Г.Алтантүрүү олноос нуудаг том охиноо ил гаргалаа.

25 дугаар телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг нэг хэсэг үзэгч бидний үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг байсан билээ. Тухайн үед хөтлөгч Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтөлж үзэгдчийн хайртай сэтгүүлчдийн нэг болсон. Харин тэрээр бренд нэвтрүүлгээ орхин нам гүм амьдарлыг сонгох болсон.

Харин Г.Алтантүрүүгийн хувьд олноос нуудаг охин байдаг бөгөөд охиныхоо зургийг хэр барагтаа олонд дэлэгдэггүй тэрээр өнөөдөр өөрийн том охиныхоо зургийг цахим хуудаснаа хийжээ. Тэрбээр “Охин минь, аниа минь, айхтар амьдрал минь. Аав нь чиний чөлөө” гэжээ.

Түүний гэргийг Оюунгэрэл гэдэг бөгөөд фм 101,7-д хөтлөгч, редактор хийдэг, мөн хажуугаар нь шоу бизнест хүч үздэг сэргэлэн бүсгүй аж. Хосууд дундаасаа 3 хүүхдийн ээж, аав болжээ.

2007 онд бага хүүгээ төрүүлэх үед Г.Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгээ хийхээр одоогийн УИХ-ын гишүүн, “Сөүл группын захирал хатагтай Д.Өнөрболдынд хонож байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Аз жаргалтай гэр бүлийн фото агшинг хүргэхийн сацуу 2009 онд өгч байсан нэгэн ярилцлагаг хүргэе.

-Нэг хэсэг дэлгэцээр үзэгчидтэй уулзаагүй. Тэр хугацаанд юу хийж байв?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас өөрийн хүсэлтээр “25-р суваг” телевизээс гарч хувийн студи байгуулсан. Энэ хугацаанд студийнхээ техник, бас боловсон хүчинд багагүй хугацаа зарцууллаа. Шинэ нэвтрүүлгээ хийх гэсэн боловч ерөнхийлөгчийн сонгууль таарч, энэ бохир цаг хугацааг өнгөрөөх шаардлагатай байсан. Телевизээс гарсан гэж харахаасаа илүү “25-р суваг” телевизээсээ гарсан гэж ойлгох нь зөв байх. Цаашдаа телевизэд нэвтрүүлгээ зарах маягаар ажлаа явуулах зорилготой байна. Өнгөрсөн хугацаанд “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар, Монголын ард түмний хайртай охин Б.Тунгалагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Зүүдний үргэлжлэл” киноны зөвлөхөөр ажиллалаа.

-Одоо юу хийхээр төлөвлөөд байна?

-”Би Монголиа” нэртэй студи байгуулсан. Илүү өргөн хүрээнд ажиллах сонирхлоор студиэ байгуулсан юм. Гэхдээ студи гэхээр клип реклам хийдэг газар гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Миний зорилго бол хэн нэгнээс хараат бус, асуудал хөндсөн сэтгүүл зүйн нэвтрүүлэг, баримтат кино хийх зорилготой.

-”Боловсрол” сувгаар чиний “Баггүй яриа” нэвтрүүлэг явагдаж эхэлсэн байсан. Гэхдээ “Танайд хоноё” шиг хүмүүсийн анхаарлыг татахгүй байх шиг санагдсан?

-”Боловсрол” телевизийн гүйцэтгэх захирал ЛХА.Ариунбат энэ нэвтрүүлэг дээр хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан. Эхний дугаарууд яахав, хэн хэнийх нь сэтгэлд хүрэхгүй байгаа. Гэхдээ бид сайжруулахаар ажиллаж байгаа. Одоогоор 2 дугаар л гараад байна шүү дээ. Хүн бүрт нүүрэндээ баг зүүгээд сэтгэл дотроо онгойтол ярих зүйл байдаг. Үүнийг л хөндөхийг хүссэн юм.

-Чиний ажлын гараа яах аргагүй “25-р суваг” телевизтэй холбоотой. Би буруу санаагүй бол анх “Амьдралаа гэж” гэдэг нэвтрүүлэг хөтөлж байсан санагддаг юм. Тэгээд “Танайд хоноё” нэвтрүүлгээр олонд танигдсан. Яагаад “25″ тв-гээ орхих болсон юм бэ?

-Хүн байгаа хүрээгээ өөрийнхөө хязгаар гэж харж болохгүй л дээ. Илүү өргөн хүрээнд өрсөлдье л гэж бодсон. Би “25- р суваг” телевизийн бүтээгдэхүүн. Гэхдээ энэ газартаа хайр зарлаад, нэг хэвэндээ байгаад байхыг хүсээгүй л дээ. Янз бүрээр л ярих юм. Сонгуулийн мөнгөнөөс болж муудалцсан ч гэх шиг. Архи уугаад ажил тасалсан болохоор халсан ч гэх шиг. “Танайд хоноё” нэвтрүүлэг сонгуулиар нэлээд хэдэн айлд захиалгаар очсон. Гэхдээ би нэг ч удаа нэр дэвшигчийг ямар мундаг хүн бэ та гэж магтаагүй, өөрийнх нь бэлдэж өгсөн асуултаас нь нэгийг ч асуугаагүй. Би байгаагаар нь л харуулсан. Үүний төлөө би сонгуулийн захиалгат нэвтрүүлгийн хөлс гэж нэг ч төгрөг аваагүй. Авах сонирхол ч байгаагүй. Бүх мөнгө нь “25-р суваг” телевизийн дансанд орсон. Хэн нэгний талын дуу хоолой болж өөрийгөө худалдаж болохгүйг “25-р суваг” телевиз, Хүмүүнлэгийн ухааны сургууль, эмээ өвөөгийн хүмүүжил надад сургасан. Архи уугаад ажил тасалдаг тийм амьдралд хайргүй хүн би биш л дээ.

-Нэг сонинд чи “Танайд хоноё” бол цэвэр миний санаа гэж ярьсан байсан. Нэвтрүүлгээ яагаад авч гараагүй юм бэ?

-Нэвтрүүлгээ орхисны хувьд миний хийж чадах нэвтрүүлгийн хязгаар нь “Танайд хоноё” биш шүү дээ. Илүү сайн нэвтрүүлэг хийхээр багаараа ажиллаж байна. Ямар нэгэн уран бүтээл хамтын бүтээл байдаг. Энэ нэвтрүүлэг бол “25-р суваг” телевизийн хамт олны бүтээл. Энэ нэвтрүүлэг телевиздээ үлдэх ёстой. Энэ бол сайн санаа, сэтгэл гаргаж хийсэн нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгээрээ би бахархдаг. Хийж чадсандаа, хүмүүсийн дуртай нэвтрүүлэг болгосондоо баярладаг.

-Одоо болтол үзэгчид “Танайд хоноё” нэвтрүүлгийг чамтай хамт харахыг хүссээр байгааг чи мэдэрдэг үү?

-Өдөр бүр мэдэрдэг. Айлын бага дүү нь ахыгаа аав ээждээ “Агаа тамхи татаад байна” гэж ховолж байгаа юм шиг тэр залуу болохгүй байна, чи өөрөө хийгээч ээ, хааччихсан юм бэ” гэж хүн бүр асуудаг. Гэхдээ удахгүй үзэгчидтэйгээ сайн нэвтрүүлгээр уулзах болноо.

Миний дуртай ажил, би телевизийн хүн. Би жүжигчин биш. Би сэтгүүлч мэргэжилтэй. Үүгээрээ талх олж идэх гэж энэ мэргэжлийг сонгосон. Би муу нэвтрүүлэг хийвэл үзэгчиддээ гологдож, муу талх иднэ. Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Би шударга хөдөлмөрөөр дуртай ажлаа хийгээд сайхан амьдрахыг хүсдэг түмний нэг шүү дээ.

-Чи одоо нэвтрүүлгээ үздэг үү?

-МУГЖ Б.Батзаяа, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийнд хонохыг нь харсан.

-Нэг л юм дутаад, амтгүй санагдаад байдаг?

-Хүн бүр мундаг төрдөггүй шүү дээ. Тэр залуу сайжрах байх аа. Бид дэмжих хэрэгтэй. Юм хийе гэснээ дэмжих хэрэгтэй. Муулах амархан шүү дээ.

-Чиний хувьд мөнгө хэр чухал зүйл вэ?

-Мөнгө бол хүний их олон мөрөөдлийг бүтээж өгч чадах хүчтэй зүйл. Гэхдээ мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл бас олон байдгийг өдөр ирэх тусам мэдэрч байна. Ажлын хөлсөө аваад мөнгө тоолоод суух бас л сайхан шүү. Гэхдээ мөнгөгүй байхад ирээд хоол ид гэж хэлдэг эмээгээ би жил жилийн цагаан сараар байлгахын тулд бүх хүний халаасан дахь мөнгө ч хүрэхгүй шүү дээ. Ямар кинон дээр билээ, “аргадаж болдоггүй хорвоо юм биз дээ” гэдэг шиг.

-Амьдралд мөнгө хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг мөнгөний төлөө хийх нь утгагүй биз дээ?

-Ямар ч хүн бүх зүйлийг мөнгөний төлөө хийдэггүй байх аа. Гэхдээ хэдэн бор төгрөгний үнэ хүрэхгүй ч хүмүүс байдаг шүү дээ. Хувь хүн өөрөө мөнгөнөөс үнэтэй байх хэрэгтэй гэж би боддог. Бид чинь лангуун дээр байдаг эд бараа биш шүү дээ. Би өөрт хэрэгтэй мөнгөө л олдог. Илүү шунадаггүй. Энэ их өрсөлдөөнд хүн чанараа гээчихгүй юмсан гэж бодож явдаг. Хэрвээ юм бүхнийг мөнгөний төлөө хийвэл би хамгийн аюултай алуурчин болно.

Чи ажил хийхдээ хэдэн хувийг нь мөнгөний төлөө, хэдэн хувийг нь сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хийдэг вэ?

-40 хувийг нь сэтгэл зүрхнээсээ, 20 хувийг нь мөнгөний төлөө, үлдсэн хувьд нь эерэг үр дүнгийн төлөө бодож ажлаа хийдэг.

-”Танайд хоноё” нэвтрүүлэг сүүл рүүгээ хэт мөнгөний нэвтрүүлэг болчих шиг санагдсан?

-”25-р суваг” телевиз бол арилжааны телевиз. Сонгуулийн сурталчилгаанаас хэн ч зугтаж чаддаггүй юм байна лээ. Гэхдээ би үзэгчдээс юу ч нуулгүй энэ бол сурталчилгаа шүү, гэхдээ хэр итгэл даах хүн бэ гэдгийг нь бодитойгоор харуулахыг зорьсон. Муу нуухаар сайн илчил гэдэг билүү.

-”Танайд хоноё” нэвтрүүлгийн хамгийн оргил нь мэдээж Тунгалаг бүсгүй. Тэр хүний тухай кино хийхэд чи оролцсон. Тэгээд үхсэн хүний нэр барьж бизнес хийлээ гэж шүүмжлүүлсэн. Ер нь тэр киног заавал хийх хэрэг байсан юм уу?

-Юм хийхгүй байх амархан шүү дээ. Тэр кинонд би зөвлөхөөр ажилласан. Би нэг ч төгрөг аваагүй. Өнөөдөр Тунгалаг шиг өвчин зовлонтой, нүдний гал нь цаг цагаар унтарч байгаа мянга мянган бүсгүйчүүд бий. Тэр бүсгүйчүүлд чам шиг нэгэн бүсгүй үхлийн өөдөөс ингэж сөрж зогсож байсан юм шүү гэдгийг л мэдрүүлэх үүднээс энэ киног хийсэн. Энэ бол олон нийтэд зориулж ажил хийдэг хүмүүсийн нэг талаасаа үүрэг нь гэж би боддог. Халааснаасаа гаргаад өгөх мөнгө байхгүй ч сэтгэл санааны хувьд өөрчлөлт хийж чадах хүмүүс нь бид нар шүү дээ. Бизнес гэж харах нь харна л биз. Би ямар доллар шиг хүн болгон таалагдах албатай биш.

-Чамайг оддын өвчнөөр өвчилсөн гэж бичиж байсан санагдана?

-Би бол сэтгүүлч. Би тэр дуучид, жүжигчид шиг тийм өвчин тусах шаардлага байхгүй. Гэхдээ дуучин жүжигчид тийм өвчин гэхээсээ зан характер имиж байх ёстой гэж боддог. Сэтгүүлч хүн үзэгчдээсээ тасраад гоё машины цонхны цаанаас амьдралыг хараад байвал яаж үзэгчдийн сэтгэлд хүрсэн нэвтрүүлэг хийх юм бэ. Гэхдээ хүн болгонтой очоод гар барьж инээгээд юм яриад суугаад байж чадахгүй шүү дээ.

-Найз бүсгүй, хувийн амьдралын сонин хачин, төлөвлөгөө юу байна, тодорхой хэмжээгээр олны танил болсон хүний хувийн амьдрал үргэлж л сонирхол татдаг шүү дээ?

-Хайртай хүнээ хүлээж байгаа. Удахгүй над дээр ирэх байх. Цаг хугацааны хувьд жаахан хугацаа хэрэгтэй байна. Төлөвлөгөө бол хамтдаа жаргалтай амьдарна гэж бодож байна. -Охидод чи их таалагддаг юм билээ. Чамд таалагдах гэж оролдох, танилцах санал тавих явдал их байдаг уу? -Тийм юм байдаггүй шүү дээ. Над дээр хүрч ирээд танилцья гэсэн санал нээрээ нэг ч ирж байгаагүй юм байна шүү дээ.

-Ямархуу охид өөрт чинь таалагддаг вэ?

-Энгийн, гаднах үзэмжээсээ илүү дотроосоо, өөрөөрөө гэрэлтдэг бүсгүйчүүд таалагддаг. Гаднах үзэмж бол яахав дээ. Цаг зуурын юм. Сайхан царайг харна, за үнсэнэ, сайхан биеийг тэврэнэ, магадгүй илүү ихийг хийж болно. Тэгээд дараа нь яах вэ. Харин хүний дотоод гоо сайхан бол хэзээ ч шавхагдашгүй байх аа. Гэхдээ нөгөө царайлаг гоё бүсгүйчүүдийг муу хүмүүс гэж хэлээгүй шүү.

-Чи бусад залуусаас арай өөрөөр сэтгэдэг юм шиг санагддаг. Үеийн залуусынхаа талаар шүүмжилмээр, магтмаар зүйл харагддаг биз дээ?

-Бид нар халаасандаа мөнгөгүй ч, уранхай хувцас өмссөн ч залуу нас биднийг гоёж байна. Харин бид залуу насыг яаж гоёх вэ. Залуус зорилгогүй байгаа юм шиг санагддаг. Бидний нэг хандлага байна. Таксины жолооч гэхээрээ ядарсан баагий болж хувирдаг. Талх баригч болохоороо л шоолуулдаг. Гэхдээ хүн болгон Бат шиг талх бариж чаддаггүй юм. Чамайг талхчин гэж шоолж байхад тэр Батын амьдрал нүдэн дээр чинь дээшилж байна. Өдөржин таксины жолооч хийгээд үз дээ. Таксины жолоочийг голдог залуус л лав хийж чадахгүй дээ.

Тэгтэл тэр таксины жолооч хувьдаа хоёр аксенттэй байна шүү дээ. Хүн бүр чаддаг зүйлээ хийж, нүүрэн дэх худлаа багаа тайлмаар санагддаг. Тэгсэн мөртлөө бусдыг шоолдог ажил голдог залуу ямар мундаг гутал засдаг бол. Ганцхан тэр гуталчин гэж хэлүүлэхээс л ичиж байгаа. Гэтэл талхчинд, таксины жолооч бидэнд сайн гуталчин хэрэгтэй байна шүү дээ. Харин тийм хүнээс залуу нас нь ичдэг байх аа.

-Чиний нэвтрүүлгийг үзэж байхад ухаалаг залуу шиг санагддаг. Амьдрал дээр нэвтрүүлэгтээ ярьдаг шигээ байдаг уу, эсвэл арай өөр үү? жишээ нь архи уудаг хүнийг чи шүүмжилдэг, өөрөө архи уухгүй байж чаддаг уу?

-Би байгаа зүйлийг бодитоор нь гаргахыг л зорьдог. Үзэгчид өөрсдөө дүгнэлтээ хийх ёстой. Би архи уухгүй байж чадна. Хааяа найзуудтайгаа шар айраг уудаг. Архинд буруу өгөхөөсөө өмнө өөртөө бурууг өгөх хэрэгтэй. Архи бол лангуун дээр байдаг зүйл. Хамгийн амархан олдох зүйл бол архи. Гэхдээ тэр бол найзаа болгох зүйл биш. Бидний нүдэн дээр зөндөө л бодит түүх байна. Би тийм муухай амьдармааргүй байна. Би бусдад тус болдоггүй юмаа гэхэд гай болж амьдрахыг хүсдэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *