Ус, цахилгаан, дулааны хөнгөлөлтийг 2022 оны 7 сар хүртэл сунгах талаар хэлэлцэж эхэллээ.

Айл өрх, ААН-үүдийн дулаан цахилгаан, хогны мөнгийг төрөөс зургаан сарын хугацаанд хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Эл шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дахин зургаан сараар сунгаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн юм. Айл өрх, зарим ААН-ийн дулаан, цахилгаан хогны мөнгийг төрөөс санхүүжүүлэх зардлыг “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж байна.

Тэгвэл Засгийн газар, эрх баригч намын бүлэг айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хог, шахмал түлшний хөнгөлөлтийг он гараад дахин зургаан сараар сунгах асуудлыг ярьж, олон талаас нь судалж байгааг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ санхүүжилтийг хаанаас шийдвэрлэх, хамрах хүрээг илүү нарийвчлан тогтоох зэрэг асуудлыг судалж байгаа юм байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн зогсонги байдал, үнийн өсөлттэй энэ үед төрөөс цахилгаан, дулааны үнийг хөнгөлж байгаа нь иргэд, ААН-үүдэд бодит дэмжлэг болж байгаа.

Энэ жилийн санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэрийн завсар ашиглалтад хэрэглэх эх үүсвэрээр нөхсөн. Ирэх жил дахиад “Эрдэнэт” үйлдвэрээс их наяд гаруй төгрөг гаргах магадлал бага. Тиймээс хэрвээ дахин сунгах бол санхүүжилтийг хэрхэн, хаанаас гаргах талаар тодорхой шийдэлд хүрч, иргэдийг төөрөгдүүлэлгүй мэдээлэлтэй байх нь чухал.

Эх сурвалж: UNDESTEN.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *