Ардын хүү Х.Баттулгын улcтөp эхэллээ. У.Хүрэлсүх үү? Х.Баттулга уу?

АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл саяхан мэдээлэл хийж, “Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргын асуудлыг дотооддоо бүлгийн олонхоор шийддэг. Тиймээс АН-ын бүлгийн олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна” гэв.

Ингээд АН-ын бүлэг ахиад хуваагдсанаар Х.Баттулгын 2024 оныг угтсан улс төр эхэллээ гэж харагдаж байна.

Зургадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн суудлаа У.Хүрэлсүхэд шилжүүлснээс хойш Х.Баттулга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг бараадан чимээ, аниргүй, улс төрөөс хол хөндий мэт явах болсон. Гэвч, “Михайлд нэг бодол бий” гэгчээр экс Ерөнхийлөгч Х.Баттулга ийм амархан улс төрийн карьераа дуусгаж, “тэтгэвэртээ” суух хүн яавч биш. Хувь хүнийх нь амбиц, араншинг нь тооцох юм бол шүү дээ.

Улс төрийн өрөг дээр өөрөө ил цагаан гарахгүй ч АН-ын бүлэгт өмнөөс нь улс төрийг нь хийгээд өгөх хүн А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ш.Адъшаа гээд тоологдоно. Нэгэн цагт засгийг нь заналтайгаар огцруулж байсан Х.Баттулгад Н.Алтанхуяг үгүй гэж хэлэх эрхгүй болсон.

Х.Баттулгыг бараадсаны хүчинд хүргэн Г.Дэнзэнгээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлсэн болохоор. Дээр нь өөрийг нь АН-ын дарга болоход нь хүчин зүтгэсний хувьд О.Цогтгэрэлээс Х.Баттулга “өрөө төлөх”-ийг сануулж ч байгаа байх.

Улс төрд үүрдийн нөхөр, дайсан байдаггүйг Д.Ганбат, Х.Баттулга, С.Эрдэнэ, Д.Ганбат нарын “нөхөрлөл”-өөс харж болно. Одоогоос зургаан жилийн өмнө 2016 онд Х.Баттулгын “Баянгол” буудлыг нэгжих үед Д.Ганбат /тухайн үед УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга байсан/ Хууль зүйн сайд Д.Дорлигжавт захидал бичиж байсан удаатай. Харин өдгөө Д.Ганбат, Х.Баттулга хоёрын эрх ашиг салж, С.Эрдэнэ, Д.Ганбат нарынх нэгджээ.

Үндсэндээ АН-ын бүлгийг хоёронтоо задлаж чадах хүн Х.Баттулгаас өөр байхгүй. 2019 онд С.Эрдэнийн намыг парламентад бүлэггүй болгож, Лу. Болд, Ж.Батзандан нараар “могой бариулсан” эзэн нь Х.Баттулга, МАН хоёр. Тиймдээ ч АН-ынхан хуугаараа гудамжинд гарчхаад байхад Лу.Болд, Ж.Батзандан хоёр л Ардын намаас албан тушаалаар шагнуулж байх вэ. Одоо Х.Баттулга МАН-ын даргад албан бусаар зөвлөж байгаа гэж хардах юм бол шүү дээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл цааш мэдээлэхдээ “Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын дээд шүүхээс 11 хуудас бүхий тогтоолыг албан ёсоор гардуулсан. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна.

Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Учир нь, УДШ нөгөө талд байгаа АН-ын үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх хорооноос гарсан бүх тогтоол, шийдвэрүүд хүчингүй” гэсэн нь С.Эрдэнэд хаягласан үг болох нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн талаас гаргаж буй бодлого шийдвэр Ардчилсан намыг төлөөлөхгүй болохыг анхааруулсан хэрэг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төрхөмдөө буцан ирсэн Н.Алтанхуяг “Манайх нэг нам гэдэгт би анхнаасаа л итгэлтэй байсан. 21 аймаг, 330 сум, 98 дүүрэг нь тамгатайгаа, даргатайгаа нэг талдаа буюу О.Цогтгэрэлийн талдаа байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж, хоёр нам мэт харагдуулж, АН-аар жил зургаан сар тоглолоо.

Харин Улсын дээд шүүхийн шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарч, АН нэг талдаа байгааг хүлээн зөвшөөрлөө. Танай намын Үндэсний бодлогын хороо, их хурал хүчин төгөлдөр гэж Улсын дээд шүүх үзсэн байна. Өнөөдрийг хүртэл хоёр нам мэт харагдуулж, жүжиглүүлсэн хэргийн эзэд хариуцлага хүлээх ёстой” гэсэн нь мэдээж Х.Баттулгад хэлсэн үг биш байх.

Үнэндээ АН-ын задрал, хуваагдалд Н.Алтанхуяг өөрөө ч багагүй хувь нэмэр оруулсан хүн. Өнгөрсөн хугацаанд самбартай “найзлахдаа” зөвхөн АН-ынхныг л харлуулж, гутааж, кайф авдаг байсан нь худлаа биш юм. Тэгээд ч О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг хоёр АН нэг талдаа гарсан гэж мянга хашгираад хэн ч үнэмшихгүй.

С.Эрдэнэ нөгөө талд эвлэрээгүй гээд сууж байхад шүү.С.Эрдэнийн зүгээс УДШ дээрх бүртгэл ёсоор өөрийгөө АН-ын дарга хэвээр гэж зарладаг. Эндээс харвал АН-ын хоёр тал эвлэрэхгүй, энэ чигээрээ 2024 онтой золгож мэдэх нь.

АН-ыг авах, “алах”-ын аль, аль нь Х.Баттулгад ч, Ардын намд ч ашигтай. Ардчилсан намыг авч чадахгүй юмаа гэхэд хэрүүл талцалтай байх тусмаа Х.Баттулгын дараагийн улс төрд нь хэрэгтэй гэсэн үг. Товчхондоо, МоАХ-г нам болгох төлөвлөгөөнийх нь нэг хэсэг ч байж магадгүй.

Түүнийг Монголын ногоон намын “эзэн” болсон гэх яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдож болсон хийгээд хэрэвзээ 2024 онд пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулбал, жагсаалтын гуравт бичигдэнэ. Ямар ч байсан тэрбээр хүүгээ түлхээд “бэрс” гарах цагийг тэвчээртэйгээр хүлээж сууна. Үнэндээ 2024 онд Л.Оюун-Эрдэнийн хамгийн том өрсөлдөгч АН гэхээсээ илүү Х.Баттулга байх болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *