Л.Энх-Амгалан: Багш нарын суурь цалинг багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломжтой.

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан 2022 оны боловсролын салбарын төсвийн талаарх мэдээлэлдээ багш нарын цалин урамшууллын системд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярилаа.

Тэрээр “Гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ. Боловсролын салбарын санхүүжилт суурь санхүүжилт буюу цэцэрлэг сургуулийн дулаан, цахилгаан, барилгын урсгал зардал байдаг ба мөн нэг хүүхдийг сургах хувьсах зардлаас эх үүсвэрээ авдаг.

Цаашдаа бид дээрх дээр нэмээд үр дүнд суурилсан урамшуулал гэсэн шинэ тогтолцоог нэмж гурван эх үүсвэрээр цэцэрлэг, сургуулийг санхүүжүүлнэ.

Монгол Улсад байгаа нэг хүүхдийн хувьсах зардлын тогтолцоог тухайн сургуулийн байршил, хэв шинж, ахиц амжилттай уяж санхүүжүүлэх шаардлагатай. Нэг хүүхдийн хамгийн өндөр хувьсах зардал авч байгаа нь Говь-Алтай, Дорноговь, Булган зэрэг аймгууд байгаа ба сурлагын амжилттай холбож үзэхэд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна.

Тиймээс бид хувьсах зардлыг өөрчилснөөр яг хүүхдэдээ, багшдаа, сургуульдаа хүрэх боломж бүрдэж байж боловсролын салбарын чанарын үнэлгээг шинэ шатанд гаргах болно.

Ер нь сургуулиудыг хооронд нь, багш нарыг хооронд нь, сурагчдыг нөгөөтэй нь өрсөлдүүлэхгүй. Харин өнгөрсөн онтой харьцуулахад ямар ахиц дэвшил гарсныг нь харгалзан үр дүнд суурилсан санхүүжилтийг хийнэ.

Хувьсах зардлын аргачлалаа шинэчилснээр багш нарын цалин хөлс дунд болон урт хугацаанд бодитойгоор үнэлэгдэх, тэдний халааснаас үргэлж гардаг сургалтын материал, цаас, интернет, комьютерийн элэгдлийн зардлууд нь эндээсээ тооцогддог байх шинэчлэлтийг хийнэ. Багш нарын суурь цалинг дунд болон урт хугацаанд нэмэгдүүлэх асуудлыг өндөр түвшинд ярьж байж боловсролын чанарыг асуудлыг шаардана.

Тиймээс ирэх оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачлалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Багшийн суурь цалин өндөр болж байж, түүнээс бодогддог нэмэгдлүүд нь өндөр болох юм. Бид дунд болон урт хугацаанд энэ зорилгыг тавьж байна.

Жишээ нь, багш нарын цалингийн эх үүсвэр нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал дээр суурилдаг учир үүний аргачлалыг өөрчлөх, тэдний суурь цалинг өндөр болгох юм. Суурь цалин өндөр болж байж л түүн дээрээс бодогддог нэмэгдэл, урамшуулал илүү хувиар тооцогдох учраас энэ зорилгыг дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Багш нар орлого, үр дүн, ур чадварын зэрэг урамшуулал авдаг. Эдгээр урамшууллыг олгодог тогтолцоо нь шударга бус. Багш нар үр дүнгийн, ур чадварын урамшууллаа цалингийнхаа нэг хэсэг гээд олон жил буруу ойлгож, хүлээлт үүссэн. Мэдээж багшийн гүйцэтгэлийн үр дүнтэй уяна.

Тиймээс орлого, үр дүнгийн урамшууллыг суурь цалинтай нь уялдуулснаар багш нарын цалинг хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэх, төрийн албан хаагчдын дундаж цалин буюу 1,2-1,3 сая төгрөгийн түвшинд хүргэх боломжтой гэж харж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *