52 жил ханилан суухад хамгийн их мэдсэн юм бол итгэл. Элдэв янзын хэрэгтэй хэрэггүй юм сонсоод…

52 жил ханилсан хосын ярилцлага Чүлтэм гуай: Тээврийн яамны нэр дээр 1953 онд Зөвлөлт холбоот улсад сургуульд яваад 1957 онд төгсөн ирсэн юм. Анхны усан зам тээврийн мэргэжлийн дипломтой хүн. Хойноос сургууль төгсөж ирэхдээ би Орос авгайтай болчихсон ирсэн.

Тэрэнтэйгээ амьдраад энд 12 жил болсон. Авгай маань энд нэг их дассангүй, за дасаагүй ч гэж энд ажил төрөл хийгээд бас зүгээр бсан юм. Би дандаа ажлаар Хөвсгөл рүү явдаг. Нэг удаа улсын баяр наадмаар би яваад өгсөн нэлээн хэдэн сар явсан юмаа 2,3н сараар.

Тэгсэн нөгөөх маань ажлаа хийж байхдаа нэг хүнтэй танилцсан юм шиг байгаа юм, тэрнийг нь би мэдсэнгүй байж. Тэгсэн хүүхэд гарсан, өөр хүний хүүхэд. Манай ээж аав ч одоо хэрэггүй дээ гэсэн, би ч дургүйлхээд салчихсан. Би чинь яаманд ажил хийж байсан, одоогоор бол улс төрийн ажилтан санаатай юм уу даа. Тэр үед ер нь хүнээс салж сарних асуудал гаргавал тун таатай биш.

Гадаад эмэгтэйгээс салж хөөж явуулсан хэргээр би яамнаас хөөгдөөд, яамны харьяа газар очсон. Олон жил ажилласан дассан газраасаа хөөгдөөд явах хэцүү бсан ч дараа нь үнэхээр л мэргэжлийн хүн нь хэрэг болоод ажлаас дуудаад буцаад яамандаа ирсэндээ.

Тэндээ ажиллаж байхдаа тээврийн яамны гадаад харилцааны хэлтэст хамт ажилладаг хүнийхээ гэрээр би их орж гардаг байлаа. Тэгсэн тэр нь манай энэ эхнэрийн маань эгчийн нөхөр л байж таарахгүй юу.

Манай энэ эхнэр их олон хүүхэдтэй хүүхэн, хүүхдүүдээ дагуулаад л эгчийндээ ирдэг бсан. Тэгээд л анх тэнд танилцсан. Тэрүүгээр хоёулаа орж гарч байсаар байгаад тэгнэ ингэнэ ч гэсэнгүй, эцсийн эцэст явж явж гэр бүл болоод ханилчиxсан.

Тэр үед эхнэр маань 5н хүүхдтэй бсан юм. Би чинь айлын ганц хүүхэд, нэг дүүтэй бсан ч тэр маань нас барчихсан.
Амьдралдаа олуулаа байж үзээгүй хүн хөгшинтэйгөө гэр бүл болоод олуулаа ч болсон, шуугиантай инээдтэй надад их аз жаргалтай.

Дахиад 2 хүүхэдтэй болж 7уулаа бүр олуулаа болсон юм. Монгол хүн байна хааяа Гандан ороод ном уншуулахад бол тэр нэр бичдэг цаас нь алд дэлэм юм болно.

Тэгэхээр хүнд ажил удах болохоор Чүлтэмийнх гээд л хүнийхээ тоог л биччихдэг юм. Ач зээ нар нэмэгдээд одоо төл хурааж авч байгаа юм шиг сайхан байгаа. Энэ олон хүүхдийн заяа түшсэн байх гэж боддог би одоо 87 нас хүрсэн бна. Нина гуай (хань нь): Бид хоёрыг манай хүүхдүүд маам паап 2 гэж дууддаг. Ноднин байхаа, том хүүтэйгээ хөдөө гарсан юм.

Хонь гаргаад хүү янзлаад, өвгөн маань сууж бсан юм. Тэгээд чанасан гэдсийг нь хутгах гээд өвгөн босож ирэхийг хүү маань харчихаад “Хөөрхий биднүүсийгээ жаахан байхад л ингээд гал түлээд гэдэс чанаж өгдөг байсан одоо ч мөн ингээд явж байна” гээд нулимс унагаж билээ. Тэрийг чагнаад би ч бас их хачин болсон доо.

Залуу байхад л хүүхдүүдийн цэцэрлэг сургуулийн багш их магтана. Нөхрийг маань хүмүүс ийм хойд аав үзээгүй л гээд байдаг юм. Би хүмүүст “Миний сайных байхдаа” л гэдэг юм (инээв) Чүлтэм гуай: Тэр үнэн үнэн. Ер нь би энэ гэрт нэг л сайхан хүн сууж байна уу гэхээс биш. Бүх юмыг хань минь зохион байгуулаад, хэн юу хийх үү яах уу гээд л дор дор нь зохицуулаад яваад өгнө.

52 жил ханилан суухад хамгийн их мэдсэн юм бол итгэл. Элдэв янзын хэрэгтэй хэрэггүй юм сонсоод үсчээд байвал тэр чинь биш. Зүгээр л сайхан бие биендээ итгэдэг бас тусладаг байхад болно.

Хоёр хүн гэр бүл болчихоор чинь ер нь хайр л ундардаг юм бна шдээ. Хайр гэдэг чинь алга болохгүй улам л ундраад байна, энэ олон хүүхдүүд маань л хайрыг минь улам ундруулаад бсан байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *