. Биднийг залуу зандан байхад орон байр гэж байдаггүй. Хөдөөнөөс тэмцэж орж ирээд л хэдэн жил зүтгэж байж орон байртай болдог байсан. Харин та нарын үед өөр болсон. Хүний хөдөлмөрийн үнэлэмж өөрчлөгдсөн, дээр нь төр засаг ч хэр чадлаараа иргэдээ байртай болгох гээд үзээд байна. Та хэзээ өөрийн гэсэн орон байртай болов. Ээж тань хүүгээ орон байртай болж, амьдрал нь тэгшрээд ирэхийг үзэж чадсан уу?

-Миний ээж яг л намайг хөл дээрээ зогсох гээд ирэх үед бурхан болчихсон. 2009 оны гурван сард ээж маань өнгөрч, би намар нь анхны байраа авч байлаа. Гурван өрөө байр Москва хороололд авсан юм. Ээжийгээ байхад машинтай байсан. Ээжийгээ өнгөрсний дараахан байртай бас хүүтэй болсон. Хүүхэд ирэхдээ хамаг юмаа аваад ирдэг гэдэг дээ.

Миний хүү чинь аавдаа зөндөө л юм авчирч өгсөн. Буянтай хүү дээ. Одоо л тийм бодол орж ирдэг болчихоод байгаа юм л даа. Ээж аавыгаа их санах юм. Жаргалтай үедээ, жаахан гуниг сэвэлзсэн үедээ. Тэгээд л элдвийг бодож явах юм даа. 2005 оноос хойш би ерөөсөө ямар нэгэн сэдэв энэ тэр бодолгүйгээр хамаагүй дуу дуулчихдаг байсан. Өөрт таалагдвал л аваад дуулдаг байлаа.

Гэхдээ дууны үг бол тарни. Тиймээс дууны үгийг сайн анзаарч, бодож байж сонгож дуулах учиртай гэж Т.Сэр-Од багш маань хэлж байсан. Би тухайн үедээ ч юу хэлэв ээ ч гэж бодохгүй дуулаад л байсан. Бүтэлгүй хайрын дуу мөн ч ихийг дуулсан даа. (инээв) “Эрт буцсан ганганаа”, “Энхрий”, “Нууц амрагийн дуу” гээд л… Сүүлдээ бодож эхэлж байгаа юм л даа. Хүний амьдрал дуулсан дуунаасаа шалтгаалж явдаг юм биш байгаа гэж. Тэгээд 2009 оноос хойш шилж сонгодог болсон.

Эргээд харах нь ээ, ханийн тухай л их дуулсан байх юм. Нэг тийм гэгээлэг сайхан, нутаг ус, аав ээжийн дуу дуулдаг боллоо. Дуучин болгон дууныхаа үгийг сайн бодож, сонгож байж дуулах ёстой гэсэн багшийнхаа үгийг сүүлд л боддог болсон нь энэ.

-Эхнэрийг тань их хүчтэй эмэгтэй гэж сонссон.

-Миний гэргий сайхан бүсгүй байдаг. Амьдралд хэцүү сорилт, хүнд зовлонтой нүүр тулж, түүнийг давж гарсан хүн л дээ. Аав нь, охин дүү нь, хүргэнтэйгээ явж байгаад автын ослоор нэг дор өөд болсон юм. Ээж нь саяхан ид сайхан насандаа бурхан болсон гээд хэдийгээр хүн бүрийн туулах ёстой тавилан ч хань маань арай л эрт энэ бүхнийг туулсан гэж бодогддог юм. Тэр их зовлонг миний хань туулсан хүн л дээ. Ханийгаа бодож л би энэ дууг дуулсан.

-Ингэхэд гэргийтэйгээ яаж танилцсан юм бэ.

-Эхнэр маань гадаадад олон жил амьдарсан. Тэр үед нийтийн дуу дөнгөж шинээр давалгаалж гарч ирж байсан л даа. Тэгээд яахав, нутаг орноосоо хол байгаа хүн чинь Монголоос нийтийн дууны цомгууд цуглуулж сонсдог байсан юм байна лээ. Дараа нь Монголдоо ирээд урлагийн байгууллагад ажиллаж байх үед нь бид танилцсан.

Түүхсээд байх юм байхгүй ээ. Учрах ёстой хоёр хүн л учирсан гэж боддог. Эхнэр маань ятгатай дууны тоглолт хийе гэж санал тавьсан. Ингээд “Миний хайрыг татсан бүсгүй” гээд дан ятгатай дууны тоглолтоо Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон. Тэр тоглолт ер санаанаас гардаггүй юм. Тэр тоглолтон дээр манай эхнэр манай ээжийг маш их баярлуулсан.

Хөтлөгч Батбаяр ахтай хуйвалдаад нэг том сагс цэцэг бариад үзэгчдийн суудалд сууж байсан ээжид аваачиж өгөөд. Тэрнээс хойшхи дуунууд дандаа ээжийн тухай дуунууд байсан ч сэтгэл хачин болоод ерөөсөө дуулж чадаагүй. Уйлаад, нулимс урсаад болохгүй байсан. Үнэхээр гоё ч тоглолт болсон. Ямар ч дууг эхний дөрвөн мөр дуулангуут л үзэгчид тэр чигээрээ түрээд л ороод ирнэ. Гайхалтай.

-Дууг тань дуулуулахгүй дагаж дуулаад байх түвэгтэй санагддаг уу. Надад бол таагүй харагддаг?

-Дуучин хүний хамаг аз жаргал тэнд л байна ш дээ. Түмэн олон минь дууг минь дагаж дуулж байна гэдэг сайхан. Би чинь энэ дууг “дуулсан юм байна” гэх бяцхан омогшлыг төрүүлнэ шүү дээ. -Дуучид ижилхэн шахам үг аялгуутай дуу дуулаад эхлэхээрээ л уран бүтээлийн хувьд зогсонги байдалд ороод эхэлдэг.

Гэтэл П.Адарсүрэн гуай, Д.Банзрагч гуай, Д.Машлай гуай бүгд өөр байсан. Одоо танай үеийнхнийг харахаар бас л адил төстэй дуу дуулаад байх шиг. Жишээлбэл, Дундговийн Э.Төрмандах…

Бүх дуу нь адилхан болоод эхэллээ. Өөрийгөө татаж авах, зогсох цагаа мэдрэхгүй байх шиг. Хашгирсан, омогдсон, давхиулсан ижилхэн дуунууд л дуулаад байна. Харин та ихэвчлэн уянгын дуу дуулдаг. Дуунуудаа адилхан болчих вий гэж болгоомжилдог уу. Аялгуу, үгний алийг нь ер нь чухалчилж сонгодог вэ? -Би өөр дээрээ л ярья. Дуунууд олшрох тусам дуу адилхан болно. Нэг хүний хоолойгоор л дуулж байгаа юм чинь, аргагүй шүү дээ.

Дууны сэдэв адилхан болох тусам тэр дуунууд адилхан болно. Үнэн, сүүлийн үед дууны үг ая адилхан болж байна гэх шүүмжлэл гарах болсон. Гэхдээ дуу ихэдсэнтэй холбоотой байх гэж л боддог юм. Басхүү СУИС маань боловсон хүчнээ цензургүй гаргаж байна уу даа гэж хардаг. Миний болон манай дээд үед ч гэсэн тав зургаахан хүн дуурийн дуулаачаар төгсдөг байсан.

Та аргадаж, сэтгэлийг гэгэлзүүлж, хүний сэтгэлтэй ноцолдсон дуунууд дуулдаг хүн. Хараад байхад зарим дуучин омогдсон, зандарсан, орилсон хоолойгоор дуулах юм. Харин та “зөөлөн” дуулдаг. Ингэхэд та яагаад тиймэрхүү онгироо төрлийн дуу дуулдаггүй юм бэ?

-Тийм дуу ч надад байдаг л даа. Гэхдээ үнэндээ надаас тийм зандарсан аялгуу гардаггүй юм. Яагаад ч юм бэ, болдоггүй. Нөгөө талаас би боддог. Амьдрал ийм хатуу байхад дуу нь хүртэл ард түмнээ зандраад байвал хэцүү шүү дээ гэж. Би тэгж л хардаг.

Манай монголчууд омогорхуу бяралхуу улс. Ядаж би ч гэсэн зөөлөн аргадсан дуу дуулах ёстой биз дээ. Төр нь ч, нийгэм нь ч, амьдрал нь ч ташуурдаад байвал хүний сэтгэл хатуурна шүү дээ. Тэр болгоныг зөөллөхийн тулд миний хоолой ийм заяасан юм болов уу

Өөрийнхөө үеийн дуучдаас яг энэ гэж онцлоод үнэлдэг дуучин гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Их хэцүү асуулт байна. Үүнд өөр хүн хариулах байх. Бид их олуулаа шүү дээ.

-С.Жавхлан гавьяат тасарчихсан биш гэж үү?

С.Жавхлан бол тасарсан. Үнэхээр тасарсан. Ер нь нийтийн дууны шинэ үеийн өнгийг С.Жавхлан, Т.Баясгалан хоёр хийсэн шүү дээ. 1998 онд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” гээд л шуугиулж эхэлсэн. Тэгээд л араас нь пижигнэсэн дээ.

-Та бол нэг их олон хүнтэй дуэт дуулаагүй. Таны дуулсан дуэтээс С.Жавхлантай дуулсан дуэт их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Та хоёрыг садан төрлийн холбоотой гэж сонссон. Яг ямар төвшний хамаатнууд юм бэ. Одоо та хоёрын харилцаа ямар байдаг вэ. Таныг шагнуулахад тэр юу хэлсэн бэ?

-С.Жавхлан бид хоёр төрөл садан улсууд л даа. Энэ үнэн. Тодруулбал, үеэл. Төрөл садан гэхээсээ илүүтэй-гээр найзууд. СУИС-д байхдаа хоёулаа дөрвөн ханатай гэрт хамтдаа амьдарч байсан хоёр. Хоёр гурван жил хамт амьдарсан. Жаргал зовлонгоо хуваалцдаг тийм л сайхан найзууд.

Намайг шагнал авахад Жавхаа маань магнайгаа тэнийтэл баярласан. Жавхаа миний дуунуудад хайртай. Бас л миний нэг номерын фен шүү дээ. Манай Болдоо бол… гээд л амандаа багтаж ядсан сайхан үгнүүдийг хэлдэг. Ийм л ойр дотнын хүн маань шүү дээ. Найздаа би маш их баярладаг.

-С.Жавхлан маань одоо тэмцэгч блсон. Та хоёр дөрвөн ханатай гэрт хамт амьдарч байсан гэлээ. Тэр үед л улс их орны талаар ярьж шатдаг хүүхэд байсан уу. Эсвэл сүүлд өөр болчихсон юм уу. Тухайн үед ер нь тэмцэгч маягийн шинж илэрдэг байсан уу?

-Тэр үед надад лав тийм шинж анзаарагдаж байгаагүй.

-Тэр их шартай хүүхэд байсан байх аа. Тэгж санагдаад байдаг юм?

-Шартайгийн хувьд шартай. (инээв) Ер нь бол юмны түрүүнд л явах эрмэлзэлтэй. Дорой, ноомой хүн биш шүү дээ. Гэхдээ яг улс төрд ороод, тэмцэгч болоод явах хүн гэж анзаарагдаж байгаагүй.

-Та найз болохоор түүний бүх үйл хэргийг дэмждэг үү. Эсвэл тэрсэлддэг үү?

-Нөхөр өөрөө бас хэлдэг л дээ. Үнэхээр би дуулаад явахад маш их орон зай байгаа, байх ч байсан. Гэхдээ ард түмний маань аж амьдрал, санаа сэтгэл болохоо байлаа. Ард түмний сэтгэл амгалан жаргалтай байвал би мөрөөрөө дуугаа дуулаад яваад байж чадна гэж.

Тэрнийг сонсоод бас л зүрх догдолдог юм. Би хувьдаа Жавхаагаа буруутгаж чаддаггүй. Өөр хэн тэр хүн шиг өөрийгөө орхиод ингээд явж байгаа юм бэ. Ер нь бол С.Жавхлан л байлаа шүү дээ, энэ тайзан дээр. Тэр болгоныг дэнчин тавиад тэмцэнэ гэдэг том зориг л доо.

-Элдэв арга саам, хавчилт, хутгалт болоод дуулуулахгүй буцаалаа гэж та хоёрын тухай сонссон?

Харин тийм тэгсэн. Энэ бол хоёр гуравхан хүний л асуудал байсан. Бидэнд урилга ч өгөөгүй. Биднийг хүн гэж тоогоогүй л дээ. Сүүлдээ тэр урлагийн арга хэмжээнүүдийг нь хариуцсан хүмүүсийн бүх яриаг хаясан. Хэцүү юм билээ. Иймэрхүү асуудлаас болж бид чинь хэрчүүлчих юм байна шүү дээ.

Нутаг усандаа очоод, олон түмэндээ ая дуугаа өргөмөөр байдаг. Наагуур нь баахан нөхөд элдэв үг хэл ярьж гүйгээд болохгүй.

-Энэ дууг л дуулчих юмсан гэж хүсдэг бусдын дуулж амьдруулсан дуу танд байдаг уу. Дуулчихмаар санагдаад л явдаг?

Би хаана төрөө вэ”-г л дуулах хүсэл байна даа. Бас П.Адарсүрэн гуайн нэг дууг шинэчилж дуулахаар ярилцаж байгаа. П. Адарсүрэн гуайг эргэн санахад 1998 онд Баянзүрхийн зах дээр дуулж байхыг нь анх би харсан. Дөрвөлжин шилэн хайрцагтай.

Хүмүүс ч мөнгө өгнө. 10 минут болоход дүүрч байгаа юм чинь. Тэглээ гээд өөрөө халааслаагүй тэнд хуран цугласан түмэн олонд өгчихсөн. Үлдсэнээр нь ганц кг мах аваад харьж байсан. Анх харсан тэр өдрөө би өдөржин араас нь дагасан юм. Дагаад л яваад байсан.

Тэр хүнийг үнэхээр сонирхон биширч, дууг нь сонсдог байлаа. Дуулна, бас баян хуур хөгжмийг маш сайхан тоглоно. Гайхалтай хүн байсан. Тэгээд заавал ийм дуучин болно доо гэж бодож байснаа мартдаггүй юм.

-Сайхан дурсамж байна. Хамгийн анхны уран бүтээл тань “Хар нүдэн бүсгүй” юу?

-Биш. “Холын тэнгэр аав”. Дараагийнх нь “Хар нүдэн бүсгүй”.

Ингэхэд та хувь хүнийхээ хувьд ямархуу хүн бэ. Өрсөлдөөн өөрөө хэм хэмжээндээ таарсан хортой шартай явахыг шаарддаг. Гэхдээ та хэт зөөлөн хүн шиг санагдлаа. Хорвоогийн аясыг дагаад явах нь таны амьдралын философи юм уу. Эсвэл та дотроо, миний харж байгаагаас өөр хүн үү. Жишээлбэл, та ямар үед та багтардаг вэ. Багтрахаараа ямар үйлдэл гаргадаг вэ?

-Би хүнд багтарсан юмаа үзүүлэх дургүй. Ер нь тэгээд энэ байгаагаараа л байх дуртай. Нэг ах маань хэлж байсан юм. Ахын дүү багтраад, нэг л болж өгөхгүй байгаа юм шиг үедээ уулан дээр гараад ганцаараа орилчихож бай. Их сайхан болдог юм гэж зөвлөж байсан юм. Би тийм үедээ ганцаараа уулын оройд гараад хашгирдаг. Хэнд ч биш тэнд орилдог. Амьдралаас асууж байгаа юм л даа.

Би ийм амжилтад хүрлээ. Түмэн олон маань миний дууг сонсож байна. Хүмүүсийн хайртай дуучдын нэг боллоо. Одоо тэгээд миний хажууд хэн байна вэ. Ээж аав минь хаана байна вэ…гэж. (түүний нулимс бүрхсэн нүднээс ганцаардал гэж нэрлэж боломгүй ганцаардал ч юм шиг тийм нэг зүйл үе үе харагдах…

ямартай ч түүнтэй ярилцаж суух зөөлөн, сайхан байнаа) Би сая Монгол Улсын гавьяат жүжигчин гэх энэ хүндтэй шагналын эзэн болчихоод сууж байхдаа өөрийн эрхгүй хоёрхон хүнийг бэтгэртлээ саналаа.

Үгүйллээ. Үнэхээр аав, ээжийгээ л маш их санасан. Хааяа нэг найз нөхөдтэйгээ юм шимээд сууж байхад аргагүй нулимс унагах юм. Харуусал төрөх юм. Амьд байхад нь хүү нь сайхан явнаа гээд харуулчих минь яалаа гэх бодол төрөх юм.

Хэн миний хажууд намайг түшиж тулаад, зөвийг минь үнэлж, таарууг минь шүүмжилж байна аа гээд элдвийг бодох юм. Ийм зүйл байна аа, байна. Шагнал аваад гарч ирээд зогссон. Дээшээ нэг харсан. Хүү нь чадлаа гэж дотроо хэлээд л түмэн олонтойгоо уулзсан даа.

-Гэхдээ та хоёр дүүгээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачлалтай хүү, гайхам сайн ах шүү дээ.

Тэр бол миний хийх ёстой ажлын л нэг хэсэг. Хоёр дүүгийн маань буян надад сайнаар нөлөөлж явдаг гэж би боддог. Тэд маань хүн амьтантай ярилцмаар, дуулмаар байдаг байж таарна. Даанч чадахгүй. Тэр бүх юмыг ганцхан ах нь гүйцээх ёстой гэж бурхан шийдсэн юм болов уу даа. Тэднийхээ орон зайг нөхөж дутуу хүртсэн юмыг нь гүйцээж явах болноо.

-Хямралын үед дуучид сул зогсож байна. Та харин тасралтгүй дуулсан. Би тэгж анзаарсан. Ямар хөдөлмөрч хүн бэ гэж бодож байлаа. Тэгэхээр танд зогсох эрхгүй бас нэг тийм тавилан байна.

-Миний хоолой тасарчихгүй л бол би дуулаад л байна гэж боддог.

Би сайн үгийг эзэнд нь хүргэх дуртай. Сая Дундговь аймгийн Адаацаг сум, Бага газрын чулуу ороод ирсэн. Аян замд Монголын ард түмний хайртай дуучдын нэг гавьяат жүжигчин Чулуунцэцэгтэй хамт явсан. Бид дуучдын тухай ярилаа. Тантай ярилцах гэж байгаа болохоор таны тухай сонирхлоо. Тэгсэн, манай Л.Болдбаатар дууг гуйж биш гуядаж дуулна даа, сайхан тосон хоолойтой.

Хоолой үнэхээр сайхан. Өөртөө ч их сайхан зохисон дуунууд дуулах юм. Бас маш сайн хөдөлмөрлөж байна. Уран бүтээлч хүнд үечлэл гэж байдаг юм. Идэвхтэй байх, унах үе гэж. Манай Л.Болдбаатар маш сайн хөдөлмөрлөлөө, би гавьяат болоход нь их баярласан гэж хэлж байх юм. Танд энэ сайхан дүгнэлтийг дамжуулмаар байна.

Баярлалаа. Яаая яая. (толгойгоо сэгсрэв) Үнэхээр сайхан байна шүү, Ганаа эгч ээ. Таны дамжуулсан үг надад маш сайхан эрч хүч өгч байна. Энэ сайхан дуучид, энэ том хүмүүс ингэж үнэлж байхад надад зогсох эрх байхгүй. Би цаашдаа илүү эрч хүчтэйгээр уран бүтээлээ хийх болноо.

Мөн тэрээр байгалийн онц ноцтой гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Дундговь аймгийн малчдадаа туслах хандивын аяныг хэдхэн хоногийн өмнө зохион байгуулж, олон иргэдийн зүгээс зүгээс хандив өргөж байна. Хандивын аяны үеэр Лосолын Болдбаатар утсаар ярьж 4000 ногоон тэжээл хандивлаж байгаагаа хэлсэн байна.

Аймагт 1 боодол өвс 12000-13000 төгрөгний үнэтэй байдаг. Тэр үнээр тооцоход 52 сая төгрөгний үнэ бүхий өвс тэжээл болох юм. МУГЖ Лосолын Болдбаатар таньд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *