П.Эрдэнэзаан: Би олон түмэнд таалагдах гэж амьдардаггүй.

Гэм зэм” жүжгийн Мармеладовын дүрийг бүтээхдээ үзэгчдийг өндөлзүүлж, алмайруулж чадсан МУГЖ П.Эрдэнэзаантай ярилцлаа

-“Гэм зэм” постдрамын жүжигт хамгийн өвөрмөц дүр болох Мармеладовын дүрийг бүтээлээ. Анх тус дүрд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Их сонин тохиолдол болсон л доо. Романыг нь ковидын үеэр уншсан юм. Тархи толгой цэнэглэгдчихсэн, дүрүүд нь нүдэнд харагдчихсан байх үед М.Батболд найруулагчийг дүрийн санал тавихад нь юу ч бодохгүйгээр зөвшөөрсөн. Учир нь өөрийгөө энэ хэмжээний уран бүтээлд хүч сорьж үзэх юмсан гэсэн бодлыг тархи толгойндоо тээж явсан торгон мөчид энэхүү санал ирсэн гэх үү дээ

-Үзэгч, уншигчдын зүгээс Мармелодовын дүрийг хэрхэн бүтээх бол гэдэг хүлээлт байсан?

-Тийм. Үзэгчдээс гадна би өөрөө ч их айж сандарсан. Энэ дүр өөрөө последны тост гэдэг нэртэй юм билээ. Яг энэ монологийг их шанадас шаарддаг гэж Оросын найруулагчид ярьж байсан л даа. Тиймээс дүрдээ их ач холбогдол өгдөг юм билээ. Достоевскийг судалдаг хүмүүс энэ монологи дээр их гайхширдаг гэсэн

“Ядуу байна гэдэг нь муу хүн байна гэсэн үг биш”

-Мармеладовын дүр таны өмнө нь бүтээж байсан дүрүүдээс ялгаатай нь юу байв. Өөрт ямар мэдрэмж өгч чадсан бэ?

-Мармеладовын дүрийн монологийг уншихад л надад шууд мэдрэгдсэн. Дотоод сэтгэл, интонаци, мэдрэмжээ бүрэн авчихсан. Тиймээс энэ дүрийг бүтээхэд надад хүндрэл учраагүй. Яагаад гэвэл охинтой эцэг хүний мэдрэмжийг л нэгдүгээрт авах ёстой шүү дээ

Дүрийн хувьд нийгмийн нөхцөл байдлаас болоод л гадуурхагдсан хүн болохоос муу хүн биш. Ядуу байна гэдэг нь муу хүн байна гэсэн үг биш. Эцэг хүний мөн чанар, хайрыг л эхэлж мэдрэх ёстой байсан. Би өөрөө гурван охинтой хүн. Охиндоо хайртай эцэг хүний мэдрэмж нь надад илүү ойр байсан болохоор хүндрэл учраагүй байж ч мэднэ

-Гурван охинтой эцэг хүний хувьд, охиддоо хайртай аав хүний хувьд таны бүтээсэн дүр, уншсан монологи, “ААВ” хэмээх статустай тань зөрчилдөөгүй юу?

-Зөрчилдөлгүй яах вэ. Хамгийн хэцүү нь тэр шүү дээ. Хэлж мэдэхгүй. Охиныхоо би еийг ү нэлсэн мөнгөөр ар хи ууж буй эцэг хүний сэтгэл зүйг ийм гэж тодорхойлох хэцүү шүү дээ. Зөвхөн өөрөө тухайн цаг мөч дэх сэтгэл зүйгээс юу гарах уу тэрийг л илэрхийлж гаргана. Тооцоо байхгүй. Тийм хөдөлгөөн хийнэ, уйлна, дуулна гэсэн тооцоо байхгүй. Тэр өдөр миний сэтгэл зүй ямар байна тэндээс л гарна

Найруулагчийн тавьсан зорилго байгаа. Үлдсэн нь тэгээд жүжигчнээс гарч байгаа юм. Достоевскийн зохиолууд жүжигчнээс ямар нэгэн тооцоо гаргах, төлөвлөх боломжгүй юм билээ. Тухайн жүжигчний мэдрэмж ямар байна түүгээр л бий болно. Нарийн хэлбэл, жүжигчин яаж мэдэрснээрээ л ил гаргаж байгаа юм. Найруулагчийн зүгээс зааварлана гэсэн юм байхгүй

-Тухайн цаг үеийн сэтгэл зүйгээс юу гарах уу тэрийг л илэрхийлж гаргана гэлээ. Тэгвэл таны сэтгэл зүй жүжиг тоглосон арван хэд хоног аймшигтай байсан байх нь ээ?

-Нийгмээс гадуурхагдаж, охиныхоо би еэ үн элж олсон мөнгөөр ар хи уудаг эцэг хүн ямар байх уу

-Та яг л дуулах гэж буй юм шиг гарч ирсэн. Хөгжмөө хэрхэн мэдэрч зохицсон бэ?

-Би шууд мэдэрсэн. Шууд авсан гэсэн үг. Анх хэлэхэд нь л би, Энэ ямар гоё болох юм бэ гэж бодсон. Гол нь хөгжимчид яг адилхан амьдарч, мэдэрч байж үзэгчдэд хүрсэн. B.L.M.D, Eventide Mongolia бид харилцан ойлголцсон учраас энэ монологи үр дүнтэй болж чадсан.

-Таны монологи уншдаг хэсэг дээр үзэгчид алмайрч, гайхаж байсан. Үзэгчдийн сэтгэл зүй, байр байц хэрхэн мэдрэгдсэн бэ?

-Яг шууд мэдрэгдэнэ гэж байхгүй. Тайз, жүжигчин, үзэгчдийн хооронд амьд харилцаа үүснэ гэж сонин мэдрэмж байдаг. Миний хийж байгаа хэсэг үзэгчдэд хүрч байгаа эсэх нь шууд мэдрэгдэхгүй. Үзэгч, жүжигчин хоёрын хооронд харилцаа үүсэж вакум орчинд орчихдог юм. Ийм л мэдрэмж төрөх үед жүжигчин өөрөө орчноос тасарчихдаг. Энэ л их гоё. Тайзны урлагийн гайхамшиг чинь энэ шүү дээ.

-Өмнө нь иймэрхүү дүрд тоглож байв уу?

-Хүнд дүрийн ард гарч л байсан. Гэхдээ ийм хүнд дүрд тоглоогүй их удсан байна. Жүжигчин хүний дотоод сэтгэлийн кайф гэж байдаг. Тоглосон дүрээсээ кайф авах гэж байдаг даа.

Хийсэн юмнууд нэг л сэтгэлд хүрэхгүй тохиолдол байна. Жаахан дутуу болсон гэж бодогдоод байдаг даа. Энэ дүр дээр жүжигчний дотоод зүрх сэтгэл, оюун санаа бүрэн дүүрэн гарч чадсан юм шиг санагдаж байгаа.

-Ирээдүйд тийм дүрд л тоглочих юм сан гэсэн ямар дүр байна?

-Жүжигчний ур чадвар шаардсан дүрүүдэд тоглох сонирхолтой байна. Яагаад гэвэл нас, туршлагын хувьд гайгүй болж байна. Ийм дүр бүтээх гэж л олон жил зүтгэлээ шүү дээ. Алдаад, оноод л янз бүрийн эрэл хайгуул хийлээ. Одоо л жүжигчний л хувьд хүч сорьсон, нарийн мэдрэмж, ухааны цар хүрээ шаардсан дүрд тоглоно. Одоо цаг нь ирсэн гэж бодож байна.

-Жүжигчин хүний мөн чанар нь яг юундаа оршдог юм бэ?

-Жүжигчин хүний мөн чанар гэхээр олон зүйл ярих байх. Жүжигчдийг хүмүүс ярихдаа ЖҮЖИГЛЭЖ БАЙНА гэж ярьдаг. Ний нуугүй хэлэхэд би жүжигчид жүжиглэж байна гэж ярихад дургүй. Жүжиглэнэ гэдэг үгийг бүх л сөрөг муу юманд хэрэглэдэг болсон.

Жүжигчний мөн чанар гэдэг үндсэндээ дотоод сэтгэлийн мэдрэмжийн асуудал. Дүр бүтээнэ гэдэг нь өөрөө жүжиглэх биш. Тухайн өгөгдсөн дүрийн мөн чанарыг жүжигчин сэтгэл зүрх, оюун санаа, зүрх сэтгэлээрээ яаж мэдэрч гаргаж байна вэ гэдгээс тухайн дүр тод гарч байна уу, бүдэг гарч байна уу гэдэг нь гарч ирдэг. Тухайн жүжигчний ухааны цар хүрээ, мэдрэмжээс шалтгаалдаг. Үүнийг л мөн чанар гэж хэлнэ.

-Хошин урлагтаа эргэж тоглох уу?

-Мэдээж тоглоно. Асуудалгүй. Аль ч жанрт тоглож чадаж л байвал тоглоно.

-“Хайр харуусал” кинон дээр сүү цацдаг хэсэг зохиол дээр байгаагүй гэдэг. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийсэн зүйл үү?

-Тэр тооцоогүй хийгдсэн хэсэг. Нөгөө л нэг мэдрэмж шүү дээ. Найруулагч хэлээгүй зүйл. Чамд сонин юм яриад байгаа биз. Жүжигчний тооцоогүйгээр хийж байгаа юм гэдэг цаад сэтгэлийн мэдрэмжээс гардаг зүйл. Яг тийм зүйлс нь илүү үзэгчдэд хүрсэн байдаг. Аргагүй л дээ. Худлаа биш юм чинь. Үнэн мэдрэмжээс гарахаар тэр шүү дээ.

-Бодит байдал дээр ч гэсэн тийм их сэтгэл хөдлөл өндөртэй хүн үү?

-Сэтгэл хөдлөл байлгүй яах вэ. Гэхдээ тайван талдаа, дуу цөөтөй хүн шүү дээ. Хүмүүсийн хэлж байгаагаар тайзан дээрх, амьдрал дээр байгаа байдал хоёр нь зөрчилдөөд байдаг гэсэн.

-Жүжигчин П.Эрдэнэзаан, амьдрал дээрх хувь хүн хоёр хоорондоо зөрчилддөг гэхээр?

-Жүжигчин хүн өөрийнхөөрөө тоглож болно. Олон сэтгэлгээнд хувирч, өөр өөр сэтгэл зүйг гаргаж байж жүжигчин хэмээх мэргэжил оршин байна. Тэгэхээр П.Эрдэнэзаан гэдэг хувь хүн бол тусдаа асуудал. Харин мэргэжлийн тайзан дээр гараад галзуу солиотойгоос авхуулаад бүхнийг л хийх ёстой. Өөрөөр хэлбэл, мэргэжил, амьдрал хоёроо ялгаж, салгах ёстой юм болов уу гэж боддог.

Тэрнээс тайзан дээр байгаа шигээ амьдрал дээр байвал энэ мэргэжлийн үнэлэмж унана шүү дээ. Цагдаа гэртээ очоод мэргэжлийн ажлаа хийхгүй, бөх гэртээ очоод эхнэртэйгээ барилдахгүйтэй л адил. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Надад тийм зөрчил их байдаг. Өөрөө байнга комеди хийдэг хүн. Хүмүүс намайг яг тийм л хүн гэж хүлээж авдаг. Яг амьдрал дээр уулзаад гайхдаг. Яагаад ийм дуугүй даруухан байдаг юм гэх мэт. Тайзан дээр тийм байж амьдрал дээрээ худлаа байгаад байгаа юм биш үү гэдэг. Мэргэжил гэдэг чинь өөр.

Хайртай дүр?

-Хүрсэн ч бай хүрээгүй ч бай, алдсан, оносон ч аль алинд нь л хайртай. Тухайн дүрийг бүтээхийн тулд хөлс хөдөлмөр шингэж буй учраас алийг нь ч хэлж чадахгүй.

-Таны мөрөөдөл юу вэ. Мөрөөдөлдөө хүрч чадаж байна уу?

-Мөрөөдөл байна шүү. Олон жил жүжигчин хийсэн. Энэ мэргэжилдээ үнэнч ч явж байна. Мэргэжлийнхээ ур чадварыг харуулсан жинхэнэ уран бүтээлүүдийг хийх юмсан гэх мөрөөдөл байна.

“Би Мармеладовын дүрээр өөрийгөө илүү нээж өгсөн”

-Анх тайзан дээр гарахдаа ямар мэдрэмж авч байв. Одоо ямар санагддаг вэ?

-Анх сандарна, хэцүү шүү дээ. Учраа олохгүй их явна. Одоо л кайфаа авч байна. Дүрийн гүйцэтгэлээ бүрэн хийнэ гэдэг чинь тийм амар зүйл биш. Хийхийн тулд цаг хугацаа орно. Одоо бол хийж байгаа бүтээлээсээ аз жаргалыг эдэлж байна.

Сүүлийн 18 хоног бол жүжигчний хувьд надад гайхалтай сайхан байлаа. Би өөрөө тайзны жүжигчин. Яг авах ёстой мэдрэмжүүдээ 18 хоног авсан болохоор их хүч, урам орлоо. Одоо магтаалд онгирдог нас биш. Бодит байдлыг ойлгож шүүмжлэлээ авсан.

Анх намайг энэ дүрд тоглох гэж байхад олон ч шүүмжлэл ирсэн. Достоевскийд иймэрхүү хүмүүс тоглож гутаах гэж байна гэх мэт. Би шүүмжлэлийг их сонсдог. Тэр хүмүүсийн тэгж хүлээж авах нь ч зөв шүү дээ.
Би бодсон. Ийм шүүмжлэл байгаа юм чинь, ийм нэр хүндтэй жүжигт хариуцлагатай байж үзэгчдийн санал бодлыг өөрчлөх ёстой юм байна, ямар жүжигчин гэдгээ харуулах ёстой юм байна гэж бодсон.

Энэ миний боломж гарч ирлээ гэж бодсон. Яагаад гэвэл надад өдийг хүртэл М.Батболд шиг найруулагч таарахгүй л яваад байсан байгаа биз. Өөрийгөө энэ талаараа илүү нээж өгсөнөөрөө, нээлгэх боломж таарснаараа би их азтай хүн.

-Өөрийгөө бүрэн дүүрэн нээж, харуулж чадсан гэж бодож байна уу?

-Тийм л гэж хэлмээр байна.

-“Гэм зэм” жүжгийн талаарх санал бодлоо нийтэд нь базаад хэлбэл?

-Цаашдаа Достоевскийг ойлгоход дэм боллоо. Зохиолч Я.Баяраад баяр хүргэх хэрэгтэй. Хүнд драматурны жүжгийн зөв шийдэл гаргаж, гоё ойлгуулна гэдэг гайхалтай. Жүжиг, тайзны урлагийн хувьд ийм шинэчлэл хэрэгтэй байсан. Энийг би мэдэрчихсэн байсан. Ямар нэг шинэчлэл байх ёстой. Ингээд л яваад байвал биш гэдгийг би ойлгосон байсан. Чухам яаж өөрчлөгдөх, шинэчлэгдэхийг ойлгоогүй явсан.

Яг миний тэр нэхэгдэл дээр М.Батболд найруулагч орж ирсэн. Энэ шинэчлэлийг бүх жүжигчид хүсч байлаа. Манай драмын урсгалд шинэ уур амьсгал, шинэ цаг үе ирж байна. Үүндээ ч тааруулаад уран бүтээлч хүний хувьд хоцрохгүйгээр ажиллах ёстой. Ямар ч байсан хоцрогдоогүйдээ баярлаж байна

-Тайзны урлагийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Урлагийн хэв маяг дэлхийд минимал тал руугаа орчихлоо. Хүмүүсийн сэтгэхүй их хурдацтай болчихсон учраас бүх юмыг реалны бодитоор ойлгохгүй болчихсон. Гол нь үзэл санаа, идеа нь байж байвал сонирхолтой болсон байна. Ахуйлаг зүйл дэлхийд ч байхгүй болж байна

-Таны дүрийн үзэл санаа, идеал нь юу байсан юм бэ. Та ер нь юуг хэлэхийг зорьсон юм?

-Миний бодлоор жүжигчин хүний хувьд энэ монологийг уншиж, судлаад ойлгохдоо энэ бол нийгмийн золиос гэж ойлгосон. Энэ хүн бол түшмэл шүү дээ. Ажилтай, гэр бүлтэй байж байгаад нийгмийнхээ ядуурал ялзрал, оюуны доройтлоос болж золиослогдсон хүн гэж ойлгосон. Ганцхан охиныхоо биеэ үнэлж олсон мөнгөөр архи ууж, гутарсандаа амиа хорлож байгаа юм биш.

Энэ бол үнэнийг хайсан, шударга ёсыг хайсан, түүнийхээ төлөө бачуурсан, шаналсан тэр нь олдоогүй хүн. Яг үнэн юм байдаг юм уу. Хүн нэг нэгэндээ шударга ханддаг юм уу. Яагаад ар хи уудаг юм. Дуртай байж болно. Гэхдээ цаана нь бүхнийг мартаж ууж байна шүү дээ

Шударга бус байдал хүмүүсийн амьдралын ялгаа, үзэл бодлын ялгаа байна. Би тэрийг л дуугарч хувь хүнийхээ хувьд, өнөөгийн нийгмийг талаар дуугарах ёстой болсон. Үзэл бодлоо тэр монологид шингээж дуугарсан. Мэдээж би талбай дээр гараад орилж чадахгүй.

Улс төр хийж чадахгүй. Тиймээс энэ миний боломж. Би дотоод сэтгэлээсээ нийгмийн шударга бусыг дуугарсан. Тэр хаана байна аа, байхгүй. Ийм байдалтай би тэвчиж амьдрах ёстой юу. Буруу зүйлийн төлөө таг дуугүй явах ёстой юу. Ямар ч хүнд өөрийн гэсэн үзэл бодол, санаа байгаа шүү дээ. Нэр төр гэж байна.

Тэр талаасаа би өөрөө дуугарсан. Найруулагч тэг гээгүй. Энд миний мэдрэмж миний эрх байж болно. Яг би энэ өгүүлбэрийг хэлэхдээ өөрийнхөө нийгмийг бодож дуугарсан

-Жинхэнэ Мармеладов байсан бол?

-Нэр төрийнхөө төлөө үнэнч байж, гэр бүлдээ хайртай л байх байсан

“Мундаг авьяастай байгаад бие нь дийлэхгүй бол яах юм бэ”

-Ярилцлаганынхаа “панчаан” болгож нэг асуулт асууя. Та жингээ хэрхэн хассан бэ?

-/Инээв/ Би спортоор хичээллэж байгаа. Би чинь 49 настай. 108 кг жинтэй байсан. Миний бодлоор, манай насныхан яагаад заавал гэдэстэй байх ёстой юм. Буйдан дээр удирдлага бариад хэвтэж байх ёстой юм уу. Үгүй ээ

Үеийнхэндээ зөв мессэж өгөх гэж анх хичээллэж эхэлсэн. Би өөрөө холимог тулаанаар хичээллэдэг. ОУХМ н.Батлхагва гэдэг багш дээр долоон сар хичээллэсэн. Одоо 95 кг жинтэй болсон. Гэдэсний тойргоосоо 13 см хасна гэдэг амаргүй шүү дээ. Өөрөө уран бүтээлч хүн учраас бие хааны хувьд бэлэн байх ёстой. 50, 60 настай жүжигчин гэхээрээ ялхайгаад байж байх ёстой юм уу. 70, 80 нас хүрсэн ч юунд ч тоглоход бэлэн байж байя гэдэг утгаараа. Мөн эрүүл байх талаасаа хичээллэсэн. Мундаг авьяастай байгаад бие нь дийлэхгүй бол яах юм бэ

-Та ер нь ямар хоббитой вэ?

-Би хүмүүсийн намтар их унших дуртай. Хүний амьдрал гэдэг тэр чигтээ драматур байдаг. Тийм болохоор суут ч бай, суут биш ч бай хүмүүсийн намтар их унших дуртай. Тэндээс маш их юм олж авдаг. Хүний амьдрал гэдэг чинь давтагдашгүй их сонин шүү дээ

-Тэгвэл өөрийн тань намтрын хувьд?

-Би жүжигчний мэргэжилд хайртай болсон байна. Төгсөөд тасралтгүй жүжигчин мэргэжлээр ажилласан. Дунд нь урваж, шарваж ямар нэг юм хийгээгүй. Аз жаргал минь үүнтэй л холбоотой болчихож. Хүн эзэмшсэн мэргэжилдээ төгс байж чадвал сайхан амьдарна. Миний хувьд урваагүй. Олж хуримтлуулсан туршлага, ур ухаан минь миний хөрөнгө оруулалт

Амьдрал гэнэт л үлгэрийн юм шиг бүтнэ гэж байхгүй шүү дээ. Олон жилийн хүч хөдөлмөр, уналт босолт болж байж хүн амьдралд хүрдэг. Залуучууд жаахан ажиллаж байгаад л болохгүй нь гээд байдаг. Энэ буруу. Чи жүжигчин мэргэжил эзэмшиж байгаа бол төгс эзэмш. Төгс эзэмшинэ гэдэг нь ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Мөн хүнийг хайрлах хэрэгтэй

-Та хүнийг хэр хайрлаж чаддаг вэ?

-Би өөрөө мөн чанараараа амьдардаг хүн. Чин сэтгэлээсээ хүнтэй харилцахыг хүсэж явдаг. Энэ нь заримдаа зөрчилдөх ч тохиолдол гарна. Хүнийг магтахаар долигоносон болчихдог. Шударга хатуу хэлчихвэл, үнэнийг хэлж байна гэж ойлгохоо больсон байна.

Харилцааны, сэтгэлгээний гажуудал үүсчихэж. Харин би өөрөө байгаагаараа байхыг л хичээдэг. Би олон түмэнд таалагдах гэж амьдардаггүй. П.Эрдэнэзаан гэдэг өөрөөрөө байх, тэрийг хүмүүс яаж хүлээж авах нь сонин биш. Гэхдээ хүндэтгэж байх ёстой. Итгэлцэж байх дуртай

-Сүүлийн асуултаа асууя. Энэ жүжигт тоглосон жүжигчид ихэнх нь хошин урлагийн жүжигчид. Хошин урлагийн жүжигчдэд илүү нөөц боломж байгаа юм биш үү?

-Хошин урлагийн жүжигчдээс тийм юм гарна гэж хэн ч төсөөлөөгүй. Жинхэнэ бэлтгэгдсэн хүмүүс бэлэн байна гэдгийг л харууллаа. Найруулагч, зохиолч нь байвал тэгээд л боломж нөөц ямар байгааг харж болно. Жишээ нь, Дооёог хар л даа. Хүмүүс нийгмийн талаасаа ч, урлаг талаасаа ч тэр шинэчлэлийг хүсэж байгаа юм байна. Сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдсэн. Би өөрөө ч гэсэн шинэчлэл хийлээ шүү дээ

Мармеладовын монологийг ингэж хийсэн түүх байхгүй юм билээ. Монологийг дуулаад байгаа юм шиг хийсэн гэж Никита найруулагч хэлсэн. “Энэ дүрээр та хаана ч очсон онгирно. Оросод тоглосон ч бут авна” гэж хэлж байна билээ

-Танд үзэгч олондоо хандаж хэлэх үг байна уу?

-Залуучууд түлхүү үзсэнд илүү их баярласан. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Олон саад тотгор тохиолдож байна. Юманд дүгнэлт, цэгнэлттэй өөр өөрийн үзэл бодолтой байж түүнд автахгүй байх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Хэт их туйлшрахгүй, нөхцөл байдлыг бодитой харж, сэтгэл зүйн хувьд эрүүл байх хэрэгтэй юм болов уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *