Х.Булгантуяа: Гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь л үүсэж байна гэсэн үг.

“Хуулийн төсөлд цэг, таслал ч нэмж хасаагүй” УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Олон нийтээс ирж байгаа асуулттай холбоотойгоор бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж өөрсдийгөө дүгнэж байна.

Гадаадын иргэн Монгол Улсад $500 мянга, $1 саяын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнга оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харьяатын газар хуулийн дагуу шийддэг. Хуулиар манайд виз мэдүүлсэн гадаадын иргэнд хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Яагаад зөвшөөрөөгүйгээ тайлбарлах албагүй. Тэр ч байтугай виз олголоо гэхэд хилээр оруулахгүй байх эрхтэй.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар дипломат байгууллагаас өөр байдлаар Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын нийт иргэний тоо манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэний тоо Монгол Улсын нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Монгол Улс энэ тоог баримталж байгаа.

Хуулийн төсөлд хэдий хөрөнгө оруулсан ч бай Үндэсний хөгжлийн газраас нотлох баримтаа авч, ГИХГ-т байнгын оршин суух зөвшөөрөл авахаар хандана. Ингээд холбогдох хуулийн дагуу ГИХГ зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь үүснэ гэсэн үг.

Хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан. Ингэхэд дэмжсэн. Гэхдээ одоогийн хууль дахь 100 мянган ам.долларын босго нь яг гадаадын эх үүсвэрээс орж ирсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, 100 мянган ам.доллар түр дансанд байршуулж, түр оршин суух зөвшөөрөл авмагцаа тэр мөнгөө буцаагаад авч байна эсвэл хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн. Тиймээс бид дор хаяж хоёр ажлын байр бий болгосон, санхүүгийн тайлан өгдөг, үйл ажиллагаа явуулдаг бизнес байх ёстой гэдэг шаардлага оруулж ирсэн.

Монгол Улсын иргэншил, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой маш нарийн хуулийн зохицуулалт байдаг. Иргэншлийн асуудлыг гэхэд зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

Гадаадын хөрөнгө оруулалт гацаад байгаагийн шалтгаан нь энэ хууль юм уу гэж асууж магадгүй. Энэ хууль бол зөвхөн нэг нь. Хөрөнгө оруулалагчид энэ хуулийг хараад надад ээлтэй байна уу үгүй гэдгийг нь хардаг юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *