АНХААР! Цэнхэр, ягаан тасалбартай иргэдийн 8 тэрбум төгрөг хуримтлагдаад байна.

Цэнхэр тасалбартай эсэхээ цахимаар шалгах боломжтой. 1991-1994 оны их хувьчлалаар 407 улсын их үйлдвэр хувьчлагдаж иргэдэд цэнхэр, ягаан тасалбар олгосон байдаг. Үүний дараа зарим хувьцаат компаниуд ашигтай ажиллаад иргэддээ ногдол ашиг тараасан байдаг.

Мөн татан буугдсан бол ногдол ашиг тараасан байдаг. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс хийсэн судалгаагаар ногдол ашиг авсан гэдгээ мэдэхгүй 236 мянган иргэд байгаа юм. 1991 оны хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа зарим иргэн гээгдүүлсэн, аль эсвэл ямар хувьцаа авснаа санахгүй байх тохиолдол элбэг байдаг.

Тиймээс иргэд цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг ихээр зорих болжээ.Учир нь хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж иргэдийн сонирхлыг татах болсонтой холбоотой. 1991-1994 оны хувьчлалын үеэр тухайн өрхийн тэргүүн, эхнэр болон хүүхдээ өөрийн нэрийн дор хамтран эзэмшигчээр бичүүлэн, данс нээлгүүлсэн тохиолдол элбэг байдаг байна.

Тиймээс иргэд тухайн үед ямар нэгэн хувьцаа авсан байж магадгүй гэж бодож байгаа бол интернетээр шалгах боломжтой. Жишээ нь, та интернетээр данстай эсэхээ шалгахаар бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт руу нь орно. Сайтын доод хэсэгт нь Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ, төвлөрсөн хадгаламжинд данстай эсэхээ мэдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу гэсэн цэс гарч ирнэ.

Ингээд “Регистр” гэсэн цэсийг сонгоод регистрийнхээ дугаарыг оруулж, данстай эсэхээ мэдэж авах боломжтой. Регистрийнхээ дугаарыг оруулснаар гарч ирэх мэдээлэл нь “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн аль эсвэл /нээлгээгүй/ байна.

Та дараах брокер, диллерийн компанид очиж үйлчлүүлнэ үү” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Данстай гэж гарч ирвэл өмч хувьчлалын үед олгосон цэнхэр, ягаан тасалбар байх магадлалтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв данстай бол тус хэсэгт тухайн брокерын компанийн нэр, хаяг, холбоо барих утас гарч ирнэ. Мөн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бичиг баримттайгаа очиж шүүлгүүлж болох юм байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаагийн хэлснээр цэнхэр тасалбартай иргэд их байдаг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *