Р.Эмүжин: Үүнийг сонсоод би номоо бариад төрөх рүү гүйгээд очлоо…

Яруу найрагч Р.Эмүжин:“Өргөө амаржих газарт хүүхдийн ном захиалсан бүсгүйг эхлээд жаахан гайхсан, эмнэлэг гэдэг чинь эрсдэл, хүү минь амны хаалтаа давхарлаж зүүгээд оруулж өгөөрэй гээд л Батхаанд үглэсэн. Тэгээд ямар ном авахыг нь асуух гээд утасдтал ямар хөөрхөн тайлбар сонссон гээч.

-Эгч ээ, би төрөх гээд ирээд Өргөөд хэвтсэн байна аа, хүүгээ төрүүлчихээд харихад дөрвөн настай охин минь хүлээж байгаа. Түүндээ бэлэгтэй очих гэсэн юм аа, одоо л амжиж авахгүй бол төрчих гээд….чухам сэтгэл нялхраад л явчихлаа.Ээж хүн бүр энэ мэдрэмжийг мэднэ.

Дүү нь төрөх дөхөх тусам гологдсон, шоодогдсон, орхигдсон мэдрэмж ахалж ирсэн үрд минь бий болчих вий гэж ээжүүд сэмхэн эмээдэг.Бас нэг номоо бэлэг болгоод барьчихсан гүйгээд очлоо. Яв ягаахан хувцастай, залуухан хөөрхөн ээж Өргөө амаржих газрын хүлээлгийн хэсэгт тослоо.

Хоёулаа тусгаарлалтын хананы хоёр талаас зүтгэсээр байж селфидээд, хөөрхөн ээжид аз жаргал ерөөгөөд харьсан даа.

Хариугүй амаржих дөхчихсөн, тогоо шиг их гэдэстэй, түүндээ түүртэн амьсгаадах хэрнээ бас нэг үрдээ бэлэгтэй харих гээд яарч буй бүсгүй…ээж хүн л ийм байж чаддаг. Мөөмөө, ээжийгээ, аавыгаа, тоглоомоо дүүдээ булаалгана шүү дээ. Бадамжаргал охиндоо дүүг нь тэврээд, дээр нь ном сугавчлаад очих гэж яарахын дээдээр яарч буй юмсанж.

Үүнийг сонсоод хачин ихээр сэтгэл нялхраад, би чинь машинаа асаагаад, үдшээр өөрөө гараад чавхадлаа.Сайхан монгол ээж нартаа аргагүй хайртай шүү. Аз жаргал хүсье, Бадамжаргал аа. Чи бол хорвоогийн хамгийн сайн, бас хөөрхөн ээж.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *