Иргэншлээ солих тэрбум төгрөгийн саналаас татгалзаж дэлхийн аварга боллоо.

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.

Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна.

Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлсэн түүхтэй.

-Юуны өмнө танд Дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Монголын хүндийг өргөлтийн 65 жилийн түүхэнд насанд хүрэгчдийн анхны дэлхийн аварга та боллоо шүү дээ. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. 14 жил спортоор хичээллэсний минь нэг том зорилго биеллээ. Зорьсон зорилгоосоо няцаагүй, буцаагүйн төлөөх шагнал, урсгасан хөлс нулимсны минь үнэ цэн гэж бодож байна. Энэ амжилтад хүрэхэд дэргэд минь хүч өгч, урам бэлэглэж, итгэл төрүүлж байсан хайртай дотнын бүхий л хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Алтан медаль авах агшинд “Би чадлаа” гэсэн бодол орж ирсэн.

-Төрийн дууллаа дэлхийн тавцанд эгшиглүүлж, Дэлхийн аварга хэмээх нэр хүндийг хүртсэн баярт мөчдөө хүндийн өргөлтийн спортыг үзэж, дэмждэг нийт монголчууддаа юу гэж хэлэх вэ?

-Намайг ойлгож, хайрладаг бүх хүнд баярлалаа. Энэ биеийг минь төрүүлж, өдий зэрэгтэй өсгөн, хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлалаа. Энэ амжилтын минь хамгийн гол тулгуур болсон Ц.Хосбаяр багшдаа, Хүндийн өргөлтийн холбооны хамт олондоо, ханьдаа маш их баярлалаа. Үзэгч байхгүй бол спорт байхгүй. Тиймээс биднийг үзэж, дэмжиж, хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа. Илүү олон амжилтыг гаргаж, та бүхнийгээ дахин дахин баярлуулах болно.

-Тэмцээний өмнө өрсөлдөгчдөө хэр судалсан бэ. Сэтгэл зүйн бэлтгэл хэр сайн байсан бэ?

-Маш сайн судалсан. Хоёр жил олон улсын тэмцээнд оролцоогүй учраас ганц хоёр шинэ тамирчин байсан. Токиогийн олимпын дараа өндөр формоо алдалгүй, амралтгүй бэлтгэл хийсэн. Тав дахь удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдлөө. Шагналын тавцанд хамт гарсан Норвеги, Узбекстаны тамирчидтай Азийн аваргад өрсөлдөж байсан болохоор сайн мэддэг байсан.

Тэдний бэлтгэлийг цахимаар судалж байсан. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан ч тухайн мөчид өөрчлөгддөг л дөө. Үүнийг багш, дасгалжуулагч сайн мэдэрч, залж чиглүүлдэг. Саяын тэмцээн дээр яг ийм зүйл боллоо.

-Та тэмцээний өмнө ОХУ-ын Дарья Ахмероваг гол өрсөлдөгч гэж нэрлэж байсан ч тэр медаль авсангүй. Харин Узбекистаны Турсуной Жабборова, Норвегийн Сольфрид Коанда хоёр гол өрсөлдөгч байлаа. Таны хувьд хэн нь аюултай өрсөлдөгч байв?

-ОХУ-ын Дарья Ахмерова өмнө нь тэмцээнд хамт ороогүй, бас надтай адилхан захиалгатай байсан учраас эмээж байсан. Туршлага багатай тамирчин байсан юм билээ. Тиймээс надад Норвегийн тамирчин илүү хүчтэй өрсөлдөгч болсон.

-Та эхний захиалгынхаа 109 кг-ын огцом өргөлт дээрээ алдсан. Тэр үедээ юу бодогдсон бэ?

-Хэтэрхий том давуулж бодоод, сэтгэл зүйн алдаа гаргасан байна лээ. Арай няхуур бодох ёстой байсан.

-Та өөрийгөө ирлэж, зоригжуулахын тулд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Хүүхдээ бодохоор хүч орох болов уу гэж бодож үзсэн. Гэтэл харин ч сэтгэл нялхраад ирдэг юм билээ. Тухай тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөс л болдог. Бэлтгэлтэй үедээ өөр юм бодно. Тэмцээнтэй үедээ бол төвлөрдөг учраас юу ч бодохгүй байх нь чухал.

-Та туйвангаа өргөхөөс өмнө өөрийгөө зоригжуулж, чангаар хашхирч байгаа харагдсан. Тэр нь ямар нэг уриа үг юм уу, эсвэл?

-Ямар нэг үг биш ээ. Зүгээр л хашхирч байгаа нь үг хэлж байгаа юм шиг сонсогдож байгаа юм. Айдсаа үргээх, өөрийгөө зоригжуулах нэг арга л даа.

-Хятадын баг Дэлхийн аваргад оролцсонгүй, гол өрсөлдөгч тань ирсэнгүй. Энэ тухай дуулаад тэмцээний өмнө ямар сэтгэгдэл төрж байв?

-Хятадын тамирчин ирээгүй нь нэг том боломж байсан. Гэхдээ ирсэн ч, ирээгүй ч өрсөлдөх л байсан. Ирээгүйд нь баярлах бол утгагүй, ирсэн ч адилхан л хүчээ үзэх байсан шүү дээ. Миний хувьд гэхдээ нэг талаар боломж гэж харсан.

-Хятад тамирчид хүндийг өргөлтийн төрөлд тэргүүлж байна. Тэдний бэлтгэл сургуулилтын давуу тал юундаа байдаг юм бол?

-Хятадад хүндийг өргөлтийн гурван сая гаруй тамирчин байна гэсэн статистик тоон мэдээлэл байдаг. Хятад улс нэгдүгээрт, тамирчдадаа маш их хөрөнгө санхүүг хаяж, бэлтгэл хийх техник хэрэгсэл, орчин нөхцөлөөр хангаж байгаа. Хоёрдугаарт, бүр хар багаас нь бэлтгээд төгс боловсруулж гаргадаг. Тэр хүнийг зөвхөн бэлтгэл хийх, тэмцээнд оролцуулахад нь л санаа тавьдаг. Өөр бусад амьдрал ахуйдаа санаа зовох шаардлага байхгүй. Монголд 100 тамирчин хичээллээд нэг л тамирчин гарч ирэх боломжтой бол Хятадад зургаан сая хүн хичээллэж байж нэг хүн тодорч гарна. Үүгээрээ маш том ялгаатай учраас асар том өрсөлдөөн бий.

-Хүндийг өргөлтөд өргөх жингээ захиалах нь тактик байдаг байх. Саяын тэмцээнд та ер нь хэдэн кг өргөвөл түрүүлнэ гэж бодож байв?

-Багш миний туйван өргөх жин, захиалга бүх юмыг хариуцдаг. Би бол өргөх л үүрэгтэй. Багш маань ОХУ-ын захиалгаас илүүг захиалсан нь маш зөв алхам байсан.

-Та түлхэлттэй өргөлт дээрээ 141 кг өргөсөн. Өмнө нь бэлтгэл дээрээ хамгийн ихдээ хэдэн кг-ыг өргөж байсан бэ?

-Би бэлтгэл дээрээ хамгийн их нь 150 кг өргөж байсан. Тиймээс 141 кг дээр итгэл дүүрэн байсан.

-Дэлхийн аваргын медалийн тавцан дээр Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг том гавьяа. Тэр агшинд юу бодогдож байв?

-Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсож байхад Монгол хүн болж төрсний маш их урам, бахдал, омогшил төрдөг. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж бол энэ мөч байдаг, миний хувьд.

-Удахгүй энэ сарын 25-нд та 24 нас хүрнэ. 10 настайгаасаа энэ спортоор хичээллэсэн гэхээр амьдралынхаа 14 жилийг хүндийн өргөлтөд зориулсан байх нь…

-Спорт бол залуу насны эрч хүч, сүр жавхаа, хүч чадлын бэлгэ тэмдэг. Энэ насандаа гаргах ёстой амжилтаа гаргаж, хийх ёстой юмаа хийх шиг сайхан юм үгүй. Хүний амьдрал мөнх биш. Эргээд бодоход түүх бүтээжээ гэж харах л хамгийн сайхан байх болов уу. Мөн бидний араас энэ төрлийн спортоор хичээллэж байгаа олон тамирчдын түүчээ болно гэдэг бахдалтай үйл хэрэг.

-Та эргээд бодоход 14 жилийн хугацаанд юуг хамгийн их золиослосон гэж боддог вэ?

-Бүх юмаа л золиослоно. Хүүхэд байх эрх, эмэгтэй хүн байх эрх, ээж байх эрх, хүний хань байх эрхээ ч золиосолдог доо. Жирийн хүмүүсийн амьдралаар амьдраагүй ч юм шиг бүх л цаг хугацаагаа төмөр өргөж, бэлтгэл хийж өнгөрүүлдэг байлаа. Хүүхэд, гэр бүлдээ цаг зав зарцуулахаар бэлтгэл муудаж, амжилт хойш татагддаг. Бидэнд жаахан л зав гарвал биеэ амраах нь маш хэрэгтэй байдаг. Энэ үед ар гэр маань, аав ээж маань маш сайн тусалж, дэмждэг дээ.

-2024 оны Парисын олимп таны гол зорилго гэдэг нь мэдээж. Сая түрүүлээд одоо олимпын медаль л үлдлээ гэж бодогдсон уу?

-Мэдээж Парисын олимп том зорилго байна. Түүнээс өмнө 2022, 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, хоёр том даваа бий.

-Токиогийн олимпод шагналт IV байр эзэлсэн. Тэр үед юу дутсан гэж боддог бэ?

-Сэтгэл зүй дээрээ л алдсан. Эхний оролтоо чадаагүй. Тэмцээнд ороогүй удчихсан байсан. Ойр ойрхон тэмцээнд орсон бол өөр байх байсан болов уу.

-Та Монголын хүндийг өргөлтийн Залуучуудын анхны дэлхийн аварга, Оюутны анхны дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн анхны дэлхийн аваргын медальтан, бас анхны дэлхийн аварга хүн. Өөрийнхөө нэр шигээ анхдагч байх ямар байдаг бол?

-Маш том хувь ерөөл юм. Би их азтай хүн байна гэж бодогдож байна. Бүх юмны анхдагч болно гэдэг ховорхон тохиол шүү дээ. Энэ амжилтаа алдахгүй улам батжуулж явах болно.

-Таныг Дэлхийн аваргын тэмцээнээс анхны медаль авсан өдрийг Монголын хүндийг өргөлтийн тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг. Түүхэнд тэмдэглүүштэй өдрийг бүтээлцэнэ гэдэг өөрөө их сайхан юм, тийм ээ.

-Түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон. Миний өмнө үе үеийн олон тамирчид хүндийн өргөлтийн спортоор хичээллэж байсан. Энэ спортын төрлөөр бүх амьдралаа зориулсан ахмад үеийнхэн минь баяраа тэмдэглэх өдөргүй байсан. Тэднийгээ баярлах өдөртэй болох жимийг гаргаж өгсөндөө бахархдаг. Ахмадууд маань ч тэгж хэлж, талархаж байсан шүү.

-Хүндийн өргөлтийн тамирчин бусад спортын тамирчнаас ялгагдах онцлог нь юу байдаг вэ. Бие бялдар, сэтгэл зүйгээр юу нь өөр байдаг вэ?

-Өөр шүү. Хүндийн өргөлтийн спорт бол өөрөө өөрийгөө л ялдаг спорт. Өөрөөс нь өөр өрсөлдөгч үгүй. Өөрийгөө л ялж, давж, сорьж байдаг даа. Айдсаа давна. Өөрийгөө хөгжүүлнэ. Зөвхөн өөртэйгөө л ажиллана. Бусад тамирчдын техникийг нарийн судална.

-Та ямар техникээр өргөдөг вэ?

-Хүндийн өргөлтийн спортод огцом өргөлтийн нэг техник, түлхэлттэй өргөлтийн нэг техник байдаг. Хүндийн өргөлтийн спортод хувь хүний булчин, бие анатомийн онцлогт тааруулж техник нь өөр болдог.

-Таны хувьд огцом болон түлхэлттэй өргөлтийн аль төрөл нь илүү амар байдаг вэ?

-Хоёулаа л адилхан даа. Огцом болон түлхэлттэй өргөлтөд гарын ур, бяр шаардана. Нэг их ялгаа байхгүй.

-Таныг тэмцээнд явахаас өмнө хөлийн булчин өвдөөд байна гэж байсан. Өвчин намдаах эм уугаад тэмцээндээ орсон уу?

-Өвчин намдаах эм уугаад орсон. Байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Бага зэргийн гэмтэл байгаа. Хэсэг хугацаанд амрахдаа хөлөндөө ачаалал өгөхгүй байхыг хичээнэ. Багш надад хэд хоногийн амралт өгнө гэсэн (Инээв).

-Төрөөд хоёр сарын дараа бэлтгэлдээ орж байсан гэсэн. Танд тэр үед хэцүү байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Төрсний дараа хоёр сарын дараа бэлтгэлдээ орж, дөрвөн сартайдаа Хятад руу Азийн аваргын тэмцээн рүү явсан. Бие нялхарчихсан, сайн тэнхрээгүй байсан. Маш их ядарна. Азийн аваргын тэмцээнд больё гэж шантарч байсан ч бидэнд тийм эрх байхгүй. Төдийгөөс өдий болтол тэсэж тэвчиж ирчихээд иймхэн юманд халгана гэж үү гээд л шүд зуудаг. Токиогийн олимп болохоос хоёр сарын өмнө л хэвийн формдоо дөнгөж очиж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *