Б.Пүрэвдорж: Цар тахлын хуулийг сунгахаар болж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ерөнхий сайд эдийн засгаа эрчимжүүлэх хууль өргөн барина гэж мэдэгдэж байсан. Одоо өргөн бариагүй учраас хэлэлцэх боломжгүй. Цар тахлын хуулиа сунгах бодлого руу явчих шиг боллоо. Гурван зүйлийг зөвшөөрч болохгүй. Нэгдүгээрт, Засгийн газар тодорхой хэмжээний зардлынхаа хүрээнд зардлаа хэтрүүлэхгүйгээр эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, яамд руу хөрөнгө оруулалт тавиад байна.

Цүнх барьдаг, төрийн албан хаагчийн шалгалтаа өгч чаддаггүй 2000 хүнийг шууд төрийн албанд авсан. Мөн дээрээс нь 600 гаруй хүнийг албан тушаал ахиулсан. Тиймээс шууд томилгоог болиулж, мерит зарчмаараа явах хэрэгтэй. Гуравдугаарт, аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийж байна. Дээрх асуудлыг “зөв” болговол энэ хууль үргэлжилж болох юм” гэлээ.

Эргэн сануулахад, цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тухай Төрийн албанаас мэдээлж байсан билээ. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албанд шинээр элсэгчдээс шалгалт авалгүй оруулж байсан. Цар тахлын тухай хуулийн хүрээнд 1000 гаруй иргэн төрийн удирдах албанд тушаалд томилогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *