“Лантуун дохио ТББ”-ын тэргүүн Ч.Ганжавхлан хоёр ихэр хүүхэд өлгийдөн авлаа.

“Лантуун дохио ТББ”-ын тэргүүн Ч.Ганжавхлангых өчигдөр хоёр ихэр хүүхэд өлгийдөн авлаа.

“Энэ өдөр бид 2550г, 2350г ихэр хоёр хүүтэй болж, хайрт минь ямар ч хүндрэлгүй дэндүү мундаг амаржин, 33 насандаа 3 хүүгийн аав болов. Амьдрал бол бэлэг юм, хичээж амьдрах болно оо. Аз жаргал хүсье! Алтан гартай эмч нардаа мөргөе ! 3 хүүгийн ээж үнэхээр мундаг байсан чамдаа баярлалаа, хайртай шүү” хэмээжээ

Чадраабалын Ганжавхлан гэж хэн бэ?

Түүнийг олон нийт “Лантуун дохио” ТББ, “Jack’s coffee”, “Ид шидийн орон”-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэднэ. Нийгэмд гэрэл түгээж, эерэг хандлага бий болгохыг зорьж яваа “зөв” залуусийн нэг.

Ганжавхлан гэдэг асар сонирхолтой ертөнц. Тэр багаасаа л есөн шидийн ажил хийж, өөрийгөө төрөл бүрээр туршжээ. 10 жилийн ширээнээс Солонгост оюутан болж, 2 жил сурч ирээд жуулчны компанид хөтөч хийж, гадаад хэлний сургалтын төв байгуулж, хувь хүний хөгжлийн багш хүртэл хийж явжээ.

Ингээд сурах аяллаа 2007-2012 онд Хятад, АНУ-д үргэлжлүүлж, энэ хооронд Бээжин дэх МОХ-ын сургалтын албаны даргаар хүртэл ажиллаж байж. Өөрийнх нь үгийг зээлдвэл, энэ хооронд JackTour нэртэй “ойлгомжгүй” зүйлийг эхлүүлэн Хятад, Америкийн олон хотоор аялж, адал явдал өрнүүлэн, 2012 онд “Зөвхөн Монголдоо” гэж хашхирсаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.

Монгол ирээд төрийн албанд орж, өөрийн кофе шопыг дошин дээрээ буюу Саппород нээж, МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчийн хувиар 21 аймгаа тойрчээ.

Ирээд удаагүй байхдаа санаандгүй байдлаар хүний наймааны асуудал хурцадсаныг ойлгож, “Лантуун Дохио” ТББ-аа байгуулан ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм.

2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, “Хамтын халуун сэтгэл”, “Bright Mongolia”, “Кофе Монголиа”, “Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг олон сайхан байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан нь өдгөө “ойлгомжтой” байдлаар өргөжиж, 700-800 орчим залуусыг хамраад байна.

Энэ 5 сарын 10-нд 33 нас хүрч байгаа юм байна. Тэрээр хоёр жил өөртэйгөө тэрсэлдэж байж нэг ном бичсэн байна. Гялгарт шунаж хийсвэрт тэмүүлэх уралдааны замаас гараад алхвал модтой устай тэр бүү хэл амтат жимстэй уулын сайхан жим бий. Чөтгөр гээчтэй жинхэнэ нүүр тулвал дүрс чинь харагдаж ч магад…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *