Эмүжин: Гэнэт нэг өглөө шинэ шоронтой болчихсон, хандиваар бариуллаа гэвэл яана аа.

Шударга тавыг шуугиад гараад ирэхэд нөгөө муу нэрт, муухай хочит М.Энхболд нь баривчлуулаагүй л юм даа. Шуналт тав болтлоо албан тушаалд дөрлүүлж, араас нь өсч өндийж байгаа залуу үеийнхнээсээ шүүмж сонсож чадахгүй чичрээд дайрна гэж хэн саналаа.

Монголын төрийг гав гинж болгон хувиргана гэж бодоогүй энэ насны залуус ч бас тэр үед талбай дээр тэднийг дэмжээд гүйж л явсан шүү дээ. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр олуулаа жагсаж, олны дэмээр ордонд орж оройд нь тухалчихаад, одоо болохоор бусдынхаа үг хэлэх эрхийг боомилж байгаа нь тэгээд ариун явдал уу?

Ц.Жаргалсайхан, А.Дөлгөөн нар талбай орж Одбаяр, Монголхүү хоёрыг суллахыг шаардан жагсаад гэртээ харьжээ. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ л эдэлсэн хэрэг. Маргааш өглөө нь тэднийг гэрээсээ гарч ирэхэд орцных нь үүдэнд отож байсан цагдаа нар баривчилсан байна. Баривчлаад зогсохгүй машиныг нь нэгжиж, улмаар гэрт нь үзлэг хийхийг завджээ.

Жаргалсайхан, Дөлгөөн нартай зэрэг шахам орцноосоо гарч явсан ахимаг насны иргэнийг мөн баривчилсан бөгөөд гартаа ” Хэнтий явна” гэсэн бичиг эвхэж барьсан байсныг нь уриа лоозон гэж андуурсан аж.

За арай ийм дарамттай байж болохгүй ээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр нь ялангуяа залуу үеийнхнийг боомилж, боолтой харьцаж байгаа юм шиг гав ташууртаа тулж болохгүй. Ямар улс оронд амьдарч үлдэхээ энэ залуус өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.

21 настай залуус жагсаалд оролцох нь өөрсдийн үүрэг гэж үзэж байгаа бол харин ч нийгмийн идэвхтэй байгаагийнх нь төлөө баярлах хэрэгтэй. Тэд хувиа хичээсэнгүй, хулгай хийсэнгүй, худлаа хэлсэнгүй. Зүгээр л жагсаалд оролцсон, үгээ хэлсэн, үүгээрээ үзэл бодлоо илэрхийлсэн. Өөр гэм үгүй, гэсгээл үгүй.

Нямбаатар, Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын залуус энэ улс орныг дарангуйллын тогтолцоо руу татаж оруулах гэж байгаа бол хэдэн мянган Жаргалсайхан, Дөлгөөн, Одбаяр, Монголхүү нартай нүүр тулах хэрэгтэй болно шүү. Гаднын улс оронд жагсаал болж л байдаг, иргэд нь үгээ хэлээд лоозонгоо эвхэж бариад харьцгааж л байдаг. Гэтэл харин Монголд хамгийн залуу эрх баригчдын үед хамгийн дарамттай нийгэм бүрэлдэн тогтож байна. Ямар их айж, яасан их чичирч байна аа, үүний цаана ямар ашиг сонирхол байна аа?

Иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бүтэн сар ноцолдлоо, өмгөөлсөн өмгөөлөгчид нь хүртэл хэрэг үүсгэж байна. Өөр хийх ажил энэ төрд, энэ улс оронд алга уу?

Гэнэт нэг л өглөө хаанаас санхүүжүүлсэн нь тодорхойгүй цоо шинэ шорон бариулчихсан, баахан хүн баривчлаад, зөндөө зурагчин авааччихсан төрийн дайсантай тэмцэж байна гээд хэдэн өдөр сурталчлаад зогсож байх вий дээ, Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр. Тэгснээ хандиваар шорон бариулчихлаа гэвэл мөн хэцүүдэв ээ…хэн нэгний үр хүүхэд хэзээ нэгэн өдөр гэрийнхээ гаднаас, үүднээсээ, орцноосоо баривчлагддаг болж байгаа юм байна.

Бичиг цаас ч хэд нугалж бариад гудамжинд тааваараа алхаж болохгүй болтлоо ардчилал хумигдаж, агаар бачимдаж, амьсгал давчдах цаг ирдэг л юм байна. Инээх ч юм биш дээ, ингэсхийж байгаад л халтирна, иргэдээ цагдаж хянадаг хаалттай тогтолцоо руу гулсана шүү дээ. Тэгээд араас нүсэр хүнд төмөр хаалга тасхийн хаагдахад хөмөрсөн тогооны доторх хөх Монгол шар нар бор хоногийг арай ядан өнгөрөөхдөө тулна даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *