Г.Ёндон: Ган боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтосүрэн: Төмрийн болон зэс хайлуулах үйлдвэр барина гэж байнга ярьж байгаа. 2022 онд энэ хоёр үйлдвэрийг барих чиглэлд ямар зорилт тавьж байна вэ. Энэ ажлыг шуурхайлах шаардлагатай байна. Ирэх 10 жилд зэсийн хэрэглээ огцом нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Гэтэл бид зэсээ түүхийгээр нь гаргаад байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Уул уурхайн салбар хайгуул, олборлолт дээр дараагийн гурван циклийг нэмэх бодлого баримталж байгаа. Тэр нь юу гэхээр олборлосон зүйлээ боловсруулна, боловсруулнаа борлуулна, хуваарилна.

Газрын тос, нүүрс, зэсийн баяжмал, гангийн үйлдвэрлэл гэсэн экспортод гаргадаг дөрвөн чиглэлд боловсруулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингээн, ажлын байр болон төсөвт төвлөрүүлдэг хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн тухайд Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн тавдугаар сард олгосон. Үйлдвэр технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр баригдана. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь 99.99%-ийн агуулгатай 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Исэлдсэн хүдрээс уусган баяжуулах технологиор 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх боломжтой. 2022 онд аль алийнх нь ажил эхлэх ёстой.

Ган боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан. Сая есдүгээр сарын сүүлчээр гангийн үйлдвэрийн шинэчилсэн ТЭЗҮ батлагдсан. Энэ онд багтаан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Үүний зэрэгцээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд гангийн үйлдвэрийн суурь тавигдсан байгаа. Мөн нойтон баяжуулах үйлдвэр баригдсан. Тус үйлдвэрт “Болд төмөр Ерөө гол” -оос тээвэрлэж аваачсан хүдрийг боловсруулдаг.

Дорноговь аймагт нэг сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн суурь тавигдаж байгаа. Мөн Дарханд 375 тонн хар төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *