Ж.Мөнхбатын гэргий Ө.ТАМИР: Хатуу, ширүүн үгтэй ч миний хань хүний хайлан, хүн чанарын дээд байсан даа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар дурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэргий, Япон Улсын сумогийн их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын ээж Өлзий-Утасын Тамирын ярилцлага ergelt.mn сайтад нийтлэгдсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. Ж.Мөнхбат аварга тэнгэрт дэвшээд гурван хавар болжээ. Саяхан М.Даваажаргал

“Асгартал уйлж чадалгүй гурван хавар

Ардын наадам хамт үзэлгүй гурван зун

Айраг хуваагаад уулгүй гурван намар

Амар мэндийн битүүнд уулзалгүй гурван өвөл

“Аав аа” гэж дуудаад ярилцах хүнгүй гурван жил

Алсран оджээ

Амиа үрж дуустлаа таныгаа дуудан дурсана аа, ААВ АА” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байв. Харин Ө.Тамир гуай “Нэгэн биеийн минь тал болсон ханийгаа бурхан болсноос хойш хэцүү он цагийг үдэж байна. Зовлон жаргалыг хамтдаа туулсаар амьдралынхаа 50 гаруй жилийг түүнтэйгээ өнгөрүүлсэн байдаг. Би азтай эмэгтэй, энэ насныхаа амьдралыг тийм сайн хүнтэй, хамгийн аз жаргалтайгаар өнгөрүүлсэн” хэмээн ярьсан юм.

-Сайхан хаваржиж байна уу, та. Хоёулаа яриагаа таны Архангайгаас Улаанбаатарт ирж байсан тухайгаас эхлэх үү.

Ирж яваа цаг болохоор таныг нутгийнхаа тухай дурсах байх гэж бодлоо?-Арын сайхан хангай бол миний төрсөн нутаг. Би Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Тамирын голын хөвөөнд Өлзий-Утасын ууган охин болж, 1948 онд мэндэлж байлаа. Намайг гурван настай байхад манайх Улаанбаатарт нүүж ирсэн юм. Би дөрвөн эмэгтэй дүүтэй. Аав маань аймгийнхаа намын хороонд, сүүлд Баянхонгор, эргээд Архангай аймагт ажиллаж байгаад хотод орж ирэн Сэлбэ амралтын газрын дарга болсон.

Би 1954 онд III сургуульд элсэж, 1964 онд II сургуулийг төгссөн. Тухайн үед бид дээд сургуульд орох гэж шалгалт өгдөггүй байсан. Дээд сургуулийн багш нар сургууль дээр ирж, хүүхдүүдийн дүнтэй танилцаж, сонгож авдаг байлаа.

-Таны удам, судар их сонирхолтой юм билээ. Таны өвөг эцэг барилддаг хүн байсан. Аав тань Монголын нэрт эрдэмтэн Б.Ширэндэвтэй найз байсан гэх түүхийг сонссон юм байна?-Тийм ээ, баялаг түүхтэй удам судартай хүний үр сад болж төрсөндөө бахархаж явдаг. Миний өвөөг Өлзийтийн Дэнзэн гэдэг. Хөгшин ээж Шагдарсүрэн Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Ханхөгшнийхөн гэдэг байсан.

Миний хөгшин ээж Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн ганц охин гэдэг. Миний өвөө бяр чадал ихтэй, сайхан барилддаг хүн байсан юм билээ. Их Монгол Шаравжамц, Мээтэн Аюур арслантай барилдаж явсан. Түүхэнд “майга”, “бөх”, “баян” Дэнзэн гэсэн алдар гуншинтайгаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг даа. Нэг сонин түүх ярихад, урт гарт хэмээх Маамын Лхагва арслан өвөөгийн зодог, шуудгийг өмсөн улсын наадамд түрүүлсэн байдаг.Харин аавыг минь Өлзий-Утас гэдэг.

Архангай аймгийнх. Миний аав таны нэрлээд байгаа нэрт эрдэмтэн Базарын Ширэндэв гуай хоёр Архангай аймгаас ачааны машин дээр хамтдаа явсаар анх удаа хотод орж, ирсэн байгаа юм. Одоогийн Сүхбаатарын талбайн урд хуучнаар Ленин клубын тэнд буучихаад алхаж явахдаа шонгийн модны гэрэл хараад их гайхаж байсан талаараа их ярьдаг байлаа.

-Та Анагаах ухааны их сургууль төгссөн юм билээ. Ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?

-Би Анагаах ухааны их сургуулиа төгссөн жилээ том хүүгээ төрүүлсэн. Түүнээс хойш хүүхдээ харж байтал нэг өдөр “Ө.Тамир гэж танхай хүүхэн сургууль төгсчихөөд ажил хийхгүй байна” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас дуудав. Айгаад яваад очтол Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмчээр томилсон байлаа. Монголын анхны зүрх судасны мэс заслын эмч нарын дагалдангаар таван жил ажилласан даа. Зүрхний мэс засал ид хөгжиж байсан үед ажиллаж байлаа.

Хожим хөдөлмөрийн баатар болсон, Төрийн шагнал хүртсэн Р.Пүрэв гуай, академич Т.Шагдарсүрэн, Ц.Бундан, С.Загдаа, Ё.Бодьхүү, Ж.Моондой нартай хамт ажиллаж, Ж.Хайрулла багштай хамт хагалгаанд орж, алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсандаа бахархаж явдаг.

-Мөөеө аваргатай хэрхэн танилцаж байв. Таны хань тантай танилцах үедээ аварга болчихсон, тухайн үеийнхээ од байсан байх. Харин та Анагаахын оюутан байсан. Аваргыг араасаа нэлээд гүйлгэж байсан гэдэг байх шүү?

-Манай аавын эгчийнх Тэрэлжийн амралтын газарт ажилладаг байлаа. Сүү, цагаан идээ боловсруулах ажил хийдэг байсан. Би авга эгчийндээ нэг удаа очсон юм. Тэр үеэр бөхчүүд Тэрэлжид бэлтгэл хийж таарсан. Ханьтайгаа тэнд анх таарч, хэдэн үг сольж байлаа. Миний хань залуудаа буржгар хар үстэй, давхраатай алаг нүдтэй, цагаан царайтай сайхан залуу байсан.

Тэнд байгаа амрагчид Мөнхбатын тухай их ярина. Би бөх сонирхоод байдаггүй болохоор “Мөнхбат яагаад ганцаараа түрүүлээд байдаг юм бол” гэж бодоод л өнгөрдөг байлаа. Ингээд Тэрэлжээс ирээд сураг тасарчихсан. Үүнээс хойш Улсын нэгдүгээр эмнэлэг дээр хичээл хийхээр явж байхад Мөнхбаттай таарна. Манай хүн ч танимхайрч мэнд ус мэддэг юм.

Одоогийн МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр, Математик менежментийн сургууль чинь манай АУДС-ийн хичээлийн байр байсан. Ангийнхантайгаа Спортын төв ордны урдуур нэг удаа алхаж явтал Мөнхбаттай тааралдтал нөгөөх чинь хүрч ирээд “Уулзъя” гэж байна. Би ичээд гүйчихсэн. Яагаад ч юм уулзмааргүй санагдаад, ангийнхнаасаа ичээд байлаа.

Манай ангид хожим улсын начин болсон Өвөрхангайн С.Чулуунбаатар гэдэг бөх сонирхдог, барилддаг хүүхэд суралцаж байсан. Нэг өдөр Чулуунбаатар “Семинарын дэвтрээ өгөөч” гээд манай гэрт хүрээд ирлээ. “Орооч” гэтэл аав, ээжээс айгаад ордоггүй.

Гараад уулзтал Мөнхбат зогсож байдаг байгаа. С.Чулуунбаатар начингаар дамжуулж надтай уулзахаар ирсэн юм билээ. С.Чулуунбаатар ч “Залуу улсад ярих юм байгаа байлгүй” гээд яваад өгсөн. Сүүлд С.Чулуунбаатар “Би Мөөеөд Ө.Тамирыг олж өгсөн, шагналаа авна” гээд өвгөнийг минь цаашлуулна. Би “Яах гэж гэр орон зааж өгсөн юм” гээд л инээлддэг байсан. Хөөрхий минь, залуугаараа бурхан болчихсон доо.

Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суусан хоёрдоо, бид.

-Аваргыг аав, ээжтэйгээ хэрхэн танилцуулж байсан дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би дөрвөн охин дүүтэй болохоор манайхан эрэгтэй хүнд тийм дасамгай биш. Анх манайд ирэхэд нь аав ээж хоёр нээх онц зүйл яриагүй санагдана. Манай гэрийг мэддэг болчихоод шууд манайхаар ирдэг болчихсон юм. Тэгээд амьдралынхаа талаар өрөвдмөөр юм их ярьдаг байсан. Өөрөө айлын арав дахь хүүхэд нь. Дөнгөж зургаан сартай байхад нь ээжийнхээ ах Жигжидийнд өргүүлсэн юм билээ.

Аав Чанцал, ээж Хажид хоёр нь 11 хүүхэд гаргасан. Айлд өргөгдөөд 13 настайд нь ээж нь нас барсан гэдэг. Жигжид аав нь 20 гаруй настай байхад нь бурхан болсон юм. Манай хүн хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Морь бахардаж унатал давхихаар нь нутгийн хүмүүс “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэдэг байсан гэдэг. Хаашаа л явна морины хар гүйхээр тоос татуулаад давхичихдаг байснаа ярьдаг байлаа.

Санхүүгийн техникумд сурч байхдаа мориор хичээлдээ ирдэг байсан юм билээ. Хотод хонох, очих айл байхгүй аавтайгаа хоёулаа Тасганы овооны энгэрт хонодог байсан талаараа дурсан ярьдаг сан. Тэгээд бөхөд хайртай, сайн улсын хүчинд Санхүүгийн техникумаа төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн байгаа юм.Олимпод явахад нь манай аав, ээж хоёр “Улсаа төлөөлж, их үйлсийн төлөө явж байхад нь сэтгэл санааг нь дэмжих хэрэгтэй” гээд манай хамаатан садангууд баяр ёслолын байдалтай үдэж байлаа.

Тэмцээнд явсан хойгуур нь фенүүд нь манайхаар ирээд хүрэл, мөнгөн медаль хэрхэн авсан тухай нь ярина. Тэгээд угтаж авах болоход гэрийнхэн намайг “Хамт явах уу” гэхээр нь би “Үгүй” гээд сангийн аж ахуйн үдэшлэгт явчихсан хүн дээ. Орой нь гэртээ ирсэн чинь Мөнхбат медаль аваад ирчихсэн сууж байсан. Манайханы ах, дүү аав, ээж Мөнхбатад их сайн байсан.

Залуу байхад зарим найз “Эмч хүнд халамжтай нөхөр хэрэгтэй. Гэрийн бараа харахгүй ийм хүнтэй сууж болохгүй” гэдэг байлаа. Миний хань харин ч эсрэгээрээ гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог байсан хүн дээ.

-Та хоёр хуримаа хэрхэн хийж байв. Сүүлд бага хүү тань та хоёрын алтан хуримыг хийж өгч байсан шүү дээ?

-Бид анх хурим найр гэж сүйд бололгүй нэг гэрт орсон. Харин хүү минь бидний алтан хуримыг АНУ-ын Хавай аралд хийж өгч байлаа. Тэнд Даваажаргал хүүгийн маань фен клубийн америк, япон хүмүүс сайхан хүлээж авсан. Хүлээн авалт сайхан болж ах дүүс, үр хүүхдүүд маань баяр хөөртэй амьдралын минь бас нэгэн аз жаргалтай мөчүүдийг хуваалцан сайхан дурсамж үлдсэн дээ.

-Хүүхдүүдийнхээ тухай ярьж болох уу?

-Ууган хүү М.Батхуяг маань Цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд офицер байж байгаад аавынхаа сургуульд жүдо, самбогоор багшилсан. Удаах охин М.Батцэрэн БНСУ-д сургууль төгсөж ирээд, “Тоёота Мөнххада” ХХК-ийг хариуцаж, ажиллаж байгаа. Харин М.Батгэрэл гээд охиноо Англид таван жил амьдарч байхад нь бид “Даваажаргал дүүдээ тусла” гээд Япон Улс руу хань болгон явуулсан. Бага охин М.Баасанжаргал маань “Мөнххада” ХХК-д ажиллаж байна.

Бага хүү М.Даваажаргалыг маань хүмүүс андахгүй байх аа. Хүү минь болж л өгвөл хүнд тусалчих юм сан гэж явна. Монголын сумочид төдийгүй япончууд “М.Даваажаргал уулзсан хүнийхээ сэтгэлийг сэргээдэг, үргэлж тусалж, дэмждэг” гэж ярьдаг юм билээ. Энэ нь аавынх нь дотоод зангийн илрэл юм болов уу гэж бодогддог.

-Таны хань таныхаар ямар зан араншинтай хүн байв. Хүмүүс бол “Аархуу, омогтой Мөөеө аварга” гэдгээр нь илүүтэй ярьж, дурсдаг?

-Ж.Мөнхбатын занг мэдэхгүй хүмүүс ам хэл нь айхтар гэж их ярна. Өөрөө ч ихэнхдээ тийм зантай хүн юм шиг л ойлголт төрүүлдэг байлаа. Яг үнэндээ миний хань маш өрөвч, зөөлөн хүн. Багадаа өргөж авсан ижий, ааваа алдаж, амьдралын хүнд үеийг биеэрээ туулсан болохоор хүнд сайхан сэтгэлээр л ханддаг байсан.. “Олны хүч оломгүй далай” гэдэг үгийг хань минь дэндүү сайн мэддэг байсан хүн дээ.

-Мөөеө аваргын үг бүр нь хүнийг “чимхэж”, егөөдөж байдаг. Тийм хүнтэй хамт амьдрах ямархуу санагддаг байв?

-Гаднаа гал, ус шиг ширүүн дориун, сүртэй. Давс шиг шорвог, чулуу шиг хатуу үгтэй боловч үнэндээ хүний хайлан, хүн чанарын дээд байсан юм. Хэлэх үгээ хэнд ч хэлчихдэг. Шударга үнэний төлөө тууштай тэмцэж чаддаг чанартай. Өөрийнхөө чадах зүйлийг ам бардам, өөртөө итгэлтэй гэгч нь хэлнэ, хэлсэн амандаа хүрч чаддаг тийм л эр хүн байлаа. Тийм эр хүн маш ховор байдаг гэж боддог.

Тэрхүү ховор хүн нь хань минь байлаа. Заримдаа ч олны өмнө, хүмүүсийн хажууд хэлж байгаа үгийг нь сонсох хэцүү санагддаг л байсан, нүүр улайгаад, санаа зовоод явчихна. Гэхдээ утгыг нь сайн ойлгох юм бол Ж.Мөнхбатын зөв байдаг байлаа.

-Ханийгаа зүлэг ногоон дэвжээн дээр олныг баясуулан барилдахыг, цолоо дуудуулахыг харж, сонсох сайхан биз?

-Залуу байхад сайн ойлгодоггүй байж дээ. Одоо бодох нээ ханийхаа цолыг сонсох сайхан байна. Телевизороор барилдаж байгаа үеийн бичлэг, нэвтрүүлэг гарвал их үздэг болсон. Тэгээд л өнгөрсөн янз бүрийн дурсамжаа санаж, бодож суудаг болж дээ.

1974 онд зургаа дахь удаагаа түрүүллээ, хань минь. Наадмын өмнө Сэлбийн амралтанд Д.Дамдин, С.Цэрэн аваргуудтай бэлтгэлд гарсан байсан. Би Баянцогтоос хоёр, гурван хонь аваад ирчихсэн. Ж.Мөнхбатыг авах гээд очтол буцах жаахан дургүй байна. Би уг нь шинэ шөл уулгах санаатай. “Чи ямар сонин хүн бэ.

Би чамайг авах гээд ирж байхад чинь, явъя” гэсээр авч яваад яваад наадмын бэлтгэлийн ядаргааг нь тайлж, сайхан шөл уулгасан санагддаг. Өөрөө ч “Их сайхан амарч хонолоо” гэж ярьж билээ. Тэгээд тэр наадмаар түрүүлсэн. Би ч дотроо үүргээ биелүүлсэн хүн шиг баяртай байсан даа. Одоо бодохоор наадамд түрүүлэх нь чухал бус, ханийгаа сайхан амрааж, сайхан шинэ шөл уулгасандаа сэтгэл уясдаг даа.

Миний хань наадмын өглөө эртээ гэгч босоод яваад өгнө. Өдөр завсарлагаанаар гэртээ ирж, аяганы дундуур бор шөл хийлгэж уугаад, 30 минут нам унтаж, амардаг. Тэгээд буцаад наадам руугаа явна. Сүүлдээ би шөлийг нь аваачиж өгдөг болсон. Шөлөө бариад орох гээр хамгаалалтад гарсан цагдаа нар бороохойдчих гээд хаалга руу ойртуулахгүй. Гэхдээ үүдээр нь байгаа хүмүүс, бөхчүүд “Аваргын эхнэр байна.

Оруул, оруул” гэхээр хамгаалалтад гарч байгаа цагдаа нар оруулна. Тэгээд шөлийг нь уулгаж, хоосон суудал байвал барилдаан үздэг байсан.

Ж.Мөнхбат олгой авахуулах хагалгаанд орчихоод эмнэлгээс гарсан, Д.Хадбаатар ч хэцүү нэртийнхээс суллагдаж таарсан нэг жилийн наадмын хоёр, гурав өдөр хамаатнууд, бөхчүүд, Төв аймгийнхан гээд олон хүн хэдэн гэр дамжин бужигнаж, инээд наргиан болсон сайхан наадам болж билээ. Тэр үед миний хань их жаргалтай инээгээд л суугаад байсан нь санаанд тодхон үлджээ.

Хань минь олон удаа бэртэж, гэмтэж байсан. Би өвгөнийгөө хар, цагаан хэл аманд эрт өртсөн гэж боддог. Тиймдээ ч наснаасаа эрт бурхан болсон байх. Хар, цагаан хэл ам хүрсэн болоод л байсхийгээд бэртэнэ, “Аваргадаа үнсүүлье” гээд очсон хүнийг “Хуц” гэж хэлнэ. Түүнээс миний өвгөн чинь хүнийг тэгж хэлье гэж хэлэхгүй, өрөвч, цагаан сэтгэлтэй хүн байсан юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *